Дэлхийн эдийн засгийг тоогоор илэрхийлбэл

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийг тоогоор илэрхийлбэл

Дэлхийн эдийн засгийг олон янзаар илэрхийлж болно. Хэрхэн илэрхийлэхээс шалтгаалаад ялгаа гарч ирж ч болох юм. Жишээлбэл ямар загвар, валют ашигласан бэ гэх мэтээс болоод. Жишээ нь 2006 оны ам.долларыг суурь болгон авсан уу гэх мэтээс шалтгаалж өөр өөр үр дүн гаргаж болно. Дэлхийн эдийн засгийг газарзүйгээс салгах аргагүй. Гэхдээ дэлхийн эдийн засаг гэдэг нэр томъёо нь буруу байж магадгүй гэж зарим эдийн засагчид үздэг. Дэлхийн эдийн засаг гэдэгт дэлхий дээр хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой, мөнгөөр илэрхийлж болох үйл ажиллагааг хамруулдаг. Хууль бус хар зах, сүүдрийн эдийн засаг, гэмт хэргийн орлого зэргийг эдийн засагт оруулж тооцоолоход хүндрэл учирдаг. Гэхдээ практик хэрэглээ талаас нь эдийн засгийг тодорхойлж тайлбарлаж болно.

Дэлхийн нийт бүтээгдэхүүн 2008 онд 3.2 хувиар өссөн бөгөөд Хятадын эдийн засаг 9 хувиар өссөн бол АНУ-ын эдийн засаг 1.1 хувь, Европын Холбооны эдийн засаг 0.9 хувь өссөн байна. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн том 12 эдийн засагт АНУ, Япон, Хятад, Герман, Франц, Их Британи, Итали, Орос, Испани, Бразил, Канад, Энэтхэг багтдаг. Дэлхийн эдийн засагт үндэстэн дамнасан корпорацуудын үзүүлэх нөлөө улам бүр ихсэж байгаа. 1999 оны 1 сараас Баруун Европт евро хэрэглэж эхэлснээр Европын эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдсэн ч гишүүн улс орнуудынх нь орлогын ялгаатай холбоотойгоор эдийн засгийн зарим эрсдэл нэмэгдсэн.

Дэлхийн нийт бүтээгдэхүүн (PPP буюу худалдан авах чадварыг тэнцэтгэсэн дүнгээр) 2005 онд 59.38 триллион ам.доллар байв. Дэлхийн нэг хүнд ноогдох бүтээгдэхүүн 2005 оны байдлаар PPP үзүүлэлтээр 9,300 ам.доллар болж байв. Дэлхийн нийт бүтээгдэхүүний: 4 хувийг хөдөө аж ахуй, 32 хувийг аж үйлдвэрийн салбар, 64 хувийг үйлчилгээний салбар бүтээсэн байна. Дэлхийн инфляцын төвшин 2003 оны байдлаар 1-4 хувьтай байв. Дэлхийн нийт өрийн зах зээл 2004 онд 5.187 триллион ам.доллар байв.

Ажилгүйдэл: аж үйлдвэржээгүй орнуудад ажилгүйдэл 30 орчим хувьтай байсан бол аж үйлдвэржсэн орнуудад ажилгүйдэл ердөө 4-12 хувьтай байв. Аж үйлдвэрийн бүтээмжийн өсөлт 2002 онд 3 хувь байв. Дэлхий дахин 2003 онд жилд 15,850,000GWh цахилгаан үйлдвэрлэж хэрэглэсэн. Газрын тос: 2003 онд 79.65 сая баррель газрын тос өдөр тутам хэрэглэж байв. 2001 оны тооцоогоор дэлхийн газрын тосны нөөцийг 1.025 триллион баррель гэж тооцоолж байв. 2002 онд дэлхий дахин 1.1 триллион ам.долларын бүтээгдэхүүн экспортолсны 17.4 хувийг АНУ, 7.6 хувийг Герман, 5.4 хувийг Их Британи, 5.1 хувийг Франц, 4.8 хувийг Япон, 4 хувийг Хятад экспортолжээ. Хөгжингүй орнуудын засгийн газруудын нийт өр 2002 онд 2 триллион ам.доллараар хэмжигдэж байв.

Тээвэр: 2004 онд дэлхий дээр 49,973 нисэх буудал байсан бөгөөд 19,403,061 км урт хатуу хучилттай зам байсан. Харин дэлхийн төмөр замын урт 1,122,650 км байсны 190,000 км нь цахилгаан төмөр зам байв. 1999 оны байдлаар дэлхийн нийт бүтээгдэхүүнд эзлэх цэргийн зардал 2 хувь байсан бөгөөд ойролцоогоор 750 тэрбум ам.доллараар хэмжигдсэний бараг тал хувь нь АНУ-ын цэргийн зардал байжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж