Мөнхийн ногоон нуруут

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Мөнхийн ногоон нуруут

Нэгэн үе манайхан долларыг “үндэсний мөнгө” болгохоо шахав.  Зээл авсан ч доллараар, Хятад, Орос явсан ч доллараар, байр сууцаа авсан ч доллараар, өр ширээ дарсан ч доллараар…
Харин сүүлийн үед доллар доош өнхөрч түүний оронд өөр валют гэх болов. Гэсэн хэдий ч доллар олон оронд хүндэтгэдэг валют нь хэвээр. Харин бидний хувьд тэрээр даяарчлалын гэрч болов бололтой. Долларын ханш хичнээн доош орсон ч бид түүний төрхийг дурсан санасаар байх нь тодорхой.

Хэн нь таны дуртай ерөнхийлөгч вэ?
Зөв хариулт нь Бенжамин Франклин. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч байгаагүй ч бидний хамгийн дуртай 100 долларын дэвсгэртийг чимдэг. Бусад АНУ-ын мөнгөний цаасан дэвсгэртүүд 1, 2, 5, 10, 20, 50 ба 500, 1000, 5000, 10 000, 100 000 дээр ихэнхдээ Хойд Америкийн мужуудын ерөнхийлөгч, бага зэргээр тэр нутгийн шилдэг хүмүүс, улс төрийн зүтгэлтнүүд зурагдсан байгаа. АНУ-д хамгийн гүйлгээнд байдаг дэвсгэртүүд нь нэг ба хорьт. Мэргэжилтнүүдийн батлаад байгаа дэлхийн долларын эргэлтийн тэрбумын гуравны хоёр нь байдаг гэх гадаадад хамгийн  их гүйлгээтэй дэвсгэрт нь тэр нөгөө Франклинг дунд нь зурсан зуутууд. Бидэнд танил болсон дүрдээ орохын тулд Хойд Америкийн мөнгөн тэмдэгтүүд ээдрээтэй замыг туулжээ.
Өнөөгийн АНУ-ын нутаг дэвсгэрт Британийн колонистууд ноёрхож байхад тэд Их Британийн тогтоосон эрх мэдлийнхээ хязгаарт хаантны мөнгөтэй сөргөлдөлгүйгээр онцгойлон өөрийн дэвсгэрүүдтэй болох эрмэлзэлгүй байлаа. Төлбөр тооцоог хийхдээ колонистууд өөрсдийн мөнгөөр хийнэ,
Америкийн тусгаар тогтнолыг 1776 онд зарласны дараа өөрийн мөнгө хэрэгтэй болсон ба анхны оролдлого нь төдийлөн амжилттай болж чадсангүй. Муж бүрийн банк нь өөрсдийн мөнгийг гаргаж байв. Иргэний дайн эхэлсэн 1861 онд л Конгресс жинхэнэ үндэсний валют гаргах шийдвэр гаргасан билээ. Тэр оноос хойш л Америкийн төлбөрийн хууль ёсны хэрэгсэл нь доллар болов.
Харин “доллар” гэсэн нэр нь анхны мөнгөнөөсөө нэлээд хожим гарч ирсэн юм. Тэр үгийг Конгресс нь 1785 оны долдугаар сарын 6-нд албан ёсны болжээ. Британийн колони байсан болохоор тэнд ямар нэгэн фунт л гарч ирэх юм шиг санагдаж байв. Гэвч шинэ залуу улс орон хуучин эзэн, дайснуудтайгаа адилхан мөнгөтэй байхыг хүссэнгүй. “Доллар” гэдэг үг нь “талер” гэсэн герман үгнээс гаралтай. Европт XVI зуунаас гүйлгээнд байсан том мөнгөн зоосыг тэгж нэрлэдэг байжээ. Америк дахь Испанийн колонид тийм зоос цутган “песо” буюу “испани доллар” гэдэг байлаа. Тэр зоос нь Британийн колонид гүйлгээтэй байсан бөгөөд тиймээс нэр нь хэн нэгэнд гайхмаар шинэ зүйл биш байв.
“Бакс” гэсэн цаасан долларын нэр хоёр шалтгаанаар хорвоод үүсчээ. Нэгд нь, “баскинс” гэж колонистуудын индианчуудтай солилцоо хийж байсан бугын арьсыг нэрлэдэг байв. Тэр арьсыг энгийн хүмүүс “бакс” гээд нэрлэж байсан нь жинхэнэ мөнгөний нэр болон өв дамжин уламжлагдсан байна.
Хоёрт нь, 1861 оноос гүйлгээнд гаргасан АНУ-ын бүх мөнгөний ар тал нь ногоон өнгөтэй байснаас шинэ мөнгөөр хөлсөө авч байсан цэргийнхэн түүнийг “гринбакс” (ногоон нуруут) гэж нэрлээд сурчихсан гэнэ. Мөнгөний ногоон өнгө нь бас учиртай. 1861 онд тэр үед байгаагүй их хэмжээгээр 60 сая доллар хэвлэх шийдвэр гаргасан бөгөөд мөнгө хэвлэх үйлдвэрийн агуулахад ногоон өнгийн будаг их хэмжээтэй байсан аж. Тэгээд л баксууд нь “гринбакс” болсон байна.
Хэн гуайг ч шөнөөр сэрээгээд зуруулахад алдахгүй $ гэсэн тэмдэг нь 1788 оноос бий болжээ. Боловсролтой мөнгө цуглуулагчид тэр тэмдгийг “pesos” буюу “песо” гэдэг үгний том “Р” ба жижиг “s” хоёр үсэгнээс үүссэн гэдэг. Энэ ердийн түүх дэлхийн хамгийн их багтаамж утгатай бэлгэдлийн зураглалыг гаргаж иржээ.
Америкийн валютыг гарч ирсэн цагаас нь хойш элдэв зальтнууд шууд хуурамчаар үйлдээд эхэлсэн юм. Иргэний дайны төгсгөлд АНУ-ын цаасан тэмдэгтийн гуравны нэг нь хуурамч байсан гэж ярьдаг. Одоо ч түүнийг хуурамчаар үйлдсээр байгаа. Тиймээс “мөнхийн ногооны” хамгаалалтыг мэргэжилтнүүд цаг үргэлж л сольсоор байдаг.
Хамгийн сүүлчийн өөрчлөлтийг өнгөрсөн жил хийсэн ба зарим нэг зураг нь зууны өмнөхөө хадгалсаар иржээ. Долларыг анхааралтай ажиглавал хэмжээ нь өнгө нь үнэр нь хүртэл адилхан гэхдээ тус бүр нь өөрийн гэсэн онцлогтой. Лондонгоос Нью-Йоркт очсон нэгэн уран зохиолын баатар эмэгтэйн яриагаар “тэдний мөнгө нь надад хамгийн их таалагддаг. Тэднийг жинхэнэ гэдэгт итгэхэд бэрх. “Монополи” гэсэн тоглоом тоглож байгаа юм шиг л санагдах юм” гэсэн нь үнэн ч юм шиг.

Эмэгтэйг хай
Долларын дэвсгэртийн дүр төрх олон зууны турш өөрчлөгдсөөр иржээ. Гэхдээ нэгэн үе дэвсгэртүүд дээр хэний ч танихгүй индиан хүний зураг (1899 онд) мөн бүгдэд танил эмэгтэйн хөрөг байлаа. Марта Вашингтоны хөрөг 1886, 1891, 1896 онуудад гүйлгээнд гаргасан нэг долларын мөнгөн сертификатыг чимж байжээ.

Жорж Вашингтон ба нэг доллар
Ердийн нөхцөлд хамгийн их арчигдан хумигдсан, үрчгэр бөгөөд алдартай дэвсгэрт. Нэг долларын дэвсгэрт нь 21 сарын настай гэх ба дараа нь аажмаар гүйлгээнээс гарч устгагддаг аж. АНУ-д хэвлэгдсэн цаасан мөнгөний 45 хувь нь нэг долларын дэвсгэрт. Нэг баксын хэмжээ нь бусдынхаа адил 156х66 мм ба гүйлгээнд 1869 оноос хойш байгаа.
Долларын нэг талд нь ONE гэсэн том үгийг масоны тэмдэг гэмээр пирамид ба төрийн тамганы дардсаар тойруулан чимсэн байгаа. Тамганы дардасны цагаан толгойт бүргэдийг АНУ-ын бэлгэдэл гэдэг. Харин пирамидыг нь энэ дэвсгэртэд зориулан орос цагаач Сергей Макроновсий буюу Николай Рерих зуржээ.
Дэвсгэртийн нөгөө талд цагаан париктай эрэгтэй хүний зураг байдаг. Тэр нь Жорж Вашингтон юм.
Жорж Вашингтон Америкийн хамгийн алдартай түүхэн зүтгэлтэн. Түүний нэрээр нийслэлээ, нэг мужийг, нуур цөөрөм, хот, суурин, гудамж, талбайг, нуур цөөрмийг нэрлэжээ. Дэлхийн хамгийн өндөр 169 метрийн гэрэлт хөшөө ч түүний нэрээр нэрлэгдэн Вашингтон хотноо босчээ. Үндэстний эцэг, АНУ-ыг үндэслэгчийн нэг, түүхэнд нь анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон 1732 онд Виржиниа мужийн Маунт-Верноны эдлэн газар газар эзэмшигчийн гэр бүлд төржээ. Газар хэмжигч, хурандаа байсан ба хууль тогтоох байгууллагад сонгогдож байлаа. Америкийн тусгаар тогтнолын төлөө тулалдаж байсан армийн дээд ерөнхий командлагч байв. Дараа нь хамгийн хүндтэй АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа. Хамгийн алдартай мөнгөн дэвсгэртийг түүнээс өөр хүний зураг чимэхгүй  нь тодорхой.

Томас Жефферсон ба хоёр доллар
Хоёр долларын дэвсгэрт нь нэгийнхээсээ цөөн цуглуулагчийн амтат зүүд юм. Ховорхон тааралдах энэ долларын дэвсгэрттэй болсон бол түүнээс салах гэж яараад хэрэггүй. Анх 2$ дэвсгэрт 1862 онд гарч ирсэн бөгөөд 1869 оноос эхлэн түүнийг Томас Жефферсоны хөрөг (бас л цагаан  париктай) чимэх болжээ. Тэрээр гүн ухаантан, дипломат, Америкийн хувьсгалын нэртэй зүтгэлтэн, Тусгаар тогтнолын тунхгийг зохиох хорооны тэргүүн эцэст нь АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч байжээ.
Түүнийг нэрээр нэрлэгдсэн олон гол горхи, уул толгод, их сургуулиуд, гудамж талбай ба хотууд АНУ-д бий. Вашингтон хотоо зургаан метрийн өндөр хөшөөтэй түүний дурсгалын цогцолбор бий. Ганцхан мөнгөн дэвсгэртийг ийм алдартай хүнд зориулах нь бага хэрэг гэж үзсэн америкчууд таван центийн зоосоо түүний дүрсээр чимжээ. Хоёр баксын ар талыг нь хоёр янзын зураг чимдэг. Ердийн хоёртын дэвсгэрийн ард нь Жефферсоны эдлэн Монтичеллогийн Үндэсний музейн зурагтай. Харин АНУ байгуулагдсаны 200 жилийн ойгоор 1976 онд хэвлэсэн дэвсгэртийн ар талд нь Трамбуллагийн зурсан “Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан нь” гэсэн зургийн хуулбартай. Тийм зурагтай хоёртын дэвсгэрт нь хамгийн ховор олз юм.

“Би тэднийг чамд хэвлээд өгөх хэрэг үү?”
Долларыг хэвлэн, тарааж тоолох ажлыг АНУ-ын Холбооны нөөцийн систем буюу тус орны төв банк хариуцна. Хоёр жилийн өмнө 2006 оны есдүгээр сарын 30-нд дэлхий даяар 971 тэрбум, 922 сая, 146 мянга, 480 долларын цаасан ба зоосон зөнгө гүйлгээнд байна гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийж байсан юм.  АНУ-д өдөр бүр 635 сая долларын дэвсгэртийг үйлдвэрлэдэг ба үүнд 188 тонн чернил хэрэглэх бөгөөд түүний агуулга нь нууц. Нэг дэвсгэртийг хэвлэх зардал нь 5,7 цент болдог. Түүний жин нь 1гр, цаасны бүтцэд нь хөвөн ба маалинган утас ордог. Мэдээж, хиймэл утас ч байгаа.  Долларын дэвсгэртийг таслахын тулд дөрвөн мянгаас доошгүй удаа нугалах хэрэгтэй гэнэ.
Доллар хэвлэж буйг дуртай хүн нь үзэж болох бөгөөд Үүнийг хийхдээ АНУ-ын барлах ба хэвлэх товчоонд хандан зөвшөөрөл авдаг. Жуулчид мөнгө хэрхэн хэвлэгдэж байгааг эхнээс нь дуустал нь хүртэл үзэх боломжтой.  Хэвлэхийн хананд нь “би таван минутын дотор амьдралдаа олоогүй их мөнгийг хэвлэнэ” гэх мэтийн зурагт хуудсыг үзэж болно.  Бэлэг дурсгалын мухлагаас нь гүйлгээнээс гарган зүссэн дэвсгэртийн хэсгийг худалдан авч болно. Мөн таны өндрийг хэмжихэд хэдэн сая долларын дэвсгэрт хэрэгтэйг тоолуулсан тоог ч тэнд авч болдог. Вашингтоны товчоо зөвхөн цаасан мөнгө хэвлэх ба харин зоосыг Техас мужид цутгадаг гэнэ.
Авраам Линкольн ба таван доллар
Амьд ахуй цагтаа долларт зурагдсан анхны гарамгай улс төрийн зүтгэлтэн. Линкольнг 1861 оны аравтын дэвсгэрт зурсан байжээ. Одоо бол түүний дүр 1928 оноос хэлэгдсэн хуучин тавт ба 1999 оноос шинэ тавтад мөнхлөгджээ. Үүнээс гадна 2008 оны эхээр тавтын дэвсгэртийг шинээр үйлдвэрлэхээр амлаад байгаа юм.
Шинэ дэвсгэртийн хамгаалалт төгс болох бөгөөд өнгө нь өмнөхөөсөө өөрчлөгдөнө. Тэнд ягаан өнгийн туяарал ихсэх гэнэ. Бүгд найрамдах намыг үндэслэгч, Иргэний дайнд хойд зүгийнхний удирдагч, боолчлолын эсрэг тэмцэгч, АНУ-ын  16 дахь ерөнхийлөгчийнхөө хувьд Линкольны зураг өөрийн байранд үлдэнэ. “Сонгуулийн саналын хуудас бууны сумнаас хүчтэй”, “Гарман дээр морио сольдоггүй”, “Эрх чөлөө бол хувийн өмчөөс дээгүүр, хүн бол доллараас дээгүүр”… гэх мэтээр түүний үгнүүд афоризм болон тархсан юм. Өмнөдийн талыг дэмжигч, жүжигчин Жон Бут тайзнаас Линкольнг буудан хорложээ.
Тавтын дэвсгэрийн ар талд нь Грекийн сонгодог стилиэр баригдсан бөгөөд дотор нь сууж байгаа ерөнхийлөгчийн асар том хөшөөг байрлуулсан Линкольны дурсгалын байшин зурагдсан байдаг.
Александр Гамильтон ба арван доллар
Америкийн аравтын долларын нүүрэнд хиймэл парик өмссөн бас нэг эрэгтэйн зураг байдаг. Тэр хүн бол тус орныг үндэслэгч эцгүүдийн нэг бөгөөд Жорж Вашингтоны туслах, эдийн засагч, АНУ-ын Үндсэн хуулийг зохиогчдын нэг, Америкийн анхны Сангийн сайд юм. Улс төрийн өрсөлдөгч нарынх нь өдөөсөн дуэлд Гамильтон 1804 онд үхлийн шарх авчээ.
Аравтын ар талд нь АНУ-ын төрийн сангийн барилга ямар нэгэн машин мэтээр зурагдсан байгаа. Тэр “машин” ямар маркийнх вэ гэдэг талаар олон жил маргаан явагдсан юм. Сангийн алба хүртэл түүнд оролцож мөнгөн дэвсгэрт дээр “олон маркийн машины цуглуулга” гэсэн хариу өгч байлаа. Удахгүй гарах шинэ дэвсгэрт дээр Төрийн сангийн байшинг арай өөр дүрслэлээр зурах гэнэ.

Эндрю Жексон ба хорин доллар
Эрэмгийн Эндрю Жексоны хөрөг биднийг хорьтын дэвсгэрт бүрээс угтдаг. АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч эр зоригоороо алдартай байсан нэгэн. Тусгаар тогтнолын төлөө дайнд 14 настай Жексон англичуудад олзлогдоод байхдаа Британийн дэслэгчийн гутлыг цэвэрлэхээс татгалзан нүүрээ сэлэмдүүлжээ. Түүний шарх нь бүх насаар нь нүүрэнд нь үлдсэн юм. Үндэсний баатар болтол тэрээр зоригтой байлдаж байв. Жексон Ардчилсан намыг үндэслэж, долларыг бэхжүүлэхэд бас эрэмгийгээр тэмцэж явав.
Хорьтын дэвсгэрийн ар талд Цагаан ордны нүүрэн талыг дүрсэлсэн байдаг. Харин шинэ дэвсгэрт дээр Цагаан ордны ар тал зурагдах юм байна.

Доллар өгөөч!
Америк доллар өөрийн үндэсний валютгүй орнуудад өргөн ашиглагддаг. Тухайлбал, Панам, Эквадорт. Үүний зэрэгцээ дэлхийн 26 орон өөрийн валютыг доллар гэж нэрлэжээ.

Уилс Симпсон Грант ба тавин доллар
Калифорнийн секвой модны хүрээлэнгийн хамгийн өндөр мод бас хотууд гудамжнуудад алдарт генерал Грантын нэрийг өгснөөс гадна түүнд 50 долларын дэвсгэрт ноогджээ. Тавтын дэвсгэртийн нүүрэн талд АНУ-ын армийн тэргүүн гол генерал Грант зурагдсан юм. Дээрх цолыг зөвхөн түүнд зориулан Конгресс баталсан билээ. Дэвсгэрийн ар талд тэр Конгресс байрладаг Капитолия дүрслэгдсэн байна. Шинэ дэвсгэрт дээр Капитолийн толгодын өнгөрсөн жилүүдийн өөрчлөлт нэмэн зурагдах ажээ.

Бенжамин Франклин ба зуун доллар
Ингээд бидний хамгийн дуртай дэвсгэртэд хүрч ирлээ. Дээр хэлснээр мөнгийг ерөнхийлөгч биш их эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, нийтлэгч, АНУ-ыг үндэслэгч нарын нэг, аянга зайлуулагчийг зохиогч Бенжамин Франклин “танилцуулж” байна. Түүний гарын үсэг гурван чухал баримт бичигт байдаг. Үүнд: Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн хууль, Версалийн энхийн гэрээ орно. Франклины хөрөг зуутын дэвсгэрт дээр 1928 оноос хойш салшгүй хэсэг нь болон дүрслэгджээ. Зуутын ар талд Филадельфийн Тусгаар тогтнолын танхим зурагдсан байгаа. Уг танхимд чөлөөт мужуудыг баяр ёслолтойгоор зарласан ба сүүлд нь тус орны Үндсэн хуулийн баталсан билээ. Зуутын дэвсгэрт долларуудаас хамгийн бат бэх нь. Зуут хүн төрөлхтөнд 60 сар үйлчлээд дараа нь гүйлгээнээс гардаг.
Элдэв хэл яриагүйгээр бэлэн мөнгөний гүйлгээ хийж болох Америкийн хамгийн том болох дэвсгэрт нь зуун долларынх. Бусад том дэвсгэртүүд нь зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт гүйгдэж байх ёстой бөгөөд тэднийг гадагш зөөхийг хориглосон байдаг. Хамгийн том тооны дэвсгэртийг банк хоорондын гүйлгээнд ашиглана. Өдгөө тэр дэвсгэртүүдийг гаргахаа больсон бөгөөд элэгдлээс нь хамааран тэднийг гүйлгээнээс гаргаж байна.

Уильям Мак-Кинли ба таван зуун доллар
Америкийн ерөнхийлөгч байх нь хэцүү. Тэднийг буудаж, шүүмжилж, яллана. Бас “цэнхэр даашинзыг” ч бас мартаж болохгүй…
Таван зуутын дэвсгэртэд зурагдсан Америкийн 25 дахь ерөнхийлөгч Уильям Мак-Кинли 1901 онд Буффало хотноо анархистад буудуулан үхлийн шарх авчээ. Мак-Кинли Америк болон америкчуудад ихийг хийж тус орныг колончлогч гүрэн болгосон хүн юм. Таван зуутын дэвсгэртийг 1928-1934 онуудад гүйлгээнд гаргаж байсан ба түүний ар талд 500 гэсэн гоё тооноос өөр зураглал байхгүй. Америкт уг мөнгөөр гүйлгээ хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг банкинд “бутаргаж өгдөг”.

Гровер Кливленд ба мянгат
АНУ-ын 22 ба 24 дэх ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Гровер Кливлендын зурагтай мянгатын дэвсгэртийг 1928 онд гүйлгээнд гаргасан байна. Ар талд нь Америкийн нэгдсэн улс гэсэн гоёмсог бичигтэй. Америкийн төрийн сангийнхан энэ мөнгөн тэмдэгтийн дизайныг хийнэ гэж нэг их сэтгэмж гаргаагүй бололтой.

Жеймс Медисон ба таван мянгат
АНУ-ын Үндсэн хуулийн эцэг, Томас Жефферсоны Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга, Америкийн дөрөв дэх ерөнхийлөгч Жеймс Мэдисоны хөргөөр таван мянгатын дэвсгэртийг чимжээ. Ар талыг нь тэр цагийн түүхэн зургаар гоёжээ. Таван мянгатыг 1918 онд гүйлгээнд гаргаснаас хойш дизайн нь хэвээр үлджээ.

Сэлмон Чейз ба арван мянгат
Линкольны Засгийн газрын Сангийн сайд, Тусгаар тогтнолын тунхаглал зэрэг баримтуудад гарын үсэг зурсан, доллар дээр “In God we trust” (Бид бурхандаа итгэнэ) хэмээн бичүүлсэн Сэлмон Чейз 1928 оноос эхлэн гаргасан арван мянгатын дэвсгэрт зурагджээ. Энэ гоё мөнгөөр гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй.  Цуглуулгадаа авъя гэсэн ч хилээр нэвтрүүлэхийг хориглосон байгаа.

Дашрамд
“In God we trust” гэх мөртийг “Бид бурхандаа итгэнэ” хэмээн чөлөөт орчуулга хийж болох бөгөөд энэ үг долларын дэвсгэрт бүрийн ар талыг чимнэ. Өөрийн түүхтэй. Америкчуудын хувьд алдартай болоод “Одоор бүрхэгдсэн далбаа” нэртэй сүлд дууных нь үг болсон шүлгээс энэ мөрийг авчээ. Яруу найрагч Фрэнис Скот Ки шүлгээ 1814 онд бичсэн ба энэ мөрт анх 1864 онд Америкийн зоосон мөнгө дээр гарч иржээ.  Шүлэг бичсэнээс 100 жилийн дараа АНУ-ын Конгресс энэ мөртийг төрийн уриа болгон бүх мөнгөн тэмдэгт дээр цутгаж, зурах тогтоол гаргасан байна. Саяхан болтол энэ мөртийг мөнгөн тэмдэгтээс авч хаяхыг шүүхээр оруулж байлаа. Гэвч шүүхийн шийдвэр “In God we trust” мөртийн талд гарч байлаа.

Вудро Вильсон ба зуун мянгат
Зуун мянгат буюу 1934 оны алтан сертификат Америкийн хамгийн том мөнгө. Версалийн гэрээг бүтээгчдийн нэг, Үндэстний лигийн дүрмийг зохиогчдын нэг 1919 оны Нобелийн энх тайвны шагналтан, АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудро Вильсоны хөрөг энэ дэгжин дэвсгэртийг чимдэг.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж