Коморовскийн амтат зүүд

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Коморовскийн амтат зүүд

Ази болоод Европын аль алинд нь ижил заншил бий. Энэ нь тэнгэрт халигсдын араас муу үг хэлдэггүй ёс юм. Гэвч улстөрчид хэзээд яс амардаггүй улс бололтой, онгоцны ослоор амь үрэгдсэн Польшийн ерөн­хийлөгчийг баруун­тай илүү ойр, Оростой хатуу бодлого барьж ирсэн гэдгээр нь одоо ч харьцуулан ярих ажээ.
Хэнтэй харьцуулж байна вэ гэхээр хоёр хоногийн өмнө Польшийн ерөнхийлөгчөөр сон­гогд­сон Бронислав Комо­ровс­кийтай. Тэ­рээр Оро­сын талтай харьцан­гуй найрсаг харилцаатай бай­сан гэх бөгөөд нэг жишээ нь гэхэд л Катыньс­кийн орчимд болох ёсло­лын үеэр тэрээр ОХУ-ын Засгийн газрын тэр­гүүнтэй хамт амь үрэгд­сэн польшуудын бул­шинд цэцэг өргөн хүн­­дэтгэл илэрхийлэхийг зөв­­шөөрч байсан билээ. Ха­рин тухайн үеийн Поль­шийн ерөнхийлөгч үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Ингээд ноён Бронислав Коморовскийг Польшийн ерөнхийлөгч болмогц л Орос болоод Польшийн харилцаанд нааштай үзэгд­лүүд гарах болно гэж олон хүн итгэсэн байх. Тэр ч байтугай олон улсын харилцааны асуудлаар дэл­хийн хэмжээнд онол нь хүндлэгддэг польш гаралтай Збигнев Бзежинс­кий хүртэл ийм итгэл найдварын тухай “Тайм” зэрэг хэд хэдэн онин сэтгүүлд ярилцлага өгсөн байна.
Гэвч юм бүхэн тийм ч амар хялбар биш бололтой. Өнөө цагийн улстөрд шууд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол эдийн засгийн бодит нөхцөл байдал юм. Өөрөөр хэл­бэл, ноён Бзежинскийн хэлсэн шиг “ цэрэг эрсийн дурсгалд цэцэг өргөх” зэрэг харилцааны найрсаг хэлбэрүүд ч эдийн зас­гийн хүчин зүйлийн дэргэд жулдах бололтой байна.

Занарын хийн сүүдэр

Чухам ямар зүйл Орос Польшийн харилцаа сайжрах зам дээр сүүдрээ тусгаад байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч байна. Маш товчхон тайлбарлахад Оросоос байгалийн хий авах тухай гэрээнд гарын үсэг зурахаа больж ч магадгүй гэсэн Польшийн шинэ ерөнхийлөгчийн хэлсэн үг юм.  АНУ-ын алдарт пуужингаас хамгаалах систем “Пэтриот”-ийг байршуулж байх үед ч оросууд энэ үгийг сонссоноос бага бухимдсан байж магадгүй л юм. Ноён Коморовский дээрхи үгээ сонгуулийн өмнөхөн хийсэн телевизийн халз мэтгэлцээний үед ч хэлж байсан билээ. Тэрээр “Хэрэв манай улсад хангалттай хэмжээний занарын хийн нөөц олдвол Оростой хийж байгаа гэрээгээ эргэж харах, эсвэл энэ гэрээнээсээ гарах боломж олж авахыг хүсэх болно” гэсэн билээ. Харин одоо Польшийн шинэ Ерөнхийлөгчийн ийм итгэлтэй мэдэгдэл хийх үндэслэл болсон занарын хийн нөөцийн талаар дурдах нь зүйтэй байх.
Умард Америкийн нутгаас асар их хэмжээний занарын гаралтай байгалийн хийн нөөц илэрч энэхүү хийг бага өртгөөр ашиглах технологийг АНУ, Канад зэрэг орны эрдэмтэд боловсруулан ашиглаж чадсан юм. Одоогоор мэдэгдэж байгаа Умард Америк дахь занарын хийн нөөц нь 1000 орчим триллион  куб.метр байгаа бөгөөд тус тивийн орнуудын байгалийн хийн хэрэглээг 45 жил хангаж чадахуйц байна гэсэн үг.  Ийм их нөөцийг ашиглах болсонтой уялдаж  АНУ-д л гэхэд занарын хийн олборлолт гурав дахин өссөн юм. Ингэснээр сүүлийн хорин жилийн дотор байгалийн хийн хэрэглээгээ бусдын хамаарлаас бүрэн гаргаж харин ч бусдад хий нийлүүлэгч болж эхэлж байгаа ажээ.

Шинэ мөрөөдөл “дарлалаас” аварна

Америкчуудын энэхүү амжилтын жишээг польшууд ч бас давтаж болзошгүй байгаа гэнэ. АНУ болон Канадын нэр хүндтэй томоохон компаниудын урьдчилсан судалгааны дүнгээр бол Польшид 1.5-3 триллион куб.метр занарын гаралтай байгалийн хийн нөөц байгаа гэсэн таамаг гарсан байна. Энэ нь нийт Европын хэмжээнд тогтоогдоод байгаа 14 триллион куб.метр занарын хийн нөөцийн бараг 30 хувь нь болж байгаа юм. Хэрэв энэхүү нөөц батлагдвал Польшийн байгалийн хийн хэрэглээнд байнга дутагдаж, хямралд оруулсаар ирсэн 2.5 тэрбум куб.метр хэмжээгээр л бодоход хэдэн арав битгий хэл зуу зуун жилээр яригдах хэрэглээг нь хангана гэсэн тооцоо ч гарч байна.  
Занарын хийн нөөц нь Польшоос гадна Австри, Герман, Румын,Швед зэрэг Европын хэд хэдэн орнуудад байгаа таамаг гарсан ч Польшийн нутаг дэвсгэрийн 12 хувьд нь олдоцын магадлал илүү өндөр гарч байгаа гэнэ. Хэрэв занарын хийг ашиглаад ирвэл Польшийн төдийгүй Европын эрчим хүчний нөхцөл байдал шууд л орвонгоороо эргэх болж байна.
Өнөөдөр нийт Европын хэмжээнд хэрэглэж байгаа байгалийн хийн 25 хувийг Оросын “Газпром“ дангаараа нийлүүлж байгаа билээ. Энэ ч утгаараа Кремлийн зүгээс өөрийн хамаарлыг мэдрүүлэх хандлага байнга илэрч байдаг нь маргаангүй. Хэрэв Польш улс занарын хийн ихээхэн нөөцтэй болчихвол Оросын талтай хийхээр тохироод байгаа 2037 он хүртэл “Газпром”-оос жил бүр 10 тэрбум куб. метр байгалийн хий авах гэрээгээ цуцлах болж байгаа билээ. Өнөөдрийн ханшаар гэхэд л Польш улс Оросоос 1000 куб.метр байгалийн хийг 340 ам.доллараар худалдан авч байгаа юм. Энэ бол маш их хэмнэлт гаргана гэдгийг илэрхийлж байна.
 Нөгөө талаар одоохондоо Польшийн эрчим хүчний төвлөрсөн хэрэглээг дангаараа үүрч байгаа нүүрсний хэрэглээг багасгаж, ингэснээрээ агаар мандалд гарч байгаа нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг бууруулах болж байгаа юм.
 
Байгалийн хийн шинэ суваг

Бас нэг юм байна. Хэрэв занарын хийн нөөц бодитой илэрч Польшид ашиглаад эхэлбэл Европын орнуудад ч мөн асар ашигтай болно. Өнөөдөр Европт байгалийн хийг нийлүүлж байгаа хоёр суваг байдаг. Нэг нь барууны буюу Алжираар дамжин орж ирж байгаа байгалийн хийн урсгал, нөгөөдөх нь Польшоор дамжин орж ирж байгаа Оросын байгалийн хийн урсгал юм. Хэрэв Польш занарын хийг ашиглавал Европын орнуудад гаргаж байгаа Оросын байгалийн хийн экспортыг шууд хааж орхих нөхцөл байдал бодитой нүүрлэж байгаа билээ. Мэдээж  үе үе байгалийн хийн нийлүүлэлтээ тасалж “дарамт” үзүүлдэг оросуудын аашийг нь энэ өвөл амссан Украйн, Белорусь зэрэг орнууд уухайн тас Польштой яриа хэлэлцээр хийж эхлэх магадлалтай юм.
Гэвч асуудлын нөгөө тал гэж бас байна. Европын холбоо аливаа газрын доорхи нөөц баялгийн ашиглалтад байгаль орчинд халгүй олборлох хатуу шаардлага тавьдаг тул энэ нь занарын хийн олборлолтыг гардан хийхийг зорьж байгаа Коноко Филиппс /Conoco Phillips/, Шеврон /Chevron/ зэрэг АНУ-ын компаниудад саад учруулж магадгүй байна. Хэдийгээр занарын хийн судал нь газрын өнгөн хөрснөөс 2-3 км-ээс илүүгүй гүнд буюу нүүрсний олборлолтоос ч нимгэн хуулалт хийхэд хүргэдэг ч уурхайн үйл ажиллагаа Европтоо үзэсгэлэнтэйд тооцогддог Польшийн байгаль орчныг сүйтгэх вий гэсэн болгоомжлол одоогийн ерөнхийлөгч Коморовскийд ч байгаа ажээ. Мөн занарын судлаас байгалийн хийг ялгаж авахын тулд өндөр даралттай усаар цохиулдаг технологи ч ийм болгоомжлолд хүргэж байж болох юм.
Бас нэг тээг байгаа нь Европын орнууд тэр дундаа Польшийн хууль эрх зүйн орчин Умард Америкийн орнуудаас эрс ялгаатай байдаг нь цаашдын хөрөнгө оруулалтад нь нөлөөлөх вий гэж америкууд болгоомжилж байгаа гэнэ. Америкийн орнуудын хуулиар бол газрыг эзэмшигчийн мэдэлд газар доорхи баялгийг эзэмших эрх нь ногдож байдаг. Тэгвэл Польшийн хуулиар газар доорхи баялгийг улс мэдэлдээ авдаг юм байна. Ямар ч болов америкчууд Польшийн хойд нутгуудад тандалтын өрөмдлөгүүдийг хийгээд эхэлсэн бөгөөд наанадаж хоёр жилийн дараа л таамгууд батлагдах гэнэ. Цаашлаад ашиглалт эхэлтэл дахиад хэдэн жил шаардагдсаны эцэст л эдийн засгийн илүү их эрх чөлөөгөө тунхаглах гэсэн польшуудын мөрөөдөл биелэх эсэх нь тодрох гэнэ. Тэр болтол Польшийн шинэ ерөнхийлөгч занарын хий хэмээх “олгойтой шар тос”-ыг шөнө нь зүүдэлж, өдөр нь байгалийн хийн үнийн мэдээг харж суух л болж байна даа.  

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж