Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.11.12/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсгийн саналыг нэгтгэж дуусаагүйн улмаас 16 цаг хүртэл хурлыг хойшлууллаа.
Хуралдааны эхэнд хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, ажлын хэсэг 2015 оны төсвийг хэмнэлттэй, арай илүү эрүүл, бодит болгох зорилтыг тавьж ажилласан гээд Улсын Их Хурлын байнгын хороод болон нам, эвслийн бүлгүүдийн саналыг авч нэгтгэсэн тухай хэлж байв.
Гишүүд Ажлын хэсгийн санал дүгнэлтийг тараахыг хүлээж байх явцад хуралдаан даргалагчийн зүгээс саналыг нэгтгэх явцад зарим техник ажиллагаа шаардлагатай байгаа тул хуралдааныг түр завсарлууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.