МҮХАҮТ-ын гишүүд Мобиком Корпорацитай танилцах аялал хийлээ
Өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөл Мобиком Корпорациар зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, туршлага солилцлоо. Салбар, салбарыг төлөөлсөн 40 гаруй бизнесмен энэхүү аялалд оролцсон бөгөөд Мобиком Корпорацийн Хэрэглэгчийн үйлчилгээний нэгдсэн төв 2222, Тэди төвийн үйлчилгээний салбар мөн тус компаниас санаачлан хэрэгжүүлж буй Хүүхдийн тусламжийн утас 108 төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсандаа баяртай байлаа.
Мобиком Корпораци нь салбартаа олон шинэчлэлт хийж чадсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөргдсөн харилцаа холбооны байгууллага болохыг батлах олон зүйлсийг танилцууллаа. Тус корпораци нь Олон улсын санхүүгийн тайлангийн стандартыг суурьшуулж, Мэдээллийн аюулгүй байдлын ISO стандартыг хангасан цорын ганц компани бөгөөд компанийн санхүүгийн үйл ажиллагааны аудитыг олон улсад алдартай Эрнст энд Юнг компани хийдэг юм байна. Мөн энэ жил 147 шинэ бааз станц барих ажилд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамрах хүрээгээ тэлсэн бөгөөд ирэх жил үүнээс илүү их хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж байгаагаа тус корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэлсэн юм.
Аливаа үүрэн холбооны оператор компанийн хувьд хэрэглэгчийн үйлчилгээ хамгаас чухал байдаг бөгөөд Мобиком Корпораци нь олон улсын стандартын дагуу дуудлагын нэгдсэн төв байгуулсан байна. 1.3 сая хэрэглэгчтэй тус компани нь өдөрт 30,000, жилд 14 сая хэрэглэгчийн дуудлага хүлээн авдаг бөгөөд үүний 97 хувьд хариу өгдөг нь Монголдоо хамгийн их тоо юм. Мөн тус корпораци нь орон даяар 64 салбар, 2200 гэрээт борлуулагч, 10000 гаруй борлуулагчаар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг хамгийн өргөн сүлжээтэй.
Хэрэглэгчдийн хувьд үүнээс дутахааргүй ач холбогдолтой нэг зүйл бол үйлчилгээний үнэ тариф байдаг билээ. Тус корпораци нь өнгөрсөн 6, 7-р саруудад дотоод хэрэглээ болон олон улсын яриа, роаминг үйлчилгээний тарифаа тус тус буулгасан бөгөөд сүлжээн доторх ярианы үнийн тарифыг дахин буулгах хүсэлтийг холбогдох зохицуулах байгууллагад илгээхэд бэлэн болоод байгаа юм байна. Тус компани нь зах зээл дээр давамгайлагч байгууллагын байр суурьтай байдаг учир үнэ, тарифаа буулгахыг нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос хязгаарладаг ажээ. 2015 онд Мобиком Корпорацийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой болох бөгөөд ирэх жилийн ICT Экспогийн үеэр харилцаа холбооны дараагийн үеийн технологийг танилцуулах болно хэмээн Дэвид Холлидэй мэдэгдлээ.
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагаа дээдлэн, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажилладагаа мөн энэ үэер хэлсэн юм. Энэ жил гэхэд л Хүүхдийн тусламжийн утас 108, Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах төслүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлээд байгаа юм байна.