Д.Нацагдоржийн хөшөөнд Драмынхан хүндэтгэл үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн хөшөөнд Драмынхан хүндэтгэл үзүүлжээ

*Театрын уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Улсын драмын эрдмийн театрын 84 дэх үзвэрийн жилийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон. Театрын уран бүтээлчид уламжлал ёсоор арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн. Энэ уламжлалын дагуу өнгөрөгч долоо хоногт “Тэнгэрийн хүү”, “Ану хатан” үндэсний түүхэн жүжгүүдийг толилуулсан билээ. Тэгвэл энэ долоо хоногт "Саран хөхөө" үндэсний сонгодог жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

Харин театрын уран бүтээлчид өнгөрсөн 7-ны өдөр Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөсөн. Дэлхийн улс орны алдартай театрын өмнө нь тухайн театраар овоглогдсон хөшөө байдаг бол манай улсын хувьд эсрэгээрээ байдаг аж. Гэвч театрын уран бүтээлчид Улаанбаатар зочид буудлын урд байрлах Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг нээж, театрын ерөнхий захирал Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу үг хэлж, Гавьяат жүжигчин З.Жарантав их найрагчийн "Миний нутаг" шүлгийг уншиж цугласан олны сэтгэлийг баясгав. 

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа театрын өмнөх талбайд 13-н морьтон баатрын сүрт үзүүлбэр, “Тэнгэрийн хүү” жүжгийн сүрлэг дуу гээд олон олон үзүүлбэрийг үзэгч түмэндээ өргөн барьжээ.

“Түүхэн жүжгүүд өдрүүд”-ийн нээлтийн энэ өдөр болох наймдугаар сарын 7-нд театрын тайзнаа Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тоглосон юм. Энэхүү жүжиг энэ сарын 21, 23-нд 18.00 цагт, 22, 29, 30-ны 17.00 цагаас тус тус тоглогдох аж.

Ингээд арваннэгдүгээр сарын 7-нд болсон хүндэтгэлийн фото агшнаас хүргэж байна.

Ч.БОДРОЛ


Гэрэл зургийг www.drama.mn-с зөвшөөрөлтэйгээр авав.


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж