Амьд хонь 83,2 мянган төгрөгөөр арилжжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Амьд хонь 83,2 мянган төгрөгөөр арилжжээ

Хөдөө аж ахуйн бирж анх удаа мах бэлтгэлийн зориулалтын мал арилжих анхны туршилтын арилжаагаа Баянхонгор аймгийн төвд зохион байгууллаа. 285 дахь удаагийн эл арилжаа цахим хэлбэрээр явсанаараа онцлог бөгөөд харилцагчид газар дээр нь үйл явцыг харж, захиалга өгч оролцсон юм. Малчид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч "Хонгорын таван эрдэнийн хишиг" компаниар дамжуулан захиалга өгсөн. Энэ удаагийн арилжаа нь малыг амьдын жингийн 1 кг тутамд үнэ өгөх замаар эхэлсэн юм. Ингээд эл арилжааны явцад 12 толгой нас гүйцсэн эм хонь амьдын жингийн 1 кг тутам нь 1850 төгрөгөөр арилжигдсан юм. Өөрөөр хэлбэл, арилжаанд орсон нэг хонь дунджаар 83250 төгрөгийн үнэтэй байв. Туршилтын гэдэг утгаараа цаашдаа засч боловсронгуй болгох зүйл багагүй байгааг зохион байгуулагчид тэмдэглэж байлаа.

Хөдөө аж ахуйн бирж нь энэ онд багтаан брокерын компани бүхий 16 аймгаас харилцагчийн захиалгын бүртгэл бүрдүүлэхээр болсон байна. Ингэснээр 330 сумын малчид хөдөө аж ахуйн дундын хоршоогоо байгуулан тус биржээс тавьж байгаа шалгуурыг хангасан тохиолдолд ирэх онд багтаж биржийн арилжааны цахим сүлжээнд холбогдох боломжтой болох аж. Дашрамд, тус биржийнхэн энэ сарын 13-ны байдлаар 159 удаа арилжаа зохион байгуулж 6 497 тонн хонины ноос 11.7 тэрбум төгрөгөөр, 1 018.2 тонн тэмээний ноос 5.2 тэрбум төгрөгөөр, 6 016.1 тонн ноолуур 479.9 тэрбум төгрөгөөр,12 535 тонн тосны ургамал 9.9 тэрбум төгрөгөөр, 1 100.4 тонн ямааны завод ноос 27.4 тэрбум төгрөгөөр, 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос  1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь нэг сая төгрөгөөр тус тус арилжжээ. Нийт 535.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж