Төрийн ордны Их танхимд 17.00 цагт зарлагдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны бэлтгэл үндсэндээ хангагдаад байна. Уг хуралдаанаар шинэ Ерөнхий сайдыг тодруулах учиртай.
Хоёр хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бол Хяналтын хорооноос няцааж, хууль бус шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Ардчилсан намын Хяналтын хорооны бүрэн эрхийн хугацаа дууссан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийнх нь шийдвэр илүү үнэ цэнэтэй тусна гэж зөвтгөх хэсэг ч байна.
Ямартай ч энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан нэлээн ширүүн уур амьсгалд өрнөх төдийгүй дахин хоёр нэр дэвшигч Ерөнхий сайдад өрсөлдөх нь нэгэнтээ тодорхой боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын эсрэг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг, харин “Нэг ардчилал”-ынхны зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг сойхоор тус тус бэлтгэлээ хангажээ. Ингэхдээ сайд Л.Гантөмөрийг заалнаас нэр дэвшүүлэх юм байна. Түүний ард өнгөрсөн өдрүүдэд н.Мөнхбатаар удирдуулсан Монголын Залуучуудын холбоо ажилласан тухай мэдээлэл байна. Гэхдээ энэ удаад санал хуваах зорилго агуулсан байж болзошгүй аж. Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэ гэдэг ядаж л шинээр байгуулагдах Засгийн газартаа сайдаар дахин үлдэх боломж олгоно, нөгөө талдаа УИХ-ын сонгууль дөхсөн жилүүдэд үүн шиг алтан боломж сайд Л.Гантөмөрийн хувьд дахин олдох нь юу л бол гэх. Мөн тэрээр Шинэчлэлийн Засгийн газар танхимаараа унасны дараахан болсон бүлгийнхээ хурал дээр “Боловсролын салбарт хийх ажил асар их бий, үүнийгээ би өөрийн гараар үргэлжлүүлмээр байна” гэдгээ ил тод хэлсэн нь бий. Тиймээс Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхэд алдах юм үгүй.
“Алтан гадас- фракцийнхны хувьд ч мөчөөгөө өгсөнгүй, бүхий л хүчээ шавхан албан тушаалуудыг бусад фракцидаа амласан гэх “бор шувуу” нисэж байна. Хоёр жил гаруйн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлсэн түүний хувьд Ерөнхий сайдыг өөрийн фракциас гаргах нь эцсийнх нь зорилго байх нь зөв боловч сайд Ч.Сайханбилэг “шок-оос улсаа гаргаж чадах уу гэдэг эргэлзээтэйг улстөрчид сануулж буй. Төрийн хүнд суртлыг багасгахаас эхлээд олон ажил түүний нэрээр “овоглогддог” ч одоо түүнийг ташуурдаад, ташуурдаад “Шинэ зүйл хийнэ” гэхэд хэцүү тухай сануулах нэгэн байна. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намыг залуу улстөрчөө дэмжиж, шинэ хүн гаргах цаг болсныг онцлох улстөрчид цөөнгүй. Гэвч Ч.Сайханбилэг сайдын хувьд УИХ-ын дарга З.Энхболдоос хоёр л насаар дүү тул “Залуу хүн” гэж тодотгоход бэрх аж.
Тэгвэл Н.Алтанхуягийн танхимыг унагах ажлыг гардсан гэх УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд Р.Амаржаргал гишүүний ар талыг хариуцаж, МоАХ-оо хөдөлгөж буй юм байна. “Шонхор” тэдэнд дэм болно. МҮДН фракци Р.Амаржаргал гишүүнийг дэмжиж таарна. Гэхдээ ҮЗХ-ны гишүүд дундаа “Алтан гадас”-ынхны кноп бусдаасаа хамгийн олонхи. Энэ тохиолдолд Ерөнхий сайдад өрсөлдөгчдийн дунд ширүүн “тулалдаан” болж мэдэхээр байна.
Бас нэг сонирхолтой гаргалгаа нь, “Алтан гадас” хүнээ гаргах боломжгүй болбол Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг эсэргүүцэж, хууль бус хэмээн маргаан дэгдээж болзошгүй аж. Гэвч гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг, Хяналтын хорооноосоо эхлээд, Үндэсний зөвлөлдөх хороо нь хүртэл чадамжтай юу гэдэг асуудал хөндөгдөж мэдэх юм байна.
Энэ тохиолдолд асуудал хүндэрч, эцсийн дүндээ Үндсэн хуулийн цэцэд хандахад, Ардчилсан намын ҮЗХ-ны шийдвэр буруудаж таарна. Учир нь намын эрх ашиг улс орны эрх ашгаас дээгүүр тавигдах ёсгүй. Эцсийн дүндээ Ерөнхий сайдыг УИХ-аас томилно, түүгээр хөөж үзвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг няцаах эрх АН-д байхгүй болж таарч буй юм.
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Г.ДАРЬ