Өнөө орой Төрийн ордонд Ардчилсан намын ҮЗХ дахин хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг төрүүлнэ. Алтангадас ба бусад хэмээн хоёр хуваагдчихаад байгаа тус намаас улс орны эрх ашигт нийцсэн эрүүл шийдвэр гаргах байх хэмээн олон нийт онцгойлон харж байна. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр, анх удаа тус намын амбиц томтой фракциуд нэгдэж гаргасан энэ шийдвэр эцсийн эсэх, эсвэл хэн бэ? гэдгийг тодруулах ҮЗХ-ны хурлын үр дүнгээс Монголын эдийн засаг цаашид орших уу, эс орших уу гэдэг нь шалтгаалах юм.
Р.Амаржаргал бол сайн эдийн засагч, либериал үзэлтэн. Яг өнөөдрийнх шиг улс төрийн мухардалд орсон нөхцөлд засаглалын доройтол, эдийн засгийн хямралаас гаргаж чадахуйц чадвар, нөөц түүнд бий. Тийм учраас шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргал гэдэг мессеж тархахтай зэрэгцээд сүүлийн хоёр жилийн турш унасаар байгаа Монголын хувьцааны үнэ дээшилж, хэлбэр хөөсөн манай улстөрчдөд итгэл алдарсан хөрөнгө оруулагчид эерэгээр хүлээж авч байгаа сайн тал ажиглагдаж байна.
УИХ-ын хуралдаанд суудаггүй, бүлгийнхээ хурлыг тоодоггүй гэсэн жижиг шалтагаар намдаа цөөнх болсон хэсэгт буруутгагдаж байгаа Р.Амаржаргалыг гэх массын дэмжлэг өнөөдөр их. Дээр нь түүнийг сөрөг хүчин балиашиглаж, гадаадын хөрөнгө оруулагчид талархан харж байгааг бодолцвол эдийн засгийн болоод засаглалын хямралд орсон Монгол Улсын хувьд тэр л синержи болж чадах юм.
Синержи нь 1+1=3 буюу тэнцвэрийг хадгалагч гэж утгачилж болно. Эсвэл зохион байгуулах чадвар гэж орчуулж болохоор. Р.Амаржаргалын синержи нь массын болон сөрөгч хүчин, хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг хүлээж байгаагийн дээр АН-ынхан нэгдэж, нягтарч чадах юм бол дампуурал нүүрлэсэн эдийн засгийг зөв зохион байгуулах чадвар.
Өөрөөр хэлбэл, фракци хоорондын зөрчилдөөнөөс болж засаглалын хямралд орсон Монголыг гацаанаас гаргаж чадах цөөхөн улстөрчийн нэг. Нам, нам дамжиж, хов хор хутгаж явсан удаа түүнд байхгүй. Ямагт улс орны эрх ашгийг нэгд тавьж ирсэн түүнд үүнийгээ харуулах боломжийг АН яг одоо л хангамаар байна.
Ерөнхийдөө гадуур өрнөж байгаа асуудлыг багцлаад Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг нийгэм өөрөө захиалж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Эдийн засагчид, хөрөнгө оруулагчид, иргэд тэр бүү хэл АН-ынханд харшилтай МАН-ынхан хүртэл Р.Амаржаргал бол эдийн засгийн сэхээгч хэмээн хүлээж байгаа нөхцөлд хамгийн зөв хувилбарыг л сонгох хэрэгтэй.
Түүнд авах том чанар бий. Сүүлийн үед манай улстөрчдөөс тэр болгон харагдахаа больсон улстөрийн соёл, шударга зантай, Ардчилсан нам дотроо МҮДН-д харъяалагддаг хэдий ч бусдыгаа бодвол фракцилаад хуйвалдаад, хор найруулаад байдаггүй, үзэл бодолдоо үнэнч гэгддэг тэр үерийн усанд живж байгаа хөлөг онгоцны сайн ахмад сэхээнд орсон эдийн засгийн сайн эмч болж гарцаагүй чадна. Гагцхүү АН одоо л түүнд итгэл хүлээлгэх ёстой. Чухамдаа эдийн засгийг түүнээс илүү макро хэмжээнд харж, томоор төлөвлөж, ихийг хийж чадах нь хэн байна вэ?
Микро хэмжээнд бодлогоо төлөвлөсөн эдийн засаг яаж дампуурдгийг сүүлийн гурван жил бидэнд харууллаа.
Тийм учраас ҮЗХ-ны өнөө оройн хурлаар улс оронд үүсээд байгаа асуудалд цэг тавьж чадах эсэх нь Ардчилсан намныхны ухаан, улс төрийн соёл, эв нэгдэл эрүүл сэтгэлгээгээс хамаарах болно. Р.Амаржаргал уу, эсвэл хэн бэ? АН-ынханд одоо ахиад алдах эрх бий бил үү?
Ж.ЭРХЭС