Увс аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат газарт Орос, Монголын эрдэмтэд энэ оны 10-р сарын 25-наас 11-р сарын 10-ныг хүртэл ажиллалт хийн нэг цоохор ирвэс барьж дохиололтой хүзүүвч зүүжээ. Тэд цусны дээж авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Тус ирвэс нь 3 настай эм, 33 кг жинтэй аж. Хүзүүвчний мэдээллийг харахад тус ирвэсийг ОХУ-ын хил орчмоор явж байна. Хүзүүвч зүүснээр амьтаны байршил хөдөлгөөнийг судлах, мэдээлэл авах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах ач холбогдолтой юм.
Цоохор ирвэст хүзүүвч зүүх ажилд ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргааны эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга Куксин Александр Николаевич, ОХУ-ын Московагийн А.Н.Северцовын нэрэмжит Экологи-эволюцийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Поярков Андрей Димитриевич, Ахлах ажилтан Александров Дмитрий Юрьевич, ШУА-ийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын Ирвэс төвийн захирал Доктор Б.Мөнхцог, ДБХС-ын Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбарын байгаль хамгаалал хариуцсан ажилтан доктор, дэд профессор О.Мөнхтогтох, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн, Э.Жавзансүрэн, байгаль хамгаалагч О.Цэрэнжав, Цэрэндагва, Саальт хүрэн нөхөрлөлийн гишүүд хамтран оролцжээ.
Л.ХАЛИУ