Жонни Депп: Эмбертэй учирсандаа азтайд тооцдог

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Жонни Депп: Эмбертэй учирсандаа азтайд тооцдог

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Жекийн дүрээр танигддаг Холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Юутай ч Эмбер Хёрдтой сүй тавьсанд чинь баяр хүргэе. Эдүгээг хүртэл гэрлэлт, амлалтаас зайлсхийж ирсэн ч, эцэст нь гэрлэлтийг сонголоо. Энэ шийдвэрийг гаргахад танд юу нөлөөлөв?

-Жил өнгөрөх тусам бага багаар хүн ухаардаг гэж би боддог. Харин ухаарах тусам хүний амьдрал илүү амар тайван болдог. Адилхан жүжигчин мэргэжилтэй хосуудын харилцаа төвөгтэй байдаг. Гэсэн ч, Эмбер намайг ойлгож, өөрийнхөө ажлыг тайван хийгээд л явж байдаг болохоор бидний харилцаанд таагүй байдал үүсээд байдаггүй. Анх түүнтэй ярилцах үед ухаалаг байдал нь намайг гайхшируулсан. Ухаалаг, хатуу чанга, өөрийн гэсэн бодолтой.

Үүнээс гадна Слим Харпо ч юм уу, Тампа Ред ч юм уу бараг нэр алдард хүрээгүй блюз хөгжмийн зохиолчдыг мэддэг. Мөн блюз хөгжим, кантри хөгжмийг ойлгодог. Тийм болохоор л сүй тавихаар шийдсэн дээ. Сонирхолтой нь, амьдралынхаа нэгэн мөчийг бусад хэн нэгэн хүний төлөө зориулж болно гэдгийг мэдэрч чадсан. Тэр маань хүүхдүүдийг маань хайрлаж, халамжилдаг.  Эмбер үнэхээр сайхан эмэгтэй. Түүнтэй учирсандаа өөрийгөө үнэхээр азтайд тооцдог.

-Эмберт зориулан хийлгэсэн бөгжөө өөрөө зүүсэн байсан гэж сонссон. Энэ талаар?

-Нью-Йоркийн эртний эдлэлийн дэл­гүүрийн ажилтнаар бөгжөө хийлгүүлсэн. Түүнийгээ баярлуулах ямар нэгэн гайхалтай зүйлийг бэлдэх гээд зүгээр л  оронд нь зүүсэн байсан юм. Үнэнийг хэлэхэд, сүйн бөгжөө хоёр удаа хийлгэсэн. Ойлгоход амаргүй болохоор жаахан тайлбар хийе. Би бөгжнийхөө загварыг хайнгадуу гаргачихсан юм л даа. Зургийг нь маш хурдан зурсан болохоор ч тэр үү хэмжээг нь хэтрүүлчихсэн байна билээ.

Дэлгүүрийн ажилтнууд миний зурсан зургийн дагуу бөгжийг маань урлаж над руу явуулсан байсан юм. Гэтэл алмазных нь хэмжээ нүдний алим шиг л том болчихсон байсан.  Ийм бөгжийг эмэгтэй хүн зүүх нь зохимжгүй. Жүүс худалдаж авахаар гудамжаар зүүгээд явсан чинь нэг л хачин  харагдаад болдоггүй. Тэгээд л арай даруухан болгохоор шийдсэн. Дараа нь түүнийхээ хуруунд тааруулан бөгжийг нь засуулж өгсөн. Харин цаашдаа хэрвээ хүнд бөгж авахаар болбол өөрөөр нь сонгуулбал зүгээр юм байна гэдгийг ойлгосон.

-Ванесса Парадитай одоо ямар харилцаатай байдаг вэ?

-Ванесса бид хоёр сайн харилцаатай байдаг. Амьдралд маань янз бүрийн олон л зүйл тохиолдож байсан ч тийм муу харилцаатай байгаагүй. Бид 14 жилийн турш гайхалтай хором мөчүүдийг хамтдаа үдэж хоёр хөөрхөн хүүхдээ өсгөсөн хүмүүс. Тиймээс урьдынх шигээ л харилцаатай байдаг болохоор аз болоход ямар нэгэн хүндрэл тулгардаггүй юм. Валенса бол гайхалтай эмэгтэй. Би түүнийг хайрлаж, тэр ч намайг хайрлаж байсан.

Тэр маань зүгээр ч нэг гайхалтай эмэгтэй биш, мөн гайхалтай ээж юм шүү. Түүнд ямар ч сул тал байхгүй.  Одоо ч гэсэн л ингэж боддог. Хүүхдүүдийнхээ хувьд бол би өдөр ирэх бүр л тэднээрээ бахархдаг. Тэд маань эмзэг үеэ надтай хамт өнгөрүүлсэн болохоор азаар эелдэг, ухаалаг,  зөөлөн сэтгэлтэй болон өсч хүмүүжиж байгаа.  Амбер ч гэсэн тэдэнтэй маань их дотно, найз шиг нь харилцаатай байдаг юм.

-Энэ онд таны тоглосон “Transcendence” кино нээлтээ хийж, ихээхэн ашиг орлого олсон. Жүжигчин хүний хувьд зохиолын сонголт нэлээд чухал байдаг. Яагаад “Transcendence” кинонд тоглохоор болсон юм бэ?

-Зохиолыг уншиж эхлэх үед хуучны шинжлэх ухааны маань мэдлэг сэргэж байсан тул  сонирхолтой санагдсан. Харин зохиолыг бүгдийг нь уншиж дуусах үед уран зөгнөлт, шинжлэх ухааны зохиол биш, бодит амьдрал дээр байдаг техник технологи дээр суурилан бичсэнийг нь анзаарсан юм. Хүний оюун санааг компьютер, хард диск рүү хуулах боломжтой гэдэг нь бага зэрэг үнэний хувьтай байх. Тиймээс  энэ кинонд өгүүлсэн зүйлүүд ирээдүйд бодит байдалд биеллээ олох магадлалтай тул өвөрмөц санагдсан.

-Энэ кино технологийн дэвшилд түгшүүрийн хонх дуугаргасан гэж зарим хүмүүс дүгнэж байна. Харин таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Би акустик гитар, 1940-өөд оны бичгийн машинаа аваад аяллаа гэж төсөөлье л дөө. Бичгийн машинаараа өгүү­лэл бичиж, ноорог цаа­сан дээр гараараа би­чээд л. Хүн хуучны технологиос гоо үзэмж, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг. Ха­­рин өнөөдрийн тех­ник тех­но­логи маш хур­дац­тай­гаар хөгжиж байгаа бо­­ло­хоор сэтгэл татах зүйл мэдрэгдэхгүй байна. Яах вэ, 3D принтерийн тех­но­ло­ги хөгжиж, хиймэл гар, хөл хийх бололцоотой бол­­сон нь гайхалтай хэ­рэг.

Мөр­гөл­дөөн, үй­мээн үргэл­жил­сээр байгаа улс орнуудын гар, хөлөө алдсан хүүхдүүд дахин халбага барьж, явж чадахаар болж байна. Тиймээс технологийн дэвшил ялангуяа эрүүл мэндийн салбарт ихээхэн ач холбогдолтой. Хамгийн аймшигтай нь хэн үүнийг хянаж, юунд ашиглах вэ гэдэг л байна.

-Яаж ашиглахаас  ач холбогдол нь хамаарна гэсэн үг үү?

-Тэр бол мэдээж. Гэхдээ хүнд байдаг дутагдалтай талыг засах боломжтой гэж би боддог. Жишээ нь, текстэн мессэжийг хүлээн аваад заавал хариу бичихгүй бол болохгүй шүү дээ. Гэтэл энэ чинь миний хувьд дасал болоогүй зүйл учраас хүндрэлтэй байдаг юм. Эрхий хуруугаа солибоод бичихээр хааяа инээдтэй ч юм шиг санагддаг. Хүүхэд байхдаа хэрэглэж сураагүй учраас миний электрон хэрэгслүүд амархан эвдэрдэг.

"Монголын мэдээ" сонин
 Б.Даваахүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж