Д.Данзан: Бөхөө сайн дэмжиж байгаагийн үр дүн юм

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Д.Данзан: Бөхөө сайн дэмжиж байгаагийн үр дүн юм

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Завханы бөхчүүд сайн барилдаж байгаа нь нутаг орны зүгээс бөхөө сайн дэмжиж байгаагийн үр дүн юм

–       Та  саяхан Завхан аймагт томилолтоор ажиллаад иржээ. Аян замын сониноосоо яриач?

-Бид Юнеско-гийн биет бус соёлын өвийн хамгаалалтын болон төлөөллийн жагсаалтанд 2010 онд эрийн гурван наадмаа бүртгүүлсэн. Эрийн гурван наадам буюу бөх барилдах, морь уралдах, сур харвах гэдэг гурван төрөл зүйлээс бүрддэг, төрийн ёслолын хамгийн том  цэнгэл наадам Монгол улсад л байна. Ингэж бүртгүүлснээр Монгол Улс энэ наадмаа яг энэ гурван бүрдэлээр нь бүрэн бүтэн хийж байх үүргийг бид дэлхийн өмнө хүлээж, дэлхий ингэж хийж байхыг  биднээс шаардах  ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхий манай өв соёлыг хамгаалалтандаа авч байгаа юм. Ийм нөхцөлд бид морио уралдуулж, бөхөө барилдуулчихаад сур харваагаа орхигдуулаад байж болохгүй. Эрийн гурван наадмаа уламжлал ёсоор нь, Юнескод бүртгүүлсэн тэр янзаар нь хийх ёстой. Энэ ажлыг хийх боломжийг Монгол даяар бүрдүүлэх нь бидний үүрэг.  Энэ талаар бид Завхан аймгийн бөхийн удирдлагатай эхэлж уулзан санал бодлоо солилцсон юм. Миний явсан гол зорилго бол энэ л дээ. Үүниийхээ хажуугаар Завхан аймгийн үндэсний бөхийн холбооны ажилтай танилцсан юм.

–       Завхан аймгийн үндэсний бөхийн холбоо, хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Завхан аймгийн үндэсний бөхийн холбоо 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны тэргүүнээр Улиастай сумын засаг дарга бөгөөд, Улиастай хотын захирагч Д.Энх-Амгалан, дэд тэргүүнээр Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвийн захирал Г.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар аймгийн заан Л.Баттөр нар, тэргүүлэгчээр нь У.Батдаваа, Ш.Баярмагнай, Х.Жанчивдорж, Батсуурь, у.х М.Дармаабазар, а.х.а Д.Чинзориг, Т.Баттөмөр, а.з М.Батбаяр нарын бөхчүүд  ажиллаж байна. Биеийн тамир спорт, аялал жуулчлалынхаа газарт тусгай  ажлын өрөөтэй, өрөөндөө тогтмол хүн ажиллаж байдаг. Барилдааны үер хүмүүс, бөхчүүд, бөх сонирхогчид орж ирж үздэг. Аймагтаа л гэхэд тохижсон, олон номтой, газар бол Завхан аймгийн бөхийн холбоо байна. Завхан аймгийн бөхийн холбоо улсын хэмжээнд сайн ажиллаж байна. МҮБХ-ноос аймгуудын бөхийн холбоодын дунд зарласан “Их шөвөг” ажил төрлийн уралдаанд түрүүлж байсан бөхийн холбоо. Уржнан Завхан аймагт болсон “Хөдөөгийн хүчтэн” баруун бүсийн барилдааны үер “Бөхийн баяр” нэртэй 5 өдөр дараалсан барилдаан зохион байгуулж байсан. Үүнд өсвөр бөхийн барилдаан насны ангиллаар, нийтийн монгол бөхийн барилдаан,  хөдөөгийн хүчтэн барилдаанаас шалгарсан бөхчүүдийг тойргоор барилдуулж, дараа нь улсын цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулсан. Манайхаас МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, тонж манлай засуул Д.Цогзол нар очиж ажилласан.

–       Та Завхан аймгийн бөхийн холбооны бусад аймгийн бөхийн холбооноос ялгарах онцлогийн талаар ярина уу?

Завхан аймгийн  үндэсний бөхийн холбоо бол маш сайн ажиллаж байгаа бөхийн холбоодын нэг. Жилд 20 орчим барилдааныг зохион байгуулж байна.  Энэ бол хангалттай сайн үзүүлэлт. Тэд холбооны гишүүнчлэл гэдэг зүйл бий болгоод үнэмлэх олгодог юм байна. Үнэмлэхийг бөх сонирхогчид 1500 төгрөгөөр худалдан авч, барилдаан үнэ төлбөргүй үздэг юм байна .Тэргүүлэгчид сар тутам 10000 төгрөгийн хураамж төлдөг, жилдээ 120000 төгрөг төлнө. Энэ нь тэдний ажилд нэлээн нэмэр болдог юм байна. Завхан аймгийн ҮБХ-ныхон “Аваргыг аймагтаа бэлдье” гэсэн уриаг гаргасан. Үүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн үзээд энэ бол зөвхөн танай аймаг бөх бэлдэх тухай уриа биш орон нутагтаа спортын төрлөөр аварга бэлдэх монгол даяараа хэрэглэх уриа байна гэж сайшаасан. Тухайлбал Үндэсний спортын 5-р наадам тэр уриан дор болох жишээтэй. Улс даяар хэрэглэхүйц санааг сэдэж гаргасан. Хүүхдүүдийн дунд барилдаан маш сайн тогтмолжсон. Аймгийн төвийн   сургуулиудын   дунд дөрвөн насны ангиллаар байнгын барилдаан хийдэг. Энэ жилийн барилдаан 11 сарын 7-нд эхэлнэ. Цэцэрлэгийн хүүхдүүд бүгд зодог шуудагтай болсон. Энэ бол жигтэйхэн том ажил. Дөрөвдүгээр  сургуулийн биеийн тамирын багш, аймгийн ҮБХ-ны нарийн бичгийн дарга, а.з Л.Баттөр өөрийн сургуульдаа бөхийн хичээл заадаг.  Тус сургууль хивс дэвсгэр, зодог шуудаг,монгол бөхөд анхлан суралцах бичиг гэсэн ном товхимолоор бүрэн хангагдсан.  Хичээлийг дөрөвдүгээр ангид заадаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд болгон бөхийн зохих мэдлэгтэй болсон. Аймгийн хурц арслан Т.Баттөмөр бөхийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Баттөмөр, Баттөр хоёр бусад сургуулиудад хичээлээ орно гэж ярьцгааж байна. Энэ маш зөв ажил. ,Ер нь аливаа ажил хувь хүний  идэвх санаачлагаас  л хамаарна.

– Аймгийн ҮБХ нутгаасаа төрөн гарсан аварга, арслангуудын хөшөөг босгосон санагдана?

-С.Шагж аваргынхаа зэс хөөмөл хөшөөг төв цэнгэлдэхийн хажууд, М.Лхагваа арслангийнхаа  хөшөөг биеийн тамир спорт хорооныхоо хажууд босгосон. Энэ бүгдийг бөхийн холбоо идэвх зүтгэлээрээ л хийсэн.Одоо энэ аймагт төв цэнгэлдэх хүрээлэн, шинээр барьж байгаа спортын төв  ордон,  УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу их хуралд байхдаа барьж өгсөн хүүхэд залуучуудын соёл, амралтын хүрээлэн гурав нийлээд спортын орчинг бүрдүүлж байна.

Бусад аймгуудын цэнгэлдэх хүрээлэн Завхан аймгийн цэнгэлдэх хүрээлэн шиг биш шүү дээ. Хүүхэд залуучуудын цэнгэлдэх хүрээлэнг  а.з Хүрэлбаатар харж хандаад байж байна. Спортод зүтгэж байсан хүмүүс эргээд спортдоо сэтгэлтэй байж өөрсдийн бололцоогоор дэмжиж ажиллахгүй бол спортын байгууллага санхүүжилтээсээ авахуулаад амаргүй. Хүрэлбаатар гуай сайхан сэтгэл гаргаад ажиллаж  байх жишээтэй.

–       Та аймгийн бөхийн холбоонд ямар үүрэг даалгавар өгөв?

Сумдыг тойрсон “Сумын хүчтэн” гэдэг барилдааныг хийдэг юм байна. Үүнийгээ сайн төгөлдөржүүлээрэй, МҮБХ-ны жишгээр томоохон хайрханы нэрэмжит барилдааныг зохион байгуулж явуулах боломжтой, улсын цолтой бөхчүүдийн алдрыг тэмдэглэх барилдааныг хийж байвал зүгээр гэж хэлсэн. Бөхчүүд бөхийн спортоор хичээллээд цолонд хүрээд, амжилт гаргаад, орон нутгийн ард түмнээ баярлуулаад хариуд нь мэргэжлийн спортынхноос дутахгүй хайр шан хүртэж байгаа. Аливаа юм харьцангуй байх ёстой. Америк мэтийн орны зарим мэргэжлийн спортын тамирчид хэдэн зуун мянган долларын шагнал урамшуулал авч байхад манайхан байр орон сууц, машинтай болох нь том шагнал. Үүнийг орон нутаг, нутгийн сайн санаат хүмүүс  өгч байна. Хариуд нь  жилд нэг удаа юм уу бөхөө сурталчлах өөрийн нэрэмжит барилдаанаа аймгийн бөхийн холбоотой хамтарч хийгээд орон нутагт барилдаж буй бөхчүүдээ урамшуулах, монгол бөхөө хөгжүүлэхэд эргээд хувь нэмрээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл бөх хүн бөхийн эрхээ бүх талаар эдлэхийн зэрэгцээ монгол бөх гэдэг өв соёлынхоо өмнө үүрэгтэй,  хариуцлагатай байх ёстой юм.

–       Барилдаан зохион байгуулахад хөрөнгө мөнгө, санхүүг яаж зохицуулж байна вэ?

Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив бөхийн холбоо, бөхчүүдээ маш сайн дэмждэг. Энэ жил улсын наадмын өмнө аймгийнхаа бөхчүүдийг Отгонтэнгэр хайрханы ард Даян зусланд амрааж, бэлтгэл хийлгэхэд 50-60 бөх бэлтгэлд хамрагдсан. Үүний үр дүнд өнөө жил улсын начин 2, улсын гарьд нэг төрлөө. Жил болгон аймгийн арслан нэг хоёроороо төрж байна.

–       Та бөхийн холбооны үйл ажиллагаатай танилцахаас гадна Завхан аймагтай хэр танилцав?

Улиастай хотын хувьд хоёр том голтой, эргэн тойрны уул ус, төвөөс хол биш Ховд аймгийх шиг юм уу гарахад хэцүү биш учраас хүмүүс амралтын өдрөөрөө  аймгийн засаг дарга Довцог, Жинст хайрхан руугаа өөрөө толгойлоод явдаг юм байна. Эхлээд 50-60 хүн явж байснаа одоо арай цөөрч байна гэж ярьж байна. Эмэгтэйчүүд Фэйсбүүкээр бие биенээ уриалаад 4 сарас эхлээд гадуур гарч, уулаад гүйдэг, тэгээд голдоо ордог  хэвшил тогтсон байна.

Сая намайг очиход намрын дунд сарын 17 таарсан. 17-ны шөнө сар сайхан гарсан хойно Богд, Чигэстэйн голын хөвөөгөөр дүүрэн машинтай хүмүүс ирсэн усанд орж байсан. Би ч тэр усанд орлоо. Энэ мэтээр эрүүлжих тал дээрээ их анхаардаг газар юм байна.

Аймагт засмал зам их тавигджээ.  Мөн амьдрах ухааны ордон, ахмадын ордон баригдаж байна. Хүний хөгжил, хүн рүү чиглэсэн ажлууд явагдаж байгаа нь таатай санагдаж байсан.

Би аймгийн төвийн 200 орчим багш нарт “Шинжлэх ухаан ба бурхны сургаалын уялдаа, шүтэлцээ” сэдэвтэй лекц уншсан. Ийм соён гэгээрүүлэх чиглэлийн лекцийг хотоос, өөрийн орон нутгаас хүмүүс урьж авчирч уншуулдаг юм байна. Саяхан Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай ирж лекц уншаад явсан байсан. Нэг жаахан дутагдалтай тал нь номын дэлгүүр байдаггүй. Би тэр өдөр хутагтуудын тухай ном олж авъя гээд номын дэлгүүр хайгаад олсонгүй. Интер номын дэлгүүр гээд хаяг байхаар баярлаад ортол хэдэн үзэг дэвтэр байсан. Холбооны газар 20-30 ном байсан. Завхан аймаг олон гэгээнтэн хутагтуудтай, оюуны потенциал ихтэй, монголын алдартай эрдэмтэд төрөн гарсан газар шүү дээ. Ийм байж болохгүй номын дэлгүүртэй бол гэж хэлж захисан. Манай их сургуугийн физикийн багш Н.Содном, Д.Батсуурь, М.Лувсандорж,Г. Очирбат, Б.Бурмаа нар Завханых байсан.

Эх сурвалж: ww.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж