Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Оюутолгой болон “Петровис” ХХК-н гэрээний тухай

“Оюутолгой” төслийн зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хүрээнд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж байгаа мэдэгдлүүд дотор манай компанитай холбоотой мэдээллүүд гарсан тул доорхи тайлбарыг өгч байна.

“Петровис” ХХК нь Оюутолгой (OT) төсөлтэй 2007 онд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх A2MW-90-K411 тоот үндсэн гэрээ байгуулан ажилласан бөгөөд уг гэрээ 2013 оны 11-р сарын 15-ны өдөр дуусгавар болсон.

Манай компани Оюутолгой төсөлд монополь эрхтэйгээр шатахуун нийлүүлж байгаа зүйл байхгүй бөгөөд 2013 оны 11-р сараас хойш “М-Ойл”, “Шунхлай” компаниуд ОТ төсөлд бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор Петровис компани ОТ төсөлд шатахууны нийлүүлэлт хийхгүй байгаа болно.

Бид ОТ төсөлтэй гэрээний дагуу шатахуун хангаж, үйлчилгээ үзүүлж байх үедээ сар бүр үнээ харилцан тохиролцож, төслийн талбар дахь агуулах нөхцлөөр үнээ өгдөг байсан. Уг үнэд гадаад бэлтгэн нийлүүлэгчээс өгсөн сар бүрийн импортын үнэ, тухайн сарын Монгол банкны дундаж ханш, Монгол улсын гаалийн болон холбогдох албан татварын журмын дагуу татварууд, бүтээгдэхүүнийг дотоодод тээвэрлэх төмөр замын болон агуулахад буулгах, дахин ачих, ОТ руу тээвэрлэх зардлууд, даатгалын болон банкны зээлийн хүүгийн төлбөр, манай компанийн үйл ажиллагааны болон арилжааны ашиг зэрэг бүх зардлыг 2 тал хянаж байхаар нээлттэй, ил тод хийгдсэн учир ямар нэг илүү ашиг нэмэх ямарч бололцоогүй байсан болно.

Дээрх гэрээний нэмэлтээр манай компаниас анхлан нэвтрүүлсэн “Сайт сервис” үйлчилгээний 40-60 мэргэжлийн боловсон хүчин, 10 тусгай зориулалтын автоцистерн бүхий баг ОТ төслийн талбар дахь агуулахад 2 ээлжээр 24 цагаар байрлан ажиллаж, уурхайн тоног төхөөрөмж, машин техникийг шатахуунаар цэнэглэх үүргийг ОТ төслийн өндөр шаардлагын түвшинд хүргэн амжилттай биелүүлж байсан юм.

Мэдээлэлд дурьдагдсан 20-50 сая төгрөг нь ОТ төслийн өөрийн талбай дээр ажиллаж байсан 40-60 хүний цалин, даатгалын төлбөр, хувцас, аюулгүй ажиллагааны хэрэгсэл, агуулахын үйл ажиллагаа, засвар үйлчилгээний хөлс, автоцистернүүдийн түрээсийн төлбөр зэрэгт зарцуулагдаж байсан бөгөөд дээр дурьдсан 2013.11.15-ны өдрөөр дуусгавар болсон тул одоо тийм төлбөр хийгдэхгүй байгааг мэдэгдье.

ОТ төслийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор манай компаниар 2,800 тн-н багтаамжтай бүрэн автомат агуулахыг өөрийн төслийн талбай дээр бариулахад 2.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Мөн манай компанийн Бор-Өндөр, Чойрын агуулахад 8,000 тн дизель түлш бэлэн байлгах нөхцлийг бүрдүүлэх шаардлага тавьсны дагуу бид эдгээр консервацид тавигдсан агуулахуудад өөрийн хөрөнгөөр техникийн шинэчилэл хийж, ОТ төслийн нөөцийг хадгалсан. Гадаадаас импортлох шатахууны тасалдлыг үл харгалзан ОТ төслийн бүтээн байгуулалт ямарваа нэгэн зогсолтгүйгээр явагдах нөхцлийг бүрдүүлж чадсан нь “Петровис” ХХК-н хувьд үндэсний компанийнхаа үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Мөн мэдээлэлд “Анхан шатны нотлох баримтгүйгээр 2012.06.23-нд 408.3 сая төгрөгийг манай компанид тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар шилжүүлжээ” гэжээ. Энэ төлбөр нь Чойр, Бор-Өндөр-с ОТ хүртэлх шатахууны тээврийн зардалд зарцуулсан мөнгөн дүн юм.

Эдгээр төлбөрүүд нь ОТ компанитай хийсэн гэрээ болон санхүүгийн анхан шатны бүхий л баримтаар баталгаажиж, манай компанийн санхүү бүртгэлийн системд бүртгэгдсэн болно.

“ПЕТРОВИС” ХХК

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж