С.Оюун: Шинэ Ерөнхий сайд зовлонг нь ойлгох байх

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

С.Оюун: Шинэ Ерөнхий сайд зовлонг нь ойлгох байх

УИХ-ын чуулганы  өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгасан. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” сангийн төсвийг 50 хувиар бууруулж, Үндэсний хорооны Ажлын албыг татан буулгахаар болсон юм. Үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун ихэд  шүүмжлэлтэй хандаж байсан.  Энэ талаар тодрууллаа.

-“Цэвэр агаар” сангийн төсвийг танаж болохгүй гэдэг тайлбарыг та чуулганы хуралдааны үеэр хэлэхийг оролдсон ч УИХ-ын дэгийн тухай хуулийн хүрээнд боломж олдсонгүй?

-“Цэвэр агаар” сан-д ёс зүйн сонирхол, авлигын асуудал байсан учраас  хүмүүс   шалгагдсантай холбогдуулж агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах мөнгийг таналаа гэж МАН-ын бүлгийн дүгнэлт дээр  явж байна лээ.  Би үүнд хариу өгмөөр байна. Түрүүчийн Засгийн газар буюу 2011, 2012  гаргасан алдаатай бодлого, хууль бус   үйлдэл 2013 онд ил болсон. Хариуцлага яривал хууль бус асуудал, алдаатай бодлого МАН-ын засаг барьж байхад явагдса нь 2013 онд хуулийн  байгууллагаар шалгагдсан. цэвэр агаар сангийн  төсвийг сүүлийн хоёр жил дараалан бууруулж 20  тэрбум болгосон.  Засгийн газраас ирэх жил  2011 оны түвшинд буюу 30 тэрбум  төгрөгт хүргэх санал оруулсан боловч 50 хувь  таначихлаа. Тэр байтугай  Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны  таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын албыг татан  буулгалаа.  Асуудлыг  сайн мэдэхгүй хүнд 15 тэрбум төгрөг их мөнгө мэт санагдах байх. Гэхдээ  энэ мөнгөөр 200 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн  бүрэн шаталтат зуухны татаас, сайжруулсан түлш,  нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтад холбох асуудал,  нар салхи, бусад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, хийн  эх үүсвэрээр нүүрсний хэрэглээг орлуулах гээд маш олон ажил бий.  Эдгээр ажлуудыг хийхэд бага мөнгө үнэхээр үр дүнгээ өгдөггүй. 2011 онд буюу түрүүчийн Засгийн газрын хоёрдугаар цахилгаан станцын  дэргэд Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад одоо агаарын бохирдлыг бууруулах бүх ажлын дунд төсөвлөгдөөд байгаа 15  тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл 15 тэрбумаар байгуулсан үйлдвэр нь өнөөдөр ажиллахаа болиод зогчихсон байгаа шүү дээ. Ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй төсөлд  төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон байгаа.  Мөн тухайн үед Цэвэр агаар сан-д 30 тэрбум, цахилгаан хангамж сайжруулах гээд нийлээд 100-аад тэрбум  төгрөг зарцуулж байсан. Үүнтэй харьцуулахад асар бага мөнгийг төсөвлөж байгаа хэрнээ  авлигад идэгдсэн гэх нэрийдлээр 50 хувиар  хасч байгаа нь утгагүй.   

-Төсвийг танасантай холбоотойгоор Ерөнхий сайдын дэргэдэх ажлын албыг татан буулгах болчихов уу ?

-Сүүлийн хоёр жилд агаарын бохирдлын тоосонцор, хорт утааны хэмжээ 20, 20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.  Үр дүн нь бага багаар харагдаж эхэлж байхад  төсвийг ингэж танаж байгаа нь хүндрэл үүсгэнэ. Ерөнхий сайдын дэргэдэх  Ажлын алба бүх бодлогыг зангиддаг. Гэтэл энэ албыг татан буулгачихлаа. Төсөв хэмнэхийг би дэмжинэ. Гэхдээ тулгамдсан чухал асуудлаа  энэ мэтээр цавчиж болохгүй. Агаарын бохирдлыг Ерөнхий сайд хариуцах хууль гарсан. Шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд нь ажлаа хүлээж авахаараа зовлонг нь ойлгох байх. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж  байхдаа Ажлын албыг долоо хоног бүр хуралдуулж , ажил хийхийн төлөө зүтгэж байсан. Засгийн газрыг унагаагаад дараагийн Засгийн газар байгуулах хооронд  төсөвт хүмүүс анхаарал хандуулж чадахгүй  байгааг далимдуулж  буруу шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж