С.Дэмбэрэл: 2015 оны төсвийг алдагдалгүй, ашигтай батлах санал хүргүүллээ
УИХ энэ долоо хоногт Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг батлах хуулийн хугацаа болно. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөв нь хэт өөдрөг, бодит амьдралд нийцэхгүй болсныг УИХ-ын олон гишүүн шүүмжилж байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төсвийн хуулийг хэлэлцэх үед төсвийн төслийг сайжруулах УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Гишүүд болон Монгол банкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг төслийг сайжруулах, найман заалт бүхий саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-УИХ-аар 2015 оны Мөнгөний бодлогын хууль эцсийн байдлаар батлагдахад бэлэн боллоо. Мөнгөний бодлогын гол агуулга нь юу вэ?
-Ирэх оны мөнгөний бодлогыг маргааш УИХ-аар батлах байх. Инфляцыг нам дор түвшинд буюу долоон хувьд барих, 2015 оны төсөөлөлд 9.5 хувийн хэлбэлзэлтэйгээр нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзсэн. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ямарч улсад мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг уялдуулах хэрэгтэй байдаг.
Эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд мөнгөний бодлого заавал хатуу байх албагүй л дээ. Төвбанкны гол зорилт бол инфляцыг дунд хугацаанд буюу 24 сарын дотор нам дор түвшинд барих бодлого өөрөө валютын ханшийн бодлого болон бусад мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр дэмжигдэн, энэ нь төсвийн бодлоготойгоо уялдаж байж, дараа жилийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ёстой. Мөнгөний болон төсвийн бодлогын аль аль нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ёстой. Тогтвортой бөгөөд нийт эдийн засгийн оролцоотой өсөлт.
-2015 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа ямар алдаа гаргасан гэж Та харж байна вэ?
-Төсвийн бодлогыг хэлэлцэхдээ УИХ-ын бүх байнгын хороо харьяалагдах яамдынхаа төсвийг авч үзээд, баригдах обьектоор нь задалж үздэг. Миний хувьд УИХ-д суухдаа төсөв баталсан хоёр жилийг харахад гаргаж байгаа хамгийн том алдаа нь төсвийн бодлогоо огт ярьдаггүй. Төсвийн бодлого макро эдийн засгийн ямар үр дүнд хүрэх, эдийн засгийг яаж идэвхжүүлэх, бодлогын хувьд мөнгөний бодлоготой уялдаж байгаа, эсэхийг ярих ёстой.
Харж байхад өдөр болгон гурван хяналт шалгалт, жилдээ 1070 удаа хяналт шалгалт хийнэ гэсэн заалт оруулсан байна. Эсвэл 170 мянган маягт хэвлүүлнэ ч гэх шиг. Төсвийн мөнгөөр юу хийж, ямар үр дүнд хүргэх талаар их сул анхаарсан төсөв болсон.
Гэтэл үүнээс өмнө төсвийн ерөнхийлөн захирагч, обьект бүрээр нь шууд задалж, зарцуулах мөнгөний тооцоо хийдэг дутагдлаасаа салж чадаагүй л байна. Хоёрдугаарт, 2015 оны төсвийн төслийг үзэхэд урсгал зардлыг хэмнэсэн байна лээ. Гэхдээ урсгал зардлыг засаг захиргааны бүтэцтэй уялдуулж, илүү хэмнэх боломж харагдаж байна. Тухайлбал, Монгол Улсад яам, агентлаг гэсэн засаглалын бүтэц нутагшсан уу, үгүй юү. Энэ олон яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд гэх занхгар бүтэц зөв, эсэхийг цаашид анхаарах ёстой. Энэ жил харамсалтай нь тэгж анхаараагүй л дээ. 2015 оны төсвийн тухайд урсгал зардлыг Сангийн яамнаас хэдийгээр хасаж оруулсан ч илүү танах боломж мэдээж байна.
Хүн цалин авах хэрэгтэй, гэхдээ цалин авахын тулд энэ бүх яамаар задалсан төсвийн задаргаа ямар үр дүнд хүргэхийг тодорхойлох учиртай. Төсвийн бодлого тооны болон чанарын ямар үр дүнд хүрэх вэ гэдэг дээр Сангийн яам огт анхаардаггүй юм билээ. Татвар төлөгчийн мөнгийг авах гэж байж, түүний оронд ямар бүтээгдэхүүн гаргах гэж байгаа нь тодорхойгүй. Харж байхад жилд өдөр болгон гурван хяналт, шалгалт, жилдээ 1070 удаа хяналт шалгалт хийнэ гэсэн заалт оруулсан байна. Эсвэл 170 мянган маягт хэвлүүлнэ ч гэх шиг. Төсвийн мөнгөөр юу хийж, ямар үр дүнд хүргэх талаар их сул анхаарсан төсөв болсон.
Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын асуудал. Аймаг, сум болгонд, Улаанбаатарт ч цэцэрлэг барих хөрөнгө оруулалт хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсвийн бүтээлч зардал гэдэг. Бүтээлч зардал дээрээ мөнгө тавих ёстой. Гэхдээ үүнийхээ үр ашиг, хөрөнгө оруулалтын мөчлөг яаж явагдаж байна, үр ашигтай зарж чадаж байгаа эсэхэд тооцоо хийх ёстой. Өнгөрсөн жил эхэлсэн барилга юм аа, энэ жил үргэлжлүүлэх ёстой гэсэн хандлага л газар авсан. Түүнээс уг хөрөнгө оруулалтын үр ашиг, үхмэл хөрөнгө ямар байдалд байгааг тооцдоггүй.
-Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашгаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх ёстой гэсэн үг үү?
-Хөрөнгө оруулалтын зардал дээр тэргүүн ээлжинд хийх ёстой хөрөнгө оруулалт нь юу вэ, энэ хөрөнгө оруулалт нь эдийн засгийн идэвхжилийг яаж хангах юм. Энэ хөрөнгө оруулалт нь Монголбанкнаас тавигдаж байгаа инфляцыг нам дор түвшинд барих зорилтод шууд нийцэж байна уу, үгүй юү. Ханшийн илүүдэл эрэлтийг бий болгох, эсэхийг анхаарч судлаад нэгтгэх тал дээр учир дутагдал их байна. УИХ-аар төсвийг цаг нь тулчихсан хойно хэлэлцдэг учир засаж, залруулах цаг хугацааны боломжгүй болсон байдаг.
-Эдийн засгийн байнгын хорооноос ирэх оны төсвийн төслийг засаж, залруулах найман заалт бүхий санал хүргүүлсэн гэж дуулсан. Түүнд чухам ямар саналууд тусгасан бэ?
-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны улсын төсвийн дээр өгүүлсэн дутагдлуудад дүгнэлт хийж, Монголбанк болон бусад гишүүний саналыг нэгтгээд найман санал гаргаснаа Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсвийн алдагдал хасах хоёр хувиас хэтрэхгүй байхаар баталдаг. Тэгвэл найман саналын нэгдүгээрт, ирэх оны төсвийг алдагдалгүй батлаач гэсэн. Алдагдалгүй батлахаар барахгүй, ашигтай байхаар батлаач гэж байгаа.
Энэ нь урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтыг хасна гэсэн үг. Хасахдаа алийг нь яаж хасах, хэмнэгдсэн хөрөнгө оруулалтыг дотор нь шилжүүлэх тухай ярих ёстой. Тухайлбал, эдийн засгийн идэвхжилийг хангана гэдэг зөвхөн барилга, замын салбарыг дэмжээд бай гэсэн үг биш шүү дээ. Нийт эдийн засгийн идэвхжилийг хангах учиртай юм. Энэ бол нэг талаас компаниудын эдийн засгийн идэвхжил, зах зээл дээрх хэрэглэгчийн идэвхжил юм. Нийт эдийн засгаа дэмжсэн, инфляцыг нэг оронтой тоонд барих шаардлага хангасан төсөв хэрэгтэй байна.
-Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цалин тэтгэврийг нэмлээ ч бараа бүтээгдэхүүний үнэ өсчихвөл нэмэгдэл амьдралд өгөөжөө өгөхгүй. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Цалингийн нэмэгдэл нь инфляцыг өдөөгөөд, эцсийн дүндээ хүн амын худалдан авах чадвар сайжрах биш, сөрөг үр дүнд авчирвал цалин нэмсний хэрэг гарахгүй. Тийм учраас уялдуулахын гол ач холбогдол нь эндээ байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг хамгийн оновчтой төлөвлөж, үр ашгийг тооцох талын ажил манай улсад их муу хийгдэж байна.
Хоёрдугаарт, 2015 төсөвт 708 тэрбум төгрөгийн өр төлөх төсвийг суулгана. Өр төлөх асуудал 2017 оны төсөвт хамгийн их ачаалал өгөхөөр байгаа учир энэ мөнгөө одооноос бага багаар төсөвтөө суулгаж өгөөч ээ гэж байгаа юм. 2017 оноос төлөх Засгийн газрын 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх санхүүгийн эх үүсвэрийг 2015, 2016 оны төсөвт жишээлбэл тус бүр 30 хувиар суулгаж байх ёстой. Үлдсэн 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэсэн санал тавьсан.
Улсын төсвийн санхүүжилтээр бараа үйлчилгээ худалдан авахдаа бүгдийг дотоодоосоо авдаг байх санал гаргасан. Импортын хамаарлыг багасгахын тулд дотоодынхоо аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг, харин Монголд үйлдвэрлэдэггүй цаас, автомашин зэргийг Монгол дахь албан ёсны дистрибютерээс нь авбал дотоодын эдийн засгаа дэмжсэн шийдэл болно.
Гуравдугаарт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шилжүүлэх. Төр бүхнийг барьдаг, тендер зарладаг хэр нь нөгөө талд концессийн гэрээгээр ажил гүйцэтгэсэн компанийн мөнгийг өгч чадахгүй, компаниудыг хохироодог. Энэ бүхнийг шийдэх цаг болсон. Монголбанк, Сангийн яам төсвийн хөрөнгө оруулалтын ажилд хүүгийн дэмжлэг үзүүлдэг байх механизм руу шилжье гэж байгаа.
-Ирэх оны төсөвт орлогыг өмнөхөөс нэмэгдүүлэх тооцоо хийсэн. Эдийн засгийн ийм бодит бололцоо манайд бий юү?
-Сангийн яамнаас орлогын төлөвлөгөөг өндөр тавьдаг. Орлогын төлөвлөгөө гаргахдаа нийт татвар төлөгчид, түүний дотор томоохон татвар төлөгчдийн орлогын дайчилгаа маш өндөр тавьдаг. Өнөөгийн нөхцөлд татвар нэмэгдүүлнэ гэж байхгүй. 2015 оны татвар төвлөрүүлэлт эдийн засгийн өнөөгийн орчинд л явагдана. Татварын гол орлогыг бүрдүүлдэг цөөхөн компани байгаа, тэднээс нэмж авах юм байхгүй. Тиймээс төсвийн орлогыг өмнөх оны түвшинд тооцох санал гаргасан.
2014 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 6.1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. 2015 онд ч үүнээс том тоо тавих хэрэггүй. Манайд жилийн жилд л төсвийн орлого дутдаг шүү дээ. Энэ нь төсвийн бодлого бодитой бус, УИХ-аас сөрөг нөлөө ороод байна гэсэн үг. Үүнийг болиулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, төсвөөс гадуур явуулж ирсэн “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийг төсвийн орлого, зардлагын аль алинд оруулж тооцох ёстой гэсэн санал бий.
Тавдугаарт, зах зээл дээр валютын эрэлтийг үүсгэхгүй байх хэрэгтэй. Импортоор бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авахад валютын эрэлт үүснэ. Эрэлт ихэсвэл ханш суларна. Манайд гадаадын хөрөнгө оруулалт маш муу байна. Төлбөрийн тэнцэл хасах үзүүлэлттэй, валютын цэвэр нөөц маш бага байгаа ийм тохиолдолд эдийн засгийн дотоод нөөц бололцоогоор дэмжихээс сайн сонголт үгүй. Улсын төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хурдан батлах хэрэгтэй. Хэдийгээр электрон худалдан авалтын системийг мөрдөж байгаа ч өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Монгол шиг улирлын хэлбэлзэл ихтэй, хөрөнгө оруулалт бизнесийн идэвхжилийнх нь мөчлөг богинохон байдаг улс оронд энэ онцлогоо дээд зэргээр харгалзсан ил тод, шударга, хөндлөнгийн хяналттай хууль батлах хэрэгтэй.
Зургадугаарт, улсын төсвийн санхүүжилтээр бараа үйлчилгээ худалдан авахдаа бүгдийг дотоодоосоо авдаг байх санал гаргасан. Манай улс импортын хамаарал ихтэй. Энэ хамаарлыг багасгахын тулд дотоодынхоо аж ахуйн нэгжүүдээс бара бүтээгдэхүүнээ, харин Монголд үйлдвэрлэдэггүй цаас, автомашин зэргийг Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас авбал дотоодын эдийн засгаа дэмжсэн шийдэл болно. Мөн хямралын үед хувийн секторт боломж олгож буй хэлбэр юм. Энэ бол урт хугацаандаа заавал хэрэгжүүлэх ёстой ажил.
Нийт эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлнэ гэдэг жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүдэд хүрч, тэднийг дэмжих хөшүүрэг төсвийн бодлогод тусгалаа олохыг хэлж байгаа юм. Төсөв бол Монгол Улсын нийт эдийн засгийн 40-50 хувийг эзэлдэг.
-Төсвийн төслийг сайжруулахтай холбоотой саналаа байнгын хороод Төсвийн байнгын хороонд оруулдаг ч төдийлэн ач холбогдол өгдөггүй. Төсвийн байнгын хороо өөрийн үнэлэлт, дүгнэлт өгсөн төслөө л зүтгүүлдэг гэх шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимд сонсогдож байсан?
-Эдийн засгийн байнгын хороо энэ саналаа хүргүүлээд хоёр долоо хонож байна. Эдийн засгийн асуудлыг хариуцдаг гол байнгын хороо ийм санал өгчихлөө шүү дээ. Үүнийг Төсвийн байнгын хорооныхон буурьтай, суурьтай үзэж, тал талаас нь ярилцдаг байх ёстой. Гэтэл өнөөдөр ярилцдаг эсэхийг ч мэдэхгүй, ярилцдаг процедур нь ч тодорхой биш байна. Үүний оронд ямар барилга байшин санхүүжүүлэх тухайгаа ярилцаад, гол бодлогоо ярихгүй төсвөө баталдаг буруу практикт шилжчихээд байна.
Тийм учраас би өчигдөр өглөө УИХ-ын даргатай уулзаж, Төсвийн байнгын хороонд зөв чиглэлээ өгөөч ээ гэж хэлсэн. Төрийн мөнгөний бодлого, төсвийн бодлогыг уялдуулж байж, төсвийн санхүүжилт маань эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлнэ. Идэвхжилийг нэмэгдүүлнэ гэдэг бол обьект бүрээр хөрөнгө оруулалт хий гэсэн үг биш шүү дээ. Нийт эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлнэ гэдэг жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүдэд хүрч, тэднийг дэмжих хөшүүрэг төсвийн бодлогод тусгалаа олохыг хэлж байгаа юм. Төсөв бол Монгол Улсын нийт эдийн засгийн 40-50 хувийг эзэлдэг. Төсвөөр дамжуулан жижиг, дунд бизнесийг яаж дэмжих юм, тэдэнд хангалттай мөнгө очсон уу гэх мэтээр харах ёстой юм.
-УИХ-аар маргааш 2015 оны Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Та бүхний гаргасан найман санал мөнгөний бодлоготойгоо хэр зэрэг уялдаж байгаа вэ?
-Улсын төсөв, ирэх оны мөнгөний бодлоготойгоо уялдаасай гэсэн үүднээс бид эдгээр саналыг тавьж байгаа. Болох, эсэхийг мэдэхгүй. Уг нь жил жилд Засгийн газар төсвөө хийчихээд, Монголбанкнаас албан ёсоор санал авдаг байвал зүгээр. Гэтэл авдаггүй юм билээ. Монголбанк төсвийн бүх тооцооллыг албан бусаар олж аваад түүн дээрээ дүгнэлт хийдэг. Тийм учраас ирэх оны мөнгөний бодлогын төсөлд эдийн засгийн төв байгууллагууд болох Монголбанк, Сангийн яам хоорондоо макро мэдээллээ солилцох тогтолцоог бүрдүүлэх заалт орууллаа.
Мөн Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран санхүүгийн төлөв байдлын илтгэлээ хагас жил тутамд УИХ-д тайлагнаж байх тухай шинэ заалт орууллаа. Валютын ханшийн хэлбэлзэлд юу нөлөөлж байна, төсвийн нөлөөлөл байна уу, төсвийн хөрөнгө оруулалтын зардал валютын эрэлтийг зохиомлоор нэмэгдүүлж байна уу гэх мэтээр тал бүрээс нь задлан шинжилгээ хийсэн илтгэл, тайлангаа УИХ-д ирүүлж байх урьд өмнө байгаагүй шийдлийг тусгаж өгсөн.
Үүний дагуу 2015 оны эхний улирал дуусахад Монгол Улсад мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дагуу инфляци одоогоор ийм байна. Үүнд ийм ийм хүчин зүйл нөлөөлсөн, цаашид ингэх ёстой гэх мэтээр мэдээлнэ. Төвбанкийг Засгийн газрын нярав боллоо гэх мэтээр шүүмжилдэг. Энэ байдлаас гарахын тулд ирэх оны Мөнгөний бодлогод Төвбанкны үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах олон заалт оруулсан.
-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжих болов уу?
-Амжина. Хугацаа бага байгаа тул УИХ-аар тэгсгээд л батлагдчих вий гэж санаа зовж байна. Дараа нь тодотгол хийж таарна. Улсын төсвийг харж, ажлаа төлөвлөсөн аж ахуйн нэгжүүд тодотгол хийхэд хамгийн ихээр хохирдог.
Э.ЭНХМАА
Эх сурвалж: www.gogo.mn