Олон нийтийн сүлжээ сайт “Твиттер” шинэ хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хялбар болох шинэ санаануудыг дэлгэжээ. Энэ нь цоо шинэ “instant timeline” буюу “Твиттер” ашиглах гэсэн хэрэглэгч заавал хэн нэгнийг дагахгүйгээр мэдээлэл олж авах боломж юм. “Твиттерт”-т шинээр нэгдсэн хэрэглэгч хэнийг дагахаа сайн мэдэхгүйгээс мэдээлэл, дуулианаас хоцорч, уйтгартай мэт санагддаг. “Хүн бүхэн твиттерт орж ирээд тэр дороо уг ертөнцөд татагддаг боломжтой байх нь зөв” гэж “Твиттер”-ийн захирал Дик Костоло мэдэгдсэн байна. Түүнчлэн “While you were away” /Таныг гарсан байх хооронд/ үйлчилгээ нь “log out” хийснээс хойшхи топ жиргээг хадгалах аж. Ингэснээр таныг “Твиттер”-т байхгүй хооронд болсон сонирхолтой үйл явдлын хэлэлцүүлэг, дуулиан урсаад өнгөрөхгүй хадгадагдан үлдэх юм.
Сүүлийн мэдээгээр “Твиттер”-т сар бүр 284 сая хэрэглэгч нэвтэрдэг гэсэн баримт бий. Харин Костологийн хэлснээр үүнээс гадна 500 орчим сая хүн тэдний embed хэлбэрээр түгээгдсэн мэдээллүүдийг нь үздэг гэнэ. “Твиттер”-ийн нүүр хуудас руу сар бүр 125 сая хүн зочилж, огт “log in” хийхгүйгээр гардаг гэсэн судалгаа гарчээ. АНУ-ын Сан Франциско хотод өчигдөр /ХI.12/ болсон “Твиттер” компанийн анхны “Analyst Day” арга хэмжээн дээр CEO Дик Костоло шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Эх сурвалж: techcrunch.com
Б.АНХТУЯА