БНХАУ-ын МАА-н мэргэжилтнүүд туршлага хуваалцахаар иржээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын МАА-н мэргэжилтнүүд туршлага хуваалцахаар иржээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийнхөө хүрээнд Монголын хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлдэг билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж БНХАУ-аас 30 сая ам.долларыг НҮБ-ын Итгэлцлийн санд байршуулсан байдаг ажээ. Монгол Улсын Засгийн газар “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Итгэлцлийн сангийн тухай ерөнхий хэлэлцээрт 2009 онд нэгджээ. Үүний үр дүнд БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран техник туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэж, улмаар төслийн нэгдүгээр үе шатыг 2010-2013 оны хооронд хэрэгжүүлсэн байна.

Тэгвэл хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр болсон талаар  өнөөдрийн хурлаар онцоллоо. Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хоёр дахь шатыг 2014 оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлж, “Хүнсний баталгаат байдал” болон “Монгол мал” хөтөлбөрийг дэмжих юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр БНХАУ болон ӨМӨЗО-оос дөрвөн эксперт, таван мэргэжилтэн хоёр жилийн хугацаанд Монголд ажиллах ажээ. Энэ хугацаандаа эрчимжсэн мал аж ахуй, малын тэжээл, хүнсний ногоо, зөгий, загас, тахианы аж ахуйн чиглэлүүдээр техник туслалцаа үзүүлэх юм байна. Үүний үр дүнд зөгий үржүүлэг, загас агнуур, шувууны фермүүдийг үйл ажиллагааг мэргэжлийг түвшинд хүргэх, баталгаат хүнсээр хүн амыг хангах, хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, дэлхийн стандартуудыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарын компаниудын технологи сайжрах боломжтойг албаныхан онцлов.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж