Д.Бямбасүрэн: Монголчууд бид Оюутолгойн орд дээр молигдуулсан

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Д.Бямбасүрэн: Монголчууд бид Оюутолгойн орд дээр молигдуулсан











Төрийн ордны Их танхимд Ардчилсан хүчний холбооны салбар
хуралдаан үргэлжилж байна. Байгаль экологийн асуудлыг хөндөж буй энэхүү салбар
хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ус” сэдвээр илтгэл тавилаа. Томоохон
гүрнүүд усаар дамжуулж, төрийн бодлогыг шахдаг болсон энэ цаг үед Монгол Улс
усны бодлогоо шинэ төвшинд гаргаж, хойч үедээ усаа өвлүүлэх бодлого
баримтлахгүй бол нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-ын хараат болсны нэгэн адил хувь
заяа хүлээж буйг санууллаа. Мөн өнөөдрийг хүртэл дэлхийн олон эрдэмтэн
судлаачид усыг орлох бүтээгдэхүүний гаргаж чадаагүй байгааг онцлов.

Монгол Улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн мөн байгаль
экологийн асуудлыг хөндөх зуураа Оюутолгойн орд газрыг ашиглахаар байгуулсан
хөрөнгө оруулалтын гэрээний тухай байр сууриа илэрхийлээд амжив.

Оюутолгой орд газрыг ашиглахын тулд Өмнийн говийн газрын
гүнээс секундэд 844 куб ус татаж гаргана. Олон жилийн туршид говийн усыг ингэж
ашиглахаар тухайн газрын доор хөндий нүх л үлдэнэ. Дээр нь ус ашиглалтын төлбөрийг
хамгийн хямд үнээр тооцож авахаар гэрээ байгуулсан нь төр хамгийн муу менежер болохоо
харуулсан том жишээ болжээ.

Басхүү дээдсүүд сүүлийн үед Монгол Улс уул уурхайгаа
түшин, босоход баяжих боломж байгаа талаар ярих болсон нь бас л явуургүй
бодлогын нэг аж. Монгол шиг цөөн хүн амтай, эрх мэдэлтнүүд нь гадаадын
олигархуудын гар хөл нь болон гүйхээс цаашгүй байгаа нь эцэстээ гадны баячуудын
шавхруу горьдсон ард түмэн болж хувирах аюулыг даллаж буй. Дэлхийн туршлагаас
харахад байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлоод баяжсан орон бүр байхгүй.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 22 хувь гадаадынхны мэдэлд,
лиценз хэлбэрээр очиж, “Айвенхоу Майнз”-ын захирал Фрийдланд Америкт очихоороо
“Би Монгол Улсад Калифорниос ч их газар нутаг эзэмшдэг” гэж баярхдаг нь өмнийн
говь үндсэндээ түүний мэдэлд очоод байгааг сануулахад илүүдэхгүй хэмээн анхааруулаад
авав.

Алдарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд анх
2009 оны гуравдугаар сард энэхүү гэрээг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд
танилцуулж байхад Монгол Улс ашгийнхаа 75 хувийг авна гэсэн. Гэрээг сайжруулах
үүрэг авсныхаа дараа буюу долдугаар сард Засгийн газар “59 хувийг авна” гэсэн.
Одоо тооцоод үзэхээр гуравны нэг дээр бууж байгаа төдийгүй, хөрөнгө оруулагч
тал 45 сая тонны зэсийн 19 сая тонныг ашиглах бололцоогүй гэж бултаж буйн
зэрэгцээ 1200 тонн алтын гуравны нэгийг  мөн
газарт нь үлдээхээс аргагүй хэмээн мэдэгдсэн нь монголчууд бид Оюутолгой орд
дээр молигдуулчихаад байгаагийн тод илрэл аж. Тиймээс ард түмнийг хуурч, Оюутолгой
орд газрыг ашиглах гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүдийн ажлыг үнэлж цэгнэхээс
аргагүй. Хариуцлага алдсан эрх мэдэлтнүүдэд Ардчилсан хүчний холбооныхон хариуг
нь барих ёстой” гэсэн үгийг эцэст нь хэлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж