Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Иосиф Штиглиц “The Price of Inequality” бүтээлээ өнгөрсөн онд хэвлүүлсэн нь нэгэнт бестселлер болсон юм. Утгачлан орчуулбал “Тэгш бус байдлын хор уршиг” хэмээх энэ бүтээл нь баян ядуугийн ялгаагаар нийгмийн хуваагдал улам бүр нэмэгдэж байгаа нь ирээдүйд хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай юм.
Бүтээлийн гол үзэл санааг товчхон тайлбарлахыг оролдъё. Баян ядуугийн ялгаа улам бүр ихсэж, энгийн иргэдийн хувьд ирээдүйд амжилтад хүрэх боломж улам бүр багасаж байгаа нь зөвхөн АНУ төдийгүй дэлхий даяар нийтлэг хандлага болж байна. Хосолсон сөрөг хандлага нь манай эдийн засаг, ардчилсан тогтолцоо, нийгмийн амьдралд улам бүр хүчтэй нөлөөлж, таатай бус өрчлөлтүүдийг авчирч байна.
Улсын төсвийн нэг гол функц нь дахин хуваарилалт. Орлого ихтэйгээс нь татвараар дамжуулан нийгмийн хэрэгцээнд илүүтэй татан авч төвлөрүүлэх нь дахин хуваарилалтын үндсэн зарчим гэж болно. Орлогын албан татвар ногдуулах хувь нь хэдийчинээ прогрессив буюу өсөн нэмэгдэх зарчмыг үгүйсгэж (нэг шатлалтай) байна, тэр хэмжээгээр нийгмийн тэгш бус байдал ноёрхож, шударга ёсны зарчим алдагддаг гэсэн дүгнэлтийг олон орны статистик мэдээллийг түшиглэн хийсэн судалгаа нотолдог. Эдийн засгийн тэгш бус байдал нь улстөрийн тэгш бус байдлын үндсэн суурь гэдэгтэй хэн ч маргахгүй. Баячууд нь улстөрийн илүү эрх дарх эдэлсэн улстөрийн тогтолцоо бүхий нийгэмд баячуудад ногдуулсан татвар хамгийн доод хэмжээнд байдаг нь гайхаад байх зүйл биш юм. Зах зээлийн эдийн засгийн энэ мэт зарим тааламжтай бус үр дүнг залруулах нэг гол арга зам нь татвараар дамжуулан хэрэгжүүлэх төсвийн дахин хуваарилалтын бодлого гэж болно. Нийгмийн тэгш бус байдал нь улстөрийн тогтолцооны гажуудал, алдааны үр дагавар бөгөөд эдийн засгийн тогтворгүй байдлын үндсэн шалтгаан болж байна. Хүн ам бараг нийтээрээ эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж чадахгүй байна.
Татварын хувь хэмжээ бага байх нь тэр болгон хөгжилд хөтөлдөггүйг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт, амьдралын чанарын үзүүлэлтээрээ тэргүүлдэг Скандинавын орнууд татварын хувь хэмжээгээрээ хамгийн өндөрт тооцогддог. Тэд “манай эдийн засгийн тогтвортой, хурдан өсөлтийн гол нууц нь өндөр татвар” гэж үздэг. Мэдээж татварын өндөр хувь хэмжээ дангаараа хөгжилд хүргэхгүй нь ойлгомжтой. Харин энэ татварын орлогоор боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгааг сайжруулан, дэд бүтэц, өндөр технологийн хөрөнгө оруулалтыг хийснээр тогтвортой хөгжлийн үндсэн суурийг баталгаажуулдаг. Зээлээр тогтвортой хөгжилд хүрнэ гэдэг нь өөрөө эрсдэлтэй бөгөөд тийм ч ухаалаг алхам биш юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Картерийн үед татварын ерөнхий хувь хэмжээ 70% байсан бол Рейган 28% хүртэл бууруулсан. Клинтоны үед татварын хувь хэмжээг зарим талаар нэмэгдүүлэн 39,6% болгосон бол Буш 35% болгон бууруулсан билээ. Татварын хувь хэмжээг бууруулснаар хуримтлал хадгаламж, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ гэж үзсэн ч төөрөгдөл байсныг бодит амьдрал харуулсан юм. Рейган “татварын хувь хэмжээг бууруулах нь эдийн засгийг эрчимжүүлэх тун хүчирхэг бодлого болно, эдийн засгийн суурь өргөжсөнөөр төсөвт орох татварын орлого нэмэгдэнэ” гэж ухуулж байсан ч төсвийн алдагдлаас өөр үзүүлэлт өсөөгүй байна. Бушийн татвар бууруулах бодлого ч амлаж байсан тэр амжилтыг авчраагүй. Хуримтлал, хадгаламж огт өсөөгүйгээс гадна өрхийн хадгаламжийн ерөнхий хувь хэмжээ түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрчээ. Харин Клинтоны татварыг баячуудад илүүтэй ногдуулах бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт илүүтэй өндөр гарч байв.
Нийгмийн тэгш бус байдал яагаад асуудал болоод байна вэ? Нийгмийн шударга бус байдал ноёрхсон нийгэм бүхэлдээ үр ашигтай ажиллаж чадахгүй ба цаг хугацааны шүүлтүүрээр харвал эдийн засаг нь тогтвортой бөгөөд өндөр хөгжилд хүрч чаддаггүй. Нэг, эсвэл нэг хэсэг ашиг сонирхлын бүлэглэлийн гарт улстөрийн эрх мэдэл хэт төвлөрвөл тэд өөрсдийн эрх ашигт нийцсэн бодлогыг илүүтэй хэрэгжүүлж, нийгмийн нийтлэг эрх ашиг хохирч, хөгжил хойш хаягдана. Баячууд эрх мэдлийг гартаа төвлөрүүлснээр аливаа асуудлыг өөрсдийн бизнест ашигтайгаар хөтөлж, хөрөнгө мөнгөний урсгалыг өөрсдийн компани руу чиглүүлдэг. Нийтийн ашиг сонирхолд үйлчлэн, иргэдийн нийтлэг хэрэгцээнд зарцуулах ёстой төсвийн хөрөнгийн нэг хэсэг ийм замаар баячуудыг улам баяжуулах арга хэрэгсэл болдог.
Баячууд бусдаас хол, вакуумдсан тусгай орчинд амьдрах боломжгүй. Тэд сайн зохион байгуулагдсан, аюулгүй нийгэмд амьдарч, өмч хөрөнгөөсөө орлого олж байх шаардлагатай. Хүн бүр татварт тааламжтай ханддаггүй, баячууд бүүр ч дургүй нь мэдээж. Гэхдээ татвараар л дамжуулан төсөвт хөрөнгө орлого төвлөрүүлж, нийтийн зориулалтаар хөрөнгө оруулалт хийн, хөгжлийг наашлуулдагтай хэн ч маргахгүй. Татвар бага байхын хэрээр санхүүжилт нь хэрэгцээ шаардлага хангахгүй байх нь нийтлэг ба энэ нь эргээд компаниудын өндөр мэргэжлийн ажиллах хүчний хангалтад сөргөөр нөлөөлж, хөгжилд саад болдог. Байгалийн баялгаас гэнэт ихээхэн орлоготой болсон улс оронд ийм зүй тогтол нилээд харагддаг ба Америк яагаад тэдэнтэй адил байх ёстой юм гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө.
Ихэнх улс оронд баян ядуугийн ялгаа хэт ихсэхийн гол шалтгаан нь зах зээлийн харилцааны үр дүн гэхээс илүүтэй улстөрчдийн бодлогын үр дүн байх нь нийтлэг. Аливаа хямралын нэгэн нийтлэг шалтгаан, үр дагавар нь баян ядуугийн ялгаа хэт ихсэх явдал. Саяхан болсон хямралаар жишээ авъя. Тэгш бус байдал хэт ихсэх үед нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө, орлого ихээхэн нэмэгдэж, жирийн америкчүүдийн худалдан авах чадвар хязгаарлагдмал болдог. Холбооны засгийн газраас явуулсан бодлогын дагуу орон сууцны boom боллоо. Мэдээж банк санхүүгийн байгууллагууд, барилгын салбарт ихээхэн дэмжлэг болох ч бусад салбарт цохилт болсон гэхэд болно. Хөтөлбөрт хамрагдсан бага, дунд орлоготой иргэдийн цалин, орлого нь орон сууцны төлбөр, зээлийн өрийн төлбөрт зориулагдаж бусад эрэлт хэрэгцээг бууруулна. Мөн орлого багатай хэсгийн цалин, орлого орон сууцны төлбөр хэлбэрээр орлого ихтэй хэсэг рүү шилжсэнээр нийт хэрэглээ багасах бас нэг шалтгаан болдог. Хөгжил дорой орнуудад баячуудын орлого нь тухайн улсдаа үлдэхгүй, өндөр хөгжилтэй орнууд руу гарч явдаг. Эдийн засгийн нийт эрэлт хэрэгцээ багассанаар бизнес зогсонги байдалд орж эдийн засгийн өсөлт царцаж, ажилгүйдэл ихэснэ. Улмаар нийгмийн орлого багатай хэсгийн цалин, орлого улам багасна. Экспортыг эрс нэмэгдүүлэх, эсвэл өөр ямар нэг арга хэмжээ эс авбаас байдал улам хүндэрнэ. Магадгүй энэ тохиолдолд аврал болох нэг арга хэмжээ нь төсвийн бодлого байж болох юм.
Төсвийн бодлогын хамгийн чухал хэсэг нь татварын тогтолцоог илүү шударга болгох арга хэмжээ ба энэ нь татварын хувь өсөн нэмэгдэх буюу орлого ихтэй хэсэг нь нийгмийн өмнө илүү өндөр хариуцлага хүлээх тогтолцоо юм. Эдийн засгийн бодлогын нэг чухал зарчим нь зөв санаачилга, зөв үйл ажиллагаанд татвар нэмж ногдуулах биш харин угаасаа нийгэмд сөрөг хандлага, сөрөг үр дүн илүү авчирдаг бизнесийн үйл ажиллагаанд илүү татвар ногдуулах нь зөв гэж үзэх явдал юм. Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг олборлож буй компаниудад илүү татвар ногдуулах нь энэ зарчмын бас нэг хэсэг юм.
Банк санхүүгийн салбарын муу зээл, хортой (toxic) моргеж бас нэг төрлийн орчны бохирдол юм. Хэн бохирдуулж байна, хор хохирол үлдээж байна, түүнд илүү татвар ногдуулж байж “rule of law” хэрэгжинэ. Сүүлийн үед банк санхүүгийн байгууллагуудад илүүтэй татвар ногдуулах санаачилга дэлхий дахинд гарах болов. Чанаргүй зээл, хийгдэж буй гүйлгээ, шилжүүлгэнд татвар ногдуулах, тухайлбал валютийн арилжаанд бага хэмжээний татвар ногдуулж болох юм.
Татварыг хаана баялаг, орлого мөнгө байна тэнд ногдуулж байх нь энэхүү зарчмын ноён нуруу. Баян ядуугийн ялгаа ихсэж, нийгмийн тэгш бус байдал санаа зовохоор түвшинд очсон бол баячууд, орлого ихтэй хэсгийг татварт илүү хамруулах нь зүйтэй. Хамгийн өндөр орлоготой 1% нь тухайн жилийн улсын нийт орлогын 20%-ийг олдог гэж үзвэл тэдэнд ногдуулах татварыг 10 пунктээр нэмэгдүүлснээр төсвийн орлого ДНБ-ий 2%-иар нэмэгдэх боломжтой болно гэсэн үг.
Эдийн засгийн ерөнхий төлөв байдал, иргэдийн амьдралын түвшинд юунаас ч илүү хүчтэй нөлөөлдөг нэг хүчин зүйл нь макро эдийн засгийн бодлого. Бодлого тодорхойлогчдын хамгийн гол үүрэг бол эдийн засгийн тогтвортой байдал юм. Төв банк энэ бодлогод нэг гол тоглогч нь болж байна. Төв банк нь үнэ, ханш, инфляцийг тогтвортой байлгах макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлснээр илүү сайн үр дүнд хүрэх боломж хангагдана. Хүн амын дийлэнх хэсгийн орлогын эх үүсвэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж. Эдийн засгийн тогтворгүй байдлыг өдөөсөн, үнэ, ханш, инфляцийг хөөрөгдсөн макро эдийн засгийн болон мөнгөний бодлого нь иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг бууруулж, тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүн хүн ардад наалдахгүй, хүрэхгүй байна. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд зөвхөн төсвийн шинэтгэлээр хязгаарлалгүй төсөв, банк санхүүгийн өргөн шинэтгэлийг хийх хэрэгтэй болжээ. Мөн иргэдийн оролцоог илүүтэй хангасан улстөрийн шинэтгэлийг ч хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ бүгдийг амжилттай даван туулах найдвар байгаа шүү гэж тэмдэглэн, Нобелийн шагналт эдийн засагч Иосиф Штиглиц номоо дуусгасан байна.
Манай эдийн засгийн өсөлтийн хурдац сүүлийн жилүүдэд тогтмол 2 оронтой тооны хэмжээнд явж ирсэн ч энэ өсөлт иргэдэд хэрхэн хүрч, тэдний амьдрал ахуйд нааштай нөлөө үзүүлж байгаа эсэх нь зарим талаар эргэлзээ төрүүлж байгаа юм.
Нийтлэлч Жаргалсайхан “өдөрт 1,25 доллараас бага орлоготой хүмүүсийн тоо 2000 оноос хойш дөнгөж 2%–иар буурч, хүн амын 27%–д хүрлээ” гэж тэмдэглэжээ. Өдрийн 1,25 ам.доллар гэдэг нь жилийн 700000 орчим төгрөг. Өөрөөр хэлбэл, хүн амын 3 хүн тутмын 1-ийнх нь бүтэн жилд олох мөнгийг зарим нь ганц орой уушийн газар үлдээгээд явдаг гэж бодоход баян ядуугийн ялгаа манайд хэр байгаа нь харагдана. GINI коэффициент манайд 2008 онд Дэлхийн банкны судалгаагаар 36,5% гарсан нь 2 жилийн өмнөхөөсөө даруй 10% өндөр гарч байна. 2012 онд зарим судлаачид энэ коэффициент 45% болсон мэдээлэл хийж байв.
МУ-ын Үндэсний татварын газрын 2012 оны жилийн эцсийн татварын тайлангаас үзэхэд манай нийт аж ахуйн нэгжийн 7% орчим нь жилийн нийт борлуулалтын орлогын 96%-ийг хийсэн байдаг. Сүүлийн 3 жилийн тайланг үзэхэд дээрх 7%-ийн олж буй орлого жилээс жилд эзлэх хувь хэмжээний хувьд ч үнэмлэхүй мөнгөн хэмжээгээр ч байнга өсөн нэмэгдсэн байдаг. Үүнээс харахад уул уурхайн компаниуд нийт аж ахуйн нэгжийн 2% гаруйг эзлэх хэрнээ улсын хэмжээний нийт борлуулалтын орлогын 20% гаруйг олдог ба 1000 төгрөгийн борлуулалтын орлогод эзлэх татварын дараахь буюу хуваарилагдах ашиг нь 60% орчим бусад салбараас өндөр байна. 2013 оны жилийн эцсийн үр дүнгээр татварын дараахь ашиг нь 100 тэрбум төгрөгөөс давсан арилжааны банкууд нилээд байна.
Сүүлийн 2-3 жил валютийн ханш ам.доллартай харьцуубал бараг 50% өссөн нь хүнд цохилт болж, ялангуяа жирийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүнд туссан юм. Харин экспортын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, ялангуяа улсын экспортын 90% орчмыг хийдэг уул уурхайн компаниуд, арилжааны банкууд харин ч олз омогтой байгаад хэн ч эргэлзэхгүй биз.
Шинэтгэлийн Засгийн газар ба түүний тэргүүн нь татвар нэмэхгүй гэсэн санааг байнга илэрхийлж ирлээ. Гэтэл УИХ-д оруулсан 2015 оны Улсын төсвийн санал дээр орон нутагт эрх мэдэл нэмэгдүүлэх нэрийн дор эх үүсвэрийн баталгаагүй зарим үүрэг, функцийг орон нутагт шилжүүлжээ. Үүнээс болж тухайлбал, Улаанбаатар хотын төсөв гэхэд л хамгийн багаар бодоход 100-гаад тэрбум төгрөг сох тутаж байгаа ба энэ зөрүүг орон нутгийн татвар нэмэгдүүлэх замаар бүрдүүлэх чиглэл өгчээ. Газрын болон үл хөдлөх хөрөнгийн татварыг Улаанбаатарт эрс нэмэгдүүлж байж л энэ хэмжээний хөрөнгийг төвлөрүүлэх боломжтой. Иймд Засгийн газар төсвийн хүндрэлээс үүдэж нэмэгдүүлэх татварын ачааллыг 1-рт өөртөө биш орон нутагт үүрүүлэх, 2-рт хөрөнгө орлого ихтэй хэсэг буюу баячуудад биш харин Улаанбаатарын 1 сая 300 мянган хүний нуруун дээр хаяж байгаа гэсэн дүгнэлтийг хийж болох юм. Иймд хэний эрх ашгийг, хэн хамгаалж байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө.
Үүнээс гадна сүүлийн 7-8 жилийн Төсөв болон татварын бодлогод өөрчлөлт оруулж, шинэчлэл хийлгүйгээр улс орноо цааш явуулах боломжгүй боллоо. Цалин хөлсөө олигтой нэмж чадахгүй, зарлага санхүүжилтээ ч гаргаж чадахгүй болж байна. Улсын төсвийн өр шир улам нэмэгдэхээс, хорогдохгүй бололтой. Чингис болон Самурай бондын төлбөрүүд 2017 оноос эхлэн төлөгдөх болоход бид Улс гэсэн агуулгаараа бэлэн байна уу, үүнд одооноос бэлдэхгүй бол “тэр үеийнхэн төлнө” гэсэн нэг том даргын алдартай үгээр хааж орхигдуулж болмооргүй.
Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд иргэдийнхээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, бодит орлогыг нэмэгдүүлсэн, нөгөө талаас жижиг дунд бизнес эрхлэгчдийг, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих татварын зөв бодлого явуулах, төсвийн зарлагын шинэтгэлийг яаралтай хийх, өрийн удирдлагын ухаалаг тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй бөгөөд хойшлуулшгүй шаардлага гараад байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг билүү.
Л.ДАШДОРЖ