Үндэсний үйлдвэрт тушаасан арьс, ширэнд олгох урамшуулал болон энэ үйлдвэрлэлийн талаар мэдээлэл өгөхөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Монголчууд жилдээ дунджаар 10 гаруй сая ширхэг арьс, шир бэлтгэдгээс дөнгөж 20 хувийг л дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдыг нь гадаадад гаргаж байна. Энэ байдлыг арилгаж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангаж, малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн орлогыг баталгаажуулах хэрэгтэй гэдэг. Тиймээс үндэсний үйлдвэртээ тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөгийг энэ жилээс олгож эхэлсэн. Энэ урамшууллын тогтолцоог цэгцтэй болгохын тулд арьс, ширээ тушаах үндэсний үйлдвэрүүдийн жагсаалтыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо жил бүр олон нийтэд танилцуулж байхаар болсон юм. Тэгвэл өнөөдөр эдгээр үйлдвэрүүдийн жагсаалтыг танилцууллаа. Тухайлбал,
- “Монгол шевро” ХК
- “Дархан нэхий” ХК
- “Мон-Ит булигаар” ХК
- “Дархан минж” ХХК
- “Их эргэлт” ХХК
- “Мон-Ирээдүй” ХХК
- “МЛТЖ” ХХК
- “Буурал гол” ХХК
- “Ерөөлт интернейшнл” ХХК
- “Үе импекс” ХХК
- “Эрдэнэчандмань” ХХК
- “Батдүмбээ” ХХК
- “Сүүдэртийн хөндий” ХХК
- “Ялман” ХХК
- “Хатан төгөл” ХХК
- “Содон цуурай” ХХК
- “Мөнх шинэ од” ХХК
- “Гурван эрдэнэ тэмүүлэл” ХХК
- “Хасар буян” ХХК
- “Ганган эрдэнэ” ХХК
- “Хөхөө төгөлдөр” ХХК
- “Дэлгэрэх бат хул” ХХК-ид малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид арьс, ширээ тушаахаар болж байна.
Энэ талаар Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас тодрууллаа.
-Малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид түүхий эдээ арьс шир гүн боловсруулах энэ 22 үйлдвэрт тушаасан тохиолдолд урамшуулал авна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Журамд зааснаар жил бүр арьс, шир гүн боловсруулах үйлдвэрийн жагсаалтыг олон нийтийг танилцуулна гэж байгаа. Тиймээс арьс, ширээ тушааж, урамшууллаа авч амжаагүй үлдсэн хүмүүс эдгээр 22 үйлдвэрт өнөөдрөөс эхлээд тушаавал урамшууллаа авна гэсэн үг.
-Энэ онд хэдий хэмжээний арьс, ширний урамшуулал олгосон бэ. Үлдсэн нь хэзээ авах вэ?
-Энэ оны эхний хагас жилд 19 аймгийн 29811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгоод байна. Хоёрдугаар хагас жилд олгох 300 орчим сая төгрөгийн урамшууллын баримтыг баталгаажуулж байгаа. Харин долдугаар сараас хойш энэ оныг дуустал хугацаанд үйлдвэрт тушаасан арьс, ширний урамшууллыг ирэх оны эхний улиралд багтаан олгоно.
-Арьс, ширний үйлдвэрлэлийг сайжруулахын тулд л урамшуулал олгодог болсон. Тэгвэл ирэх жилүүдэд арьс, ширний үйлдвэрлэлээс ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Манай улс жилдээ 10-11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, дөнгөж 20 орчим хувийг боловсруулдаг. Үүнийхээ 20-30 хувиас эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг. Арьс, ширний нийт экспортын хувиар авч үзэхэд 80 орчим хувийг Хятад руу, үлдсэнийг Итали, Франц зэрэг улс руу гаргаж байгаа. Тиймээс үндэсний үйлдвэрүүд, малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжиж, энэ үйлдвэрлэлийг цогцолбор байдлаар ажиллуулснаар жил бүр арьс, шир гүн боловсруулах хэмжээг нэмж, 2018 он гэхэд нийт арьс, ширний 80 хувийг дотооддоо гүн боловсруулах боломжтой.
Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Шар хөцийн хоолой буюу Эмээлт орчимд байгуулахаар болж, нийслэл дэх арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг тийшээ нүүлгэнэ гэж байгаа. Боловсруулах үйлдвэрүүд энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Боловсруулах үйлдвэрүүдийг хотын зах руу нүүлгэж, тэнд арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахад үйлдвэрүүд нь дургүйцэж байна гэсэн мэдээлэл тарж байна. Энэ асуудалд үйлдвэрүүд огт эсэргүүцсэн зүйлгүй, дэмжиж байгаа.
У.БОЛОР