Амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулна

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулна

Монголбанк “Орон сууцны санхүүжилтийн журам”-даа нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөө орон нутгийн иргэдийн “Амины орон сууц”-ыг 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болгожээ. Амины орон сууцны зээлийн хүү 8 хувь байх бөгөөд метр квадратын хувьд ямар нэгэн хязгаарлалт тавиагүй аж.

Орон сууцны санхүүжилтийн журамд хөдөө орон нутгийн амины орон сууц гэж аймаг, сумын батлагдсан хөгжлийн төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймаг, сумдад баригдаж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтанд орсон, дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий орон сууцыг хэлэх ба газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрх нь 20-иос дээш жилийн хугацаатай байх шаардлагатай хэмээн журманд заажээ.

Түүнчлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл (ипотекийн зээл) 2013 оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан 18617 иргэд өндөр хүүгээс 8 хувь руу шилжиж, шинээр ипотекийн зээлд 25366 иргэн хамрагдаж нийт ипотекийн зээл авсан иргэдийн тоо 61 мянгад хүрсэн байна. Дундаж давхаргыг дэмжих, өрхийн хэрэглээг хуримтлал руу чиглүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн үр дүнд ДНБ-д эзлэх моргейжийн хэмжээ 7 хувиас 15 хувь хүртэл өсчээ.

Бид өмнө нь цалингаа зөвхөн хэрэглээндээ зарцуулдаг байсан бол одоо сар бүр цалингынхаа тодорхой хувийг хуримтлуулах замаар орон сууцтай болох боломж бодитоор бүрдэж олон хүн үүний үр шимийг амсаж байгаа нь сайшаалтай юм.

Ийнхүү орон нутагт амины орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжихээр болсон нь төвлөрлийг сааруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд дэм болсон чухал шийдвэр боллоо гэж эдийн засагчид дүгнэж байна. 

“Орон сууцны санхүүжилтийн журам”-тай  эндээс танилцана уу.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж