Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг үзээд баяр баясгаланг мэдэрч болно, гайхшрал, бахдал, омогшил, уур хилэн, тунирхал гээд хүний сэтгэхүй, оюун ухаанаас гарч болох олон мэдрэмжийг мэдэрч болно. Харин Стамбулын Ататюркийн нэрэмжит цэнгэлдэхэд 2005 оны зун болсон тэр үйл явдал энэ бүхнийг давсан юм аа. Би Миланист биш, Копайт ч биш гэхдээ хөлбөмбөгийн фанат. Тийм ч учраас энэ тоглолтын дараа олон зуун сая фанатуудын нэгэн адилаар хөлбөмбөг гээч гайхамшгийг бидэнд өгсөн бурханд талархан гэрийн зүг алхаж байснаа тод санаж байна. Урьд өмнө нь хөлбөмбөгийн төлөө ингэж талархаж байгаагүй ээ!

Стамбул 2005… одоо ч гэсэн гар салганаж, хоолойгоор шүлс давахгүй сонин болж байна. Тэр бол гайхамшиг байсан. Юм гэдэг сонин, тэр жилийн Ав. Лигийн шигшээд Ливерпуль яаж хүрснийг дурьдвал маш их хугацаа орно, шөвгийн 16-гаас эхлээд л бужигнасан. Харин энэ бүхэн бүр эрт эхэлсэн билээ. Хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтонд Стивен Жеррард Олимпиакосын хаалганд тэр галзуу гоолоо оруулаагүй бол Ливерпуль Стамбулыг зорих нь битгий хэл хэсгээсээ ч гарахгүй байсан шүү дээ! Энфильд Роудад You will never walk alone –ыгоо дуулсны дараа зочин баг Олимпиакосын Ривалдогийн гоолыг харж Улаанууд хүнд байдалд орсон юм. Одоо Улаануудад хожлын 3 гоол хэрэгтэй болжээ. Дээрээс нь дахиж гоол алдахгүй гэсэн нөхцөлтэйгөөр шүү! Олимпиакосын талбай дээр 1:0-ээр хожигдсон болхоор одоо 2:1-ээр хожлоо гэхэд айлын талбай дээр оруулсан гоолоор Грекийн баг гарах гээд байсан хэрэг. Тэгхээр “3:1” л хэрэгтэй. Ингээд буландуулсан Ливерпулийн “11” тэмцэлдээ гарлаа. Синама Понголийн гоолыг бүгд хүлээж байсан. Меллорын гоол харин загатнасан газар майжсан шүү. Одоо ганцхан гоол. Цаг дуусах дөхөөд байдаг, 8 дугаартай талбай дээрх нэгэн амьд домог цохьмоор байдаг. Бөмбөг ирдэггүй ээ. Гараараа далаллаа, ирсэнгүй ээ. Түүний мөрөөдлийн байрлал, хаалганаас 20-25 метр орчим зай. Өөрийнх нь ойролцоох хайрцаганд хамгаалагч алга. Дамжуулалт түүнрүү биш 16-руу орсон гэхдээ Меллор ахлагчдаа засаад өглөө. “Ингээд л өгчихөөчдээ!!” гэж уурлан уурлан заналтайгаар цохиж байгаа юм шиг л санагдсан. Энэ бол тоглолтын 86 минут байлаа. Ингэж гоолын зөрүү тоолон байж хэсгээсээ 2-оор гарсан баг хожим нь Стамбулын халууныг зорьсон түүхтэй.

Стамбулын халуун гэж нэрлэсэн хэд хэдэн шалтгаан байна. Туркийн талбай дээр болж буй тоглолтууд тэндхийн галзуу фанатуудын ачаар халуухан уур амьсгал бүрдүүлж чаддаг учраас, мөн энэ удаад Чөтгөрийн гал халуун уриатай Миланы эсрэг Ливерпулийн улаанууд гээд л энэ тоглолт анхнаасаа л халуун байсан. Гэхдээ тоглолтын туршид бий болсон тэр халууны хажууд энэ бүхэн хумхын тоос байсан байх аа. Мэдээж хөлбөмбөг л болсон хойно олуулаа үзнэ, шар айраг сөгнөнө, мөрий бооцоо тавина. Хөлбөмбөгийн мэдлэг тааруухан ч шигшээ тоглолт гэдэг утгаар нь үзмээр байна гэсэн найзтайгаа нэгэн пабыг зорьлоо тэр шөнө. Барих уу гэж байна, би ойлгомжтой тоглолтон дээр барихгүй ээ гэлээ. Энэ л мань эрийн хор шарыг хөдөлгөсөн байх гэж боддог. Юу нь ойлгомжтой гэж гэхээр нь Милан хожих магадлал их гэлээ. Би тэгвэл Ливерпуль гэж байна. За яахав баръя…

Тоглолтын өмнө энэ тоглолтыг Миланыхан чухам л Паоло Малдинигийн гайхамшигт спортын замналын төгсгөлд нь зориулж буй мэт л их юм ярьж байлаа. Италийн сонинуудыг ярих юм биш. Малдинид сөгд, Малдини энэ өдөр хаалтаа яаж хийх бол гээд л… Гэтэл юу вэ, Пирлогийн дамжуулалтаар Малдини тоог эхний минутанд нээчихлээ гэж. Ежи Дудекийн аргаа барсан царай, ингэж сул цохиулаад байх даа яадаг юм бэ л гээд байх шиг. Тоглолт ингэж эхлэх байсан гэж үү? За муу фанат биш найзыгаа шулаад яахав дээ гээд одоо ойлгомжтой болсон, одоо Итали хамгаална, сөрнө тэгээд бүр олон гоолоор хожих юм байна харж л байгаарай гэлээ. Гэтэл найз маань бооцоогоо өсгөе гэж байна. Эхэндээ миний инээд хүрсэн, барихгүй гэж үзээд барсангүй, нөхөр хатгаад л байна. Тийм л итгэлтэй байгаа бол барьчаач л гээд байна. Сүүлдээ уур ч хүрэх шиг, тэр ч би ч. Тэгээд байхаар нь 2 авдар гэснээр нь барьчихлаа. Милан 2 л сөрсөн, Шева дамжуулж дараа нь Кака дамжуулж Аргентин эр гоолын баяраа хоёр удаа тэмдэглэсэн. 39 мин Креспо гоол, 44 мин Креспо гоол. 3:0. За би чамаас 2 авдар авахгүй ээ. 0.5-аар 2-ыг л авъя гэхэд ягшт гэж авдаг юм даа! Хожиж болдог юм байгаа биздээ гэж уурсангуй асууж байсныг нь санаж байна. 


Тэр үед Ливерпульд юу байсан бэ гэвэл сэтгэлийн дуудлага байсан, Жеррард ид дээрээ байсан, Бенитезийн тактик, хамгаалалт галзуу байсан. Баг байсан. Хувь тавьлан байсан. Энэ л хамгийн хүчтэй нь байсан юм болов уу, хэсгээсээ яаж гарсан, Челсигийн хаалганд ордог будилаантай гоол гээд л ямар зам туулж энд ирэв?

 

Үргэлжлэлийг www.facebook.com/amarsaikhan.enkhboldbaatar-с уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж