ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг гүтгэгчдийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг гүтгэгчдийг шалгуулна

Зам, тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газар, мэргэжилтнүүдийг ямар ч хамаагүй асуудлаар буруутгах, ажлыг нь харлуулах хүсэл хэн нэгэнд байдаг бололтой. Хэн гэдэг нь ч тодорхой. Ямар сонин дээр ганцхан энэ талаар бичээд байдаг нь ч олонд ил. Хуучнаар Авто тээврийн газар, одоогийнхоор “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын хийдэг байсан авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн ажлыг Зам, тээврийн яаманд харьяалуулснаас болж ашиг сонирхлын зөрчил, эрх ашиг нь хөндөгдсөн зарим нэг хүний гаргаж байгаа увайгүй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа улсын ажлыг хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийн ажлыг харлуулж, хууль бус болгож харагдуулахын тулд үндэслэлгүй гүтгэлэг тараах, орон нутгийн нийтийн тээврийн компаниудыг салбарын яамных нь эсрэг турхирах, жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр оролдсоор байгаа нь нууц биш. Гүтгэлэг, доромжлол бүрийн өөдөөс тайлбар бичээд суух зав энэ яамныханд байхгүй ч энэ удаа тайлбар өгөхөөс аргагүйд хүрсэн байна. Олныг үл нуршин хамгийн сүүлд өдөр тутмын нэгэн сонины тэргүүн нүүрт 2 өдөр дараалан нийтлэгдсэн “Зам тээврийн яамны байцаагч нар машины он зассан хэрэгт холбогджээ”, “Зам тээврийн яамныхан автомашины оныг доод тал нь 2-3 жилээр ахиулдаг байжээ” гарчиг бүхий нийтлэлүүдэд доорхи хариу тайлбарыг өгч, үндэслэлгүй мэдээлэл тарааж, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл нийтэлсэн “Өглөөний сонин”, shuurhai.mn сайтыг хууль хяналтын байгууллагад өгөхөөр болжээ.

Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнүүдээс тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн болон импортоор орж ирсэн оныг зассан зөрчил гаргасан талаар аль нэг хуулийн байгууллагад шалгагдаагүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас мэргэжилтнүүдийг шалгаж байгаагүй атал дээрх сонин, сайт хууль зөрчсөн, луйвар хийсэн хэмээн нотлохыг оролдсон байна. Тус яамныхан харин ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Замын цагдаагийн газраас шилжиж ирсэн архивын бичиг баримтыг үндэслэн нийт 92999 тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй байсныг бүртгэлийн сүлжээнд нөхөн бүртгэж, тээврийн хэрэгслийн статистик судалгааг гаргах боломжтой болгожээ. Давхар цахим бүртгэлийн ажлыг ч хийсэн гэж байгаа. Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 97,58 хувийг зохих журмын дагуу бүртгэлд хамруулсан бөгөөд энэ ажлыг хийхэд тийм ч амар хялбар байгаагүй гэдгийг мэргэжилтнүүд нь хэлдэг.

Түүнчлэн сонин, сайтад “6330 УНИ, 5510 УНД, 5976 УНД, 3880 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2013 оны 11 дүгээр сарын 11-нд орж ирсэн болгож зассан” хэмээн бичжээ.  Гэтэл дээрх тээврийн хэрэгслүүд нь гаалийн хууль тогтоомж зөрчиж, улсын орлого болсон тээврийн хэрэгслүүд бөгөөд Гаалийн ерөнхий газраас ЗТЯ-нд ирүүлсэн албан тоотод тус тээврийн хэрэгслүүдийн хураагдсан он сараар Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн сүлжээнд орсон бөгөөд орж ирсэн оныг нь зассан зөрчил байхгүй ажээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тус яаманд дээрх тээврийн хэрэгслүүдийн талаар албан тоотыг ч ирүүлсэн байдаг юм билээ.

Ийнхүү хэн нэгний ашиг сонирхол, эрх ашгийн төлөө төрийн албан хаагчдын ажлыг харлуулах нь илүүц баймаар.

Б.ТҮМЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж