-Шилдэг наймын тэмцээнд өрсөлдөж буй Новак Жокович хоёр хожил авснаар дэлхийн манай теннисчин хэргэмээ хадгалж үлдлээ.-
Талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шилдгийг тодруулах "ATP World Tour Finals" тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Нийт 6,5 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний "А" хэсэгт дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович хоёр дахь хожлоо авснаар №1 хэргэмээ хадгалж чадлаа. Тэрээр өчигдөр Швейцарийн Стан Вавринкаг 6:3, 6:0-оор хоёр үеийн турш буулган авчээ. Жокович эхний тоглолтод Хорватын Марин Чиличийг (6:1, 6:1) хожсон бөгөөд ийнхүү хоёр хожилтой боллоо. Мөн Чехийн Томаш Бердых(7) Хорватын Марин Чиличийг 6:3, 6:1-ээр хожсоноор эхний хожлоо авлаа.
Энэ хэсэгт Сербийн Новак Жокович хоёр хожилтой болсон бол Стан Вавринка, Томаш Бердых нарын хувьд нэг хожил аваад байна. Харин Хорватын Марин Чилич хоёр хожигдсоноор хэсгээсээ шалгарах боломжгүй болж байна.
Өнөөдөр "В" хэсгийн сүүлийн тоглолтууд болно. Энэ хэсэгт хоёр хожилтой Швейцарийн Рожер Федерер Их Британы Энди Маррейтэй, Японы Кей Нишикори Канадын Милош Раоничтой тоглох юм. Оны төгсгөлд болдог "ATP tour" тэмцээн зургаан удаа түрүүлээд байгаа Рожер Федерер хоёр хожилтой байгаа бол Их Британы Энди Маррей, Японы Кей Нишикори нар нэг хожилтой юм. Өнөөдрийн тоглолтод Япон теннисчин өрсөлдөгчөө хожиж, чадвал хагас шигшээд шалгарах боломжтой болох юм.
Ч.БОЛОР