АН-ын бүлгээс Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэвшүүлэх шийдвэр эцэслэн гаргасны дараа Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн. Мэдээллийг Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгаль, гишүүн М.Лут-Очир, Т.Гантөмөр нар хийсэн юм.
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгаль “Ардчилсан намын дүрмээр УИХ дахь намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэггүй гэдгийг та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 2005 онд Улс төрийн намуудын тухай хууль гарсан. Түүнтэй уялдуулан гаргасан намын дүрэм бий. Энэ дүрмийн 6.8.2-д намын даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Үүний 6.8-ын 2.6-д “Намын дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн, ҮЗХ-ны хуралдаанд оруулж, хэлэлцүүлнэ” гэсэн заалттай. Тэгэхээр УИХ дахь намын бүлэгт ийм эрх мэдэл байхгүй” гэсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.
-Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаад, яг энэ асуудлыг намын бүлэгт шилжүүлэх тогтоол гаргасан гээд байгаа шүү дээ. Гэтэл та бүхэн дүрэм зөрчсөн гэж мэдэгдлээ?
-ҮЗХ-ны хурал дээр намын бүлэгт Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрх өгөөгүй. Тийм байхад намын бүлэг ийм асуудал ярилаа гэсэн гомдол ирсэн. Энэ дагуу манай Хяналтын ерөнхий хорооны хариуцсан хүмүүс шалгаж байна. ҮЗХ-ны хурлын 12 дугаар тогтоолд “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9-ийн 7 болон 6.4.9.17 дахь заалт, ҮЗХ-ны хурлын гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь. Нэг. Ерөнхий сайдыг тодруулах болон Засгийн газар байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөн ҮЗХ-ны хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй” гэсэн 2014 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн тогтоол байгаа. Энэ тогтоолыг бид судалж үзлээ. Тэгээд протокол болон бичлэгийг шалгасан. Гэтэл яг тогтоол дээр хаанаас ч юм хэдэн үг гарч ирсэн байна. Хурлын протоколд Ерөнхий сайдыг томилуулах тухай Үндсэн дүрмийн 6.4.9.17 дахь заалтын эрхийг бүлэгт шилжүүлээгүй байна. Бичлэг болон протоколыг үзэхэд “Ардчилсан намын дүрмийн зургаадугаар зүйлийн 6.4.9 дэх заалтыг үндэслэн Засгийн газар байгуулах асуудлаар УИХ-д суудалтай нам, эвслүүдтэй зөвшилцөх эрхийг УИХ дахь намын бүлэгт даалгасугай” гэж хэлээд, санал хураалгасан байгаа.
–Тогтоол гараад, өнөөдөр Ерөнхий сайдын нэрийг зарласны дараа ийм мэдээлэл хийж байгаа нь ямар шалтгаантай вэ. Яагаад тэр даруй мэдээлээгүй юм бэ?
-Гишүүдийн зүгээс гомдол ирсний дагуу бид шалгаж, нягталж байна. Эхний байдлаар ямар ч байсан иймэрхүү дүрмийн зөрчилтэй зүйлүүд ажиглагдаж байна. Бид удахгүй илүү сайн нягтлаад, тодорхой дүгнэлт гаргана.
-ҮЗХ-ны хурал дээр танай энэ дүгнэлтийг хүлээж авах уу. Өмнө нь найман гишүүнийг намаас хөөх тогтоолыг хүчингүй болгосон шүү дээ?
-Аливаа зүйл дүрмээр зохицуулагддаг. Ардчилсан нам бол дүрэмтэй. Дүрмийг уншаад, хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэнээр манай намд элсдэг. Дүрмийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнээс биш дургүй байгаа хүнийг хүчээр элсүүлнэ гэсэн зүйл байхгүй. Нэгэнт ингээд зөвшөөрсөн учраас дүрмээ мөрдөх ёстой. Цөөн хэдхэн хүн энэ дүрмийг зөрчөөд байгаа юм биш. Хөдөө орон нутагт жишээ нь өөр намын хүмүүстэйгээ нийлээд, сурталчилгаанд, тэдэнтэй нийлээд аймгийн даргаа унагаадаг гэх зэрэг асуудал бий. Тэр бүхэн дээр Хяналтын ерөнхий хороо хуралдаад, үнэхээр хууль зөрчсөн бол намаас нь хөөдөг.
Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд удахгүй болох ҮЗХ-ны хуралд асуудлаа танилцуулах аж.
С.ОТГОН