ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн Олимпийн наадамд оролцсон алдарт хийлч Ванеса Мэйг худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр уулын цанын спортын төрлүүдийн холбоо 4 жил олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасчээ.
Энэ жилийн 6-р сард Словенийн спортын 4 шүүгчийн хийсэн судалгаагаар хийлч Ванеса Мэй Олимпийн наадмын өмнөх сорилт тэмцээнүүд буюу Олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцож гаргасан амжилт нь наадмын босго оноонд хүрээгүйг тогтоосон байна.
"Сочи 2014" Олимпийн наадамд оролцохын тулд тэрээр Швед, Норвеги, Словени, Швейцари зэрэг улсад зохион байгуулагдсан тэмцээн уралдаануудад оролцох ёстой байсан боловч Словенийн уулын цанын холбооноос мэдээлж байгаагаар тус улсад 1-р сард болсон тэмцээний дүнг Тайландын уулын цанын холбооны албан тушаалтнууд өөрчилж ахиулсан нь тогтоогдсон байна. Мөрдөлтийн явцад Мэйн гаргасан үр дүнг Тайландын нэгэн томоохон компанийн захиалгаар өөрчилсөн болохыг илрүүлжээ.
Олимпийн наадамд оролцохын тулд тухайн улсын тамирчин нь дэлхийн чансаагаар эхний 500-д багтаагүй нөхцөлд эрэгтэй, эмэгтэй слаломын төрөлд өгөгдсөн үзүүлэлтийг давж чадсан нөхцөлд наадамд оролцох эрхийг нь олгодог юм байна. Уулын цанын хувьд нийт 5 төрөлд нийтдээ 140-өөс багагүй дундаж үнэлгээтэй бол наадамд оролцох эрхтэй байдаг. Харин Мэй Словенийн Крвавцед болсон тэмцээнд оролцож эрхийн оноогоо цуглуулсан хэмээн мэдүүлж "Сочи-2014" Өвлийн олимпийн наадамд оролцжээ. Тэрээр Сочигийн наадмын слаломын төрөлд оролцож, 67 дах байрыг эзэлсэн юм.
Сүүлийн 4 жил уулын цанын спортоор хичээллэх болсон 35 настай Мэй үүнээс өмнө 2002 оны Солт Лейкийн Олимпийн наадамд Тайландын нэрийн өмнөөс оролцох мэдүүлгээ өгсөн боловч Үндэсний Олимпийн хороо түүнийг Ихбританийн иргэншлээсээ татгалзах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан юм. Ийнхүү 2010 оноос Тайландын Үндэсний шигшээ багт тамирчнаар орсон Мэйн хэрэг илэрч 4 жил олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсныг Ванеса Мейн спортын карьер өндөрлөлөө гэж барууны спортын хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: http://likenews.mn