Ардчилсан нам дотор болж байгаа бужигнаан сүүлийн үед улам л хүчээ авч байна . Саяхан төрийн бүх эрх мэдлийг барьж байсан “Алтангадас” фракц ганцаардаж, бусад нь нам нийлж сэм хуйвалджээ. Дөнгөж саяхан Ардчилсан намынхаа Засгийн газрын эсрэг ажилласан, кноп дарсан гишүүдийг хөөх тухай ярьж байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өөр зүйд мэдэгдээд эхлэх болсныг анзаарав уу. Учир нь тэд хуучин сайдуудаа хэвээр үлдээн Засгийн газрыг бүрдүүлэх тухай зөвшилцөлд хүрсэн байна.
Эндээс юу хүлээж болох вэ. Ардчилсан намын бүлгийн дарга сайд болж магадгүй нь. Мөн Засгийн газрыг унагах томоохон шалтаг болж байсан сайдууд болох Н.Батбаяр, Д.Ганхуяг нар ч сайдаараа үлдэх магадлалтай. Бас төмөр зам гацаасан бил үү явуулсан А.Гансүх сайдаараа буцааж томилогдоно. “Нэг ардчилал” фракцаас Засгийн газарт ажиллаж байсан Л.Гантөмөр, шинэ Засагт үлдэх нь бараг тодорхой бол уу. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ерөнхий сайдаа тохиролцох энэ ажиллагааны үеэр кнопоо худалдаж сайдаар үлдэх бодолгүй байна гэж мэдэгдсэнээр сайн дураараа “шинэ тоглоомоос” гарав бололтой. Ардчилсан намын 27 гишүүн оролцож Алтангадас хаясан бүлгийн хурал дээр тэрээр намаа бодлогоор хагалж, эргээд сайдын суудал дээр хуйвалдаан хийхийг зарчмын хувьд эсэргүүцнэ гээд санал өгөөгүй аж. Тэгэхээр Хууль зүйн сайдын суудал захиалсан эзнийхээ кармаанд очиход бэлэн болжээ.
А.ТУЛГА