Даатгалын нөхөн төлбөр олгох нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Даатгалын нөхөн төлбөр олгох нь нэмэгджээ

Санхүүгийн зах зээлийн нийт активийн 97 хувийг арилжааны банкууд эзэлдэг бол үлдсэн хувийн  0.5 орчим хувь нь даатгалын салбарт хамаардаг гэдэг. Улсын хэмжээнд энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 17 аж ахуйн нэгж, байгууллага даатгалын үйл ажиллагаа эрхэлж буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Даатгалын компаниудад төвлөрүүлсэн даатгалын хураамжийн орлого 80.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нөхөн төлбөрт 22.9 тэрбум төгрөг олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс даатгалын хураамжийн орлого 13.9 тэрбум төгрөг буюу 20.9 хувь, даатгалын нөхөн төлбөр 5.7 тэрбум төгрөг буюу 33.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд эд хөрөнгийн даатгалын орлого 8.7 тэрбум төгрөг буюу 23.7 хувь, хариуцлагын даатгалын орлого 2.2 тэрбум төгрөг буюу 11.1 хувь, санхүүгийн даатгалын орлого 2.1 тэрбум төг буюу 66.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин даатгалын нөхөн төлбөр нэмэгдэхэд санхүүгийн даатгалын нөхөн төлбөр 3.0 тэрбум төгрөг буюу 2.9 дахин, хариуцлагын даатгалынх 1.2 тэрбум төгрөг буюу 16.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж