Хөлбөмбөг үзээд баяр баясгаланг мэдэрч болно, гайхшрал, бахдал, омогшил, уур хилэн, тунирхал гээд хүний сэтгэхүй, оюун ухаанаас гарч болох олон мэдрэмжийг мэдэрч болно. Харин Стамбулын Ататюркийн нэрэмжит цэнгэлдэхэд 2005 оны зун болсон тэр үйл явдал энэ бүхнийг давсан юм аа. Би Миланист биш, Копайт ч биш гэхдээ хөлбөмбөгийн фанат. Тийм ч учраас энэ тоглолтын дараа олон зуун сая фанатуудын нэгэн адилаар хөлбөмбөг гээч гайхамшгийг бидэнд өгсөн бурханд талархан гэрийн зүг алхаж байснаа тод санаж байна. Урьд өмнө нь хөлбөмбөгийн төлөө ингэж талархаж байгаагүй ээ! Тиймээс энэхүү дурсамжийг www.facebook.com/amarsaikhan.enkhboldbaatar-с хүргэж байна.
Стамбул 2005… одоо ч гэсэн гар салганаж, хоолойгоор шүлс давахгүй сонин болж байна. Тэр бол гайхамшиг байсан. Юм гэдэг сонин, тэр жилийн Ав. Лигийн шигшээд Ливерпуль яаж хүрснийг дурьдвал маш их хугацаа орно, шөвгийн 16-гаас эхлээд л бужигнасан. Харин энэ бүхэн бүр эрт эхэлсэн билээ. Хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтонд Стивен Жеррард Олимпиакосын хаалганд тэр галзуу гоолоо оруулаагүй бол Ливерпуль Стамбулыг зорих нь битгий хэл хэсгээсээ ч гарахгүй байсан шүү дээ! Энфильд Роудад You will never walk alone –ыгоо дуулсны дараа зочин баг Олимпиакосын Ривалдогийн гоолыг харж Улаанууд хүнд байдалд орсон юм. Одоо Улаануудад хожлын 3 гоол хэрэгтэй болжээ. Дээрээс нь дахиж гоол алдахгүй гэсэн нөхцөлтэйгөөр шүү! Олимпиакосын талбай дээр 1:0-ээр хожигдсон болхоор одоо 2:1-ээр хожлоо гэхэд айлын талбай дээр оруулсан гоолоор Грекийн баг гарах гээд байсан хэрэг. Тэгхээр “3:1” л хэрэгтэй. Ингээд буландуулсан Ливерпулийн “11” тэмцэлдээ гарлаа. Синама Понголийн гоолыг бүгд хүлээж байсан. Меллорын гоол харин загатнасан газар майжсан шүү. Одоо ганцхан гоол. Цаг дуусах дөхөөд байдаг, 8 дугаартай талбай дээрх нэгэн амьд домог цохьмоор байдаг. Бөмбөг ирдэггүй ээ. Гараараа далаллаа, ирсэнгүй ээ. Түүний мөрөөдлийн байрлал, хаалганаас 20-25 метр орчим зай. Өөрийнх нь ойролцоох хайрцаганд хамгаалагч алга. Дамжуулалт түүнрүү биш 16-руу орсон гэхдээ Меллор ахлагчдаа засаад өглөө. “Ингээд л өгчихөөчдээ!!” гэж уурлан уурлан заналтайгаар цохиж байгаа юм шиг л санагдсан. Энэ бол тоглолтын 86 минут байлаа. Ингэж гоолын зөрүү тоолон байж хэсгээсээ 2-оор гарсан баг хожим нь Стамбулын халууныг зорьсон түүхтэй.
Стамбулын халуун гэж нэрлэсэн хэд хэдэн шалтгаан байна. Туркийн талбай дээр болж буй тоглолтууд тэндхийн галзуу фанатуудын ачаар халуухан уур амьсгал бүрдүүлж чаддаг учраас, мөн энэ удаад Чөтгөрийн гал халуун уриатай Миланы эсрэг Ливерпулийн улаанууд гээд л энэ тоглолт анхнаасаа л халуун байсан. Гэхдээ тоглолтын туршид бий болсон тэр халууны хажууд энэ бүхэн хумхын тоос байсан байх аа. Мэдээж хөлбөмбөг л болсон хойно олуулаа үзнэ, шар айраг сөгнөнө, мөрий бооцоо тавина. Хөлбөмбөгийн мэдлэг тааруухан ч шигшээ тоглолт гэдэг утгаар нь үзмээр байна гэсэн найзтайгаа нэгэн пабыг зорьлоо тэр шөнө. Барих уу гэж байна, би ойлгомжтой тоглолтон дээр барихгүй ээ гэлээ. Энэ л мань эрийн хор шарыг хөдөлгөсөн байх гэж боддог. Юу нь ойлгомжтой гэж гэхээр нь Милан хожих магадлал их гэлээ. Би тэгвэл Ливерпуль гэж байна. За яахав баръя…
Тоглолтын өмнө энэ тоглолтыг Миланыхан чухам л Паоло Малдинигийн гайхамшигт спортын замналын төгсгөлд нь зориулж буй мэт л их юм ярьж байлаа. Италийн сонинуудыг ярих юм биш. Малдинид сөгд, Малдини энэ өдөр хаалтаа яаж хийх бол гээд л… Гэтэл юу вэ, Пирлогийн дамжуулалтаар Малдини тоог эхний минутанд нээчихлээ гэж. Ежи Дудекийн аргаа барсан царай, ингэж сул цохиулаад байх даа яадаг юм бэ л гээд байх шиг. Тоглолт ингэж эхлэх байсан гэж үү? За муу фанат биш найзыгаа шулаад яахав дээ гээд одоо ойлгомжтой болсон, одоо Итали хамгаална, сөрнө тэгээд бүр олон гоолоор хожих юм байна харж л байгаарай гэлээ. Гэтэл найз маань бооцоогоо өсгөе гэж байна. Эхэндээ миний инээд хүрсэн, барихгүй гэж үзээд барсангүй, нөхөр хатгаад л байна. Тийм л итгэлтэй байгаа бол барьчаач л гээд байна. Сүүлдээ уур ч хүрэх шиг, тэр ч би ч. Тэгээд байхаар нь 2 авдар гэснээр нь барьчихлаа. Милан 2 л сөрсөн, Шева дамжуулж дараа нь Кака дамжуулж Аргентин эр гоолын баяраа хоёр удаа тэмдэглэсэн. 39 мин Креспо гоол, 44 мин Креспо гоол. 3:0. За би чамаас 2 авдар авахгүй ээ. 0.5-аар 2-ыг л авъя гэхэд ягшт гэж авдаг юм даа! Хожиж болдог юм байгаа биздээ гэж уурсангуй асууж байсныг нь санаж байна.
Тэр үед Ливерпульд юу байсан бэ гэвэл сэтгэлийн дуудлага байсан, Жеррард ид дээрээ байсан, Бенитезийн тактик, хамгаалалт галзуу байсан. Баг байсан. Хувь тавьлан байсан. Энэ л хамгийн хүчтэй нь байсан юм болов уу, хэсгээсээ яаж гарсан, Челсигийн хаалганд ордог будилаантай гоол гээд л ямар зам туулж энд ирэв?
Миланд юу байсан? Бүх юм байсан. Арга туршлагатай дасгалжуулагч Анчелотти байна, хамгаалалт гэвэл Неста, Малдини дээр Кафу, Стаам. Хангалттай байлгүй. Дунд Пирло байна, Зийдорф байна, Кака байна. Бичхээс бүр хүндлэл мэдрэгдээд байх. Урд Шевченко, Креспо. Бөхөөр бол Өсөхбаяр аварга нэг аймгийн цолтой бөхийг барьц сонгоод дээрээ гаргаад ирлээ л гэсэн үг. Ямар ухаан мэдрэл хүн тэр гэдийгээд яаж аяархан унахаа бодож буй хүүг давна гэх вэ?? Хувцас солих өрөөнд Стивен Жеррард хэлсэн байна. “Тэр холоос биднийг дагаж энд ирсэн фанатуудынхаа төлөө л тоглоё. Бид тэдний төлөө гоолдоно шүү” гэж бусдыгаа зоригжуулсан. Үнэндээ боломжгүй зүйлд нөхдөө уриалж байснаа Стиви өөрөө мэдэж байсан гэх. Гэхдээ л тэр бол жинхэнэ ахлагч мөн. 54 минутанд түүнийг мөргөхөд Дида ёстой л бөмбөгний чиглэлийг хараад гадаа гархыг нь харсан даа. Тэр нь гадаа биш торонд, хаалганд нь орсон юм. Одоо л жинхэнэ ахлагчийн чанар, үнэн гарна. Ливерпулийн 8 дугаарт фанатуудыгаа босгосон, орилолдуулсан, ингэж талбай дээр сүнс нь зайлчихсан 10 найзынхаа сүнсийг эргүүлж оруулна гэдгээ мэдэж байсан хэрэг. Милан бол тогтворжуулахаа л бодож байсан байх. Рафаэль Бенитезийн арга барил байдаг. Гоол алдах л юм бол бөмбөг дундаас гаргангуут сэтгэл нь хөөрсөн, хөөрөл нь буугаагүй байгаа эсрэг багийнхныг дарамтал, наалд, шах, алдаа гарга, намжуул, газар дээр буулга гэж. Энийгээ гаргууд хэрэгжүүлдэг хүн л дээ. Тэгвэл эсрэг байдалд байхдаа бас яахаа тооцоолсон мэргэжилтэн гэдэг нь ГАРЦААГҮЙ. Милан барих гэж оролдсон харин Улаанууд баригдаагүй, тэр хүсэл эрмэлзлийг нь дайраад л гарсан. Чехийн хослол асуудлыг шийдэж болно, Шмицер 25 орчим метрээс шууд хаалгаруу цохьлоо, замд нь нутаг нэгт Милан Барош 16 дотор зогсч байсан ч бөмбөгийг хаалгаруу саадгүй чиглүүлхээр зам тавьж өөрөө зайллаа, гэхдээ дутуу зайлсан уу бөмбөг түүний өвдгийг шүргээд чиглэлээ бага ч гэсэн өөрчилсөн. Энийг Дида хааж чадаагүй. 56 минутанд тооны харьцаа 3:2 болох нь тэрээ. Одоо улангассан бухыг хэн ч зогсоож чадахгүй, Миланы “11” талбай дээр төөрчихсөн хүүхдүүд шиг л байсан. Ёстой бөмбөг хөлөн дээр нь ирсэн бол хааша ч хамаагүй цөлөх л тактиктай байсан ч энэ боломжыг нь олгоогүй улайран дайрсан гээд боддоо. Цэнгэлдхийн уур амьсгалыг ярих юм биш, үнэхээр Чөтгөрийн халууныг Миланы сүр хүчит Чөтгөрийн дүрслэлд өөрт нь өг байлаа. Нэг мэдхэд л бөмбөг Миланы 16-гын гадна, нэг мэдхэд л тэр хавд л бужигнаж байна. Энэ хөлбөмбөг юм уу дундад зууны үеийн дайн тулааны үеийн нүсэр их үймээн үү?? Талбай дээр улаанаар эргэлдэж, цэнгэлдэхийн улаан хэсэг нь гэртээ байгаа юм шиг л хоолой мэдэн орилж хашгирч… Үгээр илэрхийлэшгүй 6 минут. Шүүгч тоглолтын 60 дахь минутанд 16-д орж ирэхэд нь Жеррард дээр гаргасан Гатузогийн алдаан дээр “11”-ийг заалаа! Ливерпуль галзуурч байна. Бөмбөгөн дээр Испани эр Шави Алонзо очлоо. Энэ л боломж шүү. Сагсаар бол Миланыхан аль хэдийнэ хэд хэдэн завсарлага аваад сэхэл орчихсон, юу болоод байгааг ойлгочих байсан байх. Энэ бол хөлбөмбөг. Чи цаг дуустал бүх хүчээ талбай дээр гаргахаас өөр арга байхгүй. Чадахгүй бол чамайг дайрна, чи тэмцэх ёстой, бусадтайгаа хамт. Хохирогч, ахлагч өөрөө цохиогүй, тэр энэ тоглолтонд ер нь л дутуу бэлтгэлтэй орсон. Тиймээс ч эрхийг өөр хүнд өгсөн. Алонзогийн зүүн доод буланд цохисныг Дида гайхалтай мэдрэмжээр хаах нь тэр ээ! Яг энэ үед бүгдийн зүрх зогссон, одоо зүрх амаараа гарах уу эсвэл баяр хөөрийн тэсрэлт болох уу?? Хаасан бөмбөг Алонзогийн өмнө ирлээ, ингээд хаа л даа Дидаааа!!!!! Хаалганы дээд торлуу хүч мэдэн цохисон бөмбөгийг Дида хаалаа гэж бодоход гартай нь орох байсан биз! Алонзо тийм л хүчтэй хуссан! 3:3. Итгэмээргүй, итгэмээргүй, итгэмээргүй!!! Юу болоод байгааг ойлгох гэж ядаж байхад, тайван хэсэг бодох шаардлага нэг гардаг даа? Тийм л байсан. Харин энд тэндгүй үсэрч харайлдсан, орилолдсон олон ийм боломжыг олгоогүй ээ. Энэ өдөр дэлхий 2 хуваагдчихсан байсан болхоор надтай адил мэдрэмжийг 200 сая хүн хаа нэгтээ мэдэрсэн хэрэг. Нөгөө 200 сая нь үнэхээр азтай юм, атаархаж байна. Би энэ өдөр Копайт байгаагүй дээ харамссан, үнэхээр. Миланыг дэмжиж байсан нөхдүүдийн нүүрэнд үхмэл инээд л байсан. Энэ чинь хөлбөмбөг хөөе! гээд бурхан амнаас нь хоёр тийш нь татсан хэрэг. Дахиад л асууя, яг юу болсон бэ?? Ийм юм байдаг юм уу?? Италийн агуу баг, хамгаалалтын мэргэжилтнүүдийн хамгийн том төлөөлөл, хамгийн сайн тамирчидтайгаа ирээд 6 минутанд 3 гоол алдаж байх юм. 45 минутанд арга ухаан, авъяас чадвараа шавхан байж оруулсан 3 гоол гоолыг 6 минутын улаан шуурга үгүй хийчихлээ. Одоо Ливерпуль ч тэр Милан ч түр амсхийлээ. Улаанууд өөрсдөө газар дээр буусан. Юманд хэмжээ хязгаар гэж байна, аманд ороод ирсэн шар тосыг одоо л унагаачихгүй юм шүү, ухаантай байна шүү найзуу даа! Эхний 45-д гаргасан алдаанууд байхгүй шүү!!! Тоглолт дахиад эхэлж байна. Гэхдээ хэн хэнд нь одоо айдас тоглолт эхлэхээс өмнө байснаас 1000 дахин их учраас. Яагаад гэхээр юу юугүй л тоглолтын цаг дуусах учраас. Миланы одод ухаан санаа нь сэргэсэн мөч нэмэлт цагт болж Шевченкогийн толгой дээр бөмбөг ирлээ. Хүчтэй ч мөргөсөн дөө харин Дудек хаачихлаа. Яг Ливерпуль тэнцүүлж байхад харагдсан дүр зураг. Энэ удаад Дудек бөмбөгийг урдаа алдчихлаа Шева ч улангасаад л ороод ирсэн. Май!!! Дудек хааж байна!!! Юу вэ энэ чинь одоо?!! Ийм ойроос, ийм цохилтыг хааж болдог юм байж ээ??? Украйн эр даан ч Алонзо шиг торны дээд талруу цохьсонгүй дээ. Энэ боломж Миланыхны зүрхэнд хүйтнээр, чанга тодоор ХОХЬ ЧИНЬ, ЗАЯА ЧИНЬ ДЭЭ!!! Гэж орилсон болов уу гэж боддог. Ийм тохиолдол байдаг үнэхээр. Май гээд эелдэгхэн нь аргагүй өгч байгаа бэлгийг авч чадалгүй салгалаад газар усанд унагаачихвал та яах вэ? Ийм юм болсны дараа сэтгэл зүй мөхдөг, хүч алддаг, гутардаг, гутрахгүй байхыг хичээдэг. Ингээд дурсамжит торгуулийн цохилтын ээлж ирлээ. Милан сэргэх гэж их л хичээж байлаа. Гэсэн ч тэднийг тавласан хүн нь Улаануудын хаалганы 2 шонгийн хооронд зогсч байсан Польш эр. Түүнийг ингэж бүчиглэнэ гэж хэн мэддэг байлаа? Тэр яагаад байна? Идэвхи гэж галзуу, тэр хэрээр дарамт үүснэ. Шевагийн 2 метрийн ойроос цохиод оруулаагүйн дараа Дудек сэтгэлзүйгээр түүний дээр байгаагаа мэдэрсэн. Энийгээ ашигласан. Шева шийдвэрлэх цохилтыг гүйцэтгэхээр ирхэд Дудек бөмбөгийг нь байрлуулж өгсөн, түүний өөдөөс харсан, инээгээд л байсан. Уруулаа яг хэдэн минутын өмнөх баттай гэсэн цохилтыг нь хаасныхаа дараа долоодог шигээ долоолоо. Тэр итгэлтэй байна, даажигнаж байна, Шеваг тэнцвэр алдагдуулхыг хичээж байна. Шева цохьсон… Дудекийн хаах итгэл, хүсэл тачаал нь энэ мөчид ямар их байсан бэ? Зүүн доодруу үсэрчихсэн ч гар хөл нь агаар дээр чиглэлээ өөрчилж Шевагийн бөмбөгөнд үлдэж хааж байна. Тэр үнэхээр загас усандаа байгаа юм шиг л агаарт тийм л чөлөөтэй, итгэлтэй хөдөлгөөн хийсэн. Түүний бүжгийг бид энд хийгээгүй л дээ харин Милан хотын баарнуудад Интерийн фанатууд Миланаар даажигнаж Дудекийн хаахдаа хийдэг хөдөлгөөнөөр бүжиг зохиочихсон байсан гээд боддоо?!! Нөгөө Макаренаг нэг хэсэг цугаараа бүжиглэдэг байсан шиг л гэж л ойлгоод байгаа. Ливерпуль тэнгэр дээр гарлаа. Ав. Лигийн Цом. Хүсэл мөрөөдлийн Цомыг ингэж авхаас өөр яах ёстой вэ? 1980-аад онд ЛИверпуль үнэхээр Европдоо галзуу байсан. Тэр үеэс хойш харин мартагдах хугацаа өнгөрсний дараа 2005 онд эргээд өөрийн тэмцээний оргилд гарлаа. Болдог бол энэ Цомыг яг энэ жилийнхийг нь өөр нэрээр өгчихмөөр. Тэр өдөр нойр хүрэлгүй ажилдаа очоод энэ тоглолтын мэдээг “Энэ өдөр хөлбөмбөг яллаа!!” гэж дуусгаж байснаа санаж байна. Зүгээр ч нэг хожил ялалт биш, үе үеийн шигшээ тоглолтуудаас том ялгаатай байсан учраас, бусад ямар нэгэн тоглолттой зүйрлүүлэх утгагүй байсан учраас хөлбөмгбөгтэй нь өөртэй нь зүйрлүүлсэн ухаантай. Ингэж 2 авдар шар айргийг маш баяртайгаар алдаж билээ. Хожигдсон би тэгж байярлаж байхад хожсон тэдний баяр хөөрийг, Стамбул гэнгүүд нүд нь гялалздаг тэр олон Копайтуудын тэр өдрийн баяр хөөрийг би хэмжишгүй ээ. Тйим ээ, хөлбөмбөг агуу юм. Тэр мандтугай. Ливерпулийн тэр л “11” мандтугай!!!
Эх сурвалж: www.facebook.com/amarsaikhan.enkhboldbaatar