Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлийг баталсан. Энэ удаагийн мөнгөний бодлого хэр оновчтой болсон талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодрууллаа.
-Ирэх оны мөнгөний бодлогоо батлах гэж нэлээд удлаа. Хэр оновчтой болсон гэж та харж байна вэ?
-Энэ оны мөнгөний бодлогыг батлахдаа төсвийн бодлоготой уялдуулах буюу мөнгөний бодлогод тодорхой нөхцөл, болзол маягийн зүйл суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, дараа жилд манай улсын эдийн засгийг хүндрэлтэй байдлаас гаргахын тулд төсөв, мөнгөний бодлого нь уялдсан байх ёстой гэсэн зарчмын саналыг Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогыг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэхдээ сайн хэлэлцээгүй байна. Энэ нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө.
Мөн 2015 оны мөнгөний бодлогыг дунд хугацаанд буюу 24 сарын турш инфляцийг хэрэглээний үнийн индексээр хэмжихдээ долоон хувьд барих хэрэгтэй. Ингэхийн тулд валютын ханшийг хэт савалгаанаас хамгаалах механизмыг хийж өгөх юм. Түүнчлэн инфляцыг бүрдүүлж байгаа эрэлт, нийлүүлэлтийн тал дээр ялангуяа аймаг, нийслэлийн төвшинд хэрэглээний сагс гаргаж ирсэн. Үүнд Засгийн газраас анхаарах ёстой.
Мөн Төвбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл бол улирал болгон инфляцын төлөв байдлын илтгэл гаргах. Хагас жил тутам санхүүгийн тогтвортой байдлын тайланг гаргаж байхыг шинээр оруулж өгсөн. Ингэснээр жилийн явцад инфляц нэг оронтой тоонд оруулах явц нь ямар байна гэдгийг хянах боломжтой. Мөн санхүүгийн байдлын тогтвортой байдалд нөлөөлдөг нэг хүчин зүйл болох валютын ханшийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг харах эрх зүйн боломжийг нээж өгсөн.
-Инфляцыг нэг оронтой тоонд барих тухай ярьсаар байгаа. Харин хэлэлцүүлгээс харахад ирэх онд инфляц ямар байх төлөвтэй байна?
-Монгол Улсын Төвбанкны тухай хуульд үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэж заасан байдаг. Төгрөгийн тогтвортой байдал нь олон улсын хэмжээнд хоёр утга санааг илэрхийлдэг. Тухайн мөнгөн тэмдэгтийн гадаад үнэ цэнэ. Нөгөөх нь мөнгөн тэмдэгтийн дотоод үнэ цэнэ байдаг. Дотоод үнэ цэнэ гэдэг нь үнийн тогтвортой байдал.
Харин гадаад үнэ цэнэ бол валютын ханшийг бодлогоороо илэрхийлж байх ёстой. Хуульдаа ингэж заасан байдаг гэсэн үг. Энэ тохиолдолд нэг оронтой тоонд барина гэдэг нь олон улсын хэлээр бол инфляцыг онилох. Онилохын тулд явцынх нь дунд зөвхөн нийлүүлэлт биш эрэлтийн инфляц дээр давхар ажиллах ёстой.
Эрэлт дээр ажиллана гэдэг нь төсвөө хариуцлагатай хийнэ гэж болно. Өөрөөр хэлбэл, төсөв нь инфляцыг өдөөдгүй байх ёстой. Хоёрдугаарт, төсөв нь валютын ханшийн эрэлтийг үүсгэдэггүй байх.
Тиймээс төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын байгууллага, мөнгөний асуудал хариуцсан Монголбанкны хамтын ажиллагааны үр дүнд инфляцыг дунд хугацаанд буюу 24 сарын туршид долоон хувьд барих юм. Харин ирэх оны төсөөллөөр инфляц 11.5 хувь гэсэн хоёр оронтой тоонд гарахаар байгаа.
-Төсвийн зохистой бодлого хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байсан. Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлого төсөвтэй хэр нийцэж байна вэ?
-Эдийн засаг гол хамааралтай байдаг түүхий эдийн мөчлөг гэж байдаг. Үүнийг сөрсөн байдалтай мөнгөний бодлого батлагдлаа. Төсвийн бодлого нь мөн мөчлөг сөрсөн байдлаар батлагдах ёстой. Үүнийг зохистой төсвийн бодлого гэнэ. Гэхдээ батлагдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Одоогийн байдлаар хоёрдугаар хэлэлцүүлэг дээр обьектуудаар нь задалсан байх жишээтэй.
Энэ талаар нь макро эдийн засгийн төвшинд ямар зохистой бодлоготой байгаа талаар асуухад хариулж чадахгүй байсан. Ер нь манай төсөв баталдаг практик маань ингэж хоцрогдсон байна шүү дээ.
Олон улсын бодлого, аргачлал зэрэг макро эдийн засгийн асуудлаа ярьсан хойноо обьектуудаа хэлэлцдэг.
Гэтэл шууд обьектуудаа яриад эхлэхээр буруу чиглэл рүүгээ яваад байх шиг.
-Тэгэхээр аль аль талдаа хэлэлцээд бодитой төсөв, мөнгөний бодлого баталж чадахгүй байна гэсэн үг үү?
-Ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй гэж Эдийн засгийн байнгын хорооноос санал өгсөн. Хөрөнгө оруулалт, урсгал зардал зэрэг нь оновчтой байх ёстой. Мөн инфляцыг өдөөдгүй хөрөнгө оруулалт чухал. Валютын ханшийн илүүдэл эрэлтийг бий болгодоггүй хөрөнгө оруулалт хийдэг байх ёстой. Энэ бүхнийг тал талаас нь ярьж байж батлах цаг ч Монголд арай болоогүй байх шиг байна.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин