Төсвийн байнгын хороо хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдаж эхэллээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарласан байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 2015 оны төсвийн хуульд цөөнхийн саналыг тусгаагүй гэх үндэслэлээр хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүнээс болж, байнгын хорооны хурал хойшлоод байсан. Тэгвэл цөөнхийн бүлэг ажлын хэсгийнхэнтэй уулзаж, асуудлыг ярьсанаар ойлголцолд хүрч, Төсвийн байнгын хороо хуралдаж эхлээд байна.

Уг байнгын хороогоор Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ингэхдээ төсвийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Тухайлбал, МҮОНРТ-ийн санхүүгийн урсгал зардлыг 3 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг ажлын хэсгээс байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүд “Боломжгүй” гэж үзэн хэвээр үлдээлээ. Харин Гадаад харилцааны сайдын багц дахь гадаад сурталчилгааны арга хэмжээний зардлыг 1 тэрбум төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ажлын хөлсийг 274.1 сая төгрөгөөр бууруулах зэрэг ажлын хэсгээс оруулж ирсэн санал хуралдаанд оролцож байгаа гишүүдийн дэмжлэг хүлээлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж