Үсэндээ цэцэглэсэн цагаахан туузаа авч, гомдлын нулимсаа чимээгүйхэн залгидаг 8б-ийн ангийн дарга Үрлээ. Ангийнхан нь сургуулиа төгсч, баярлаж, хөөрч байхад тэр л ганцхан сэтгэлдээ шархтай, доголон нулимстай үлддэг. “Би чамд хайртай” киноны кадр бүр нь хүүхэд насны гэнэн томоогүй зан, 80-аад оны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Тиймээс одоо хүртэл үзэгчид энэ кинонд хайртай. Үрлээг өрөвдөж, Баярааг үзэн ядаж, Дэлгэрийг магтаад л.
Дуртай киноныхоо гол дүрийн баатарыг энэ удаа “Дэлгэцийн танил” булангийнхаа зочноор урив. Гэхдээ гэнэн цагаахан зангаасаа болж, хайртай хүндээ хаягддаг Үрлээ биш. Харин үймээний эзэн, онгироо, сагсуу Баяраатай уулзахаар очсон юм. Цэх шулуун мөр, өтгөн хар хөмсөг, гал цогтой нүдийг нь төсөөлсөөр хаалгыг нь тогшлоо. Түүний үсэнд үл ялиг буурал суужээ. Харин өнөөх цовоо цолгин дуу нь хэвээрээ байна. “Дэлгэцийн танил” булангийн зочин “Би чамд хайртай” киноны Баяраа буюу Нямдаваагийн Бадрал.
ГАЛЧААС ЖҮЖИГЧИН БОЛСОН ЗАМНАЛ
Түүнтэй ярилцахад 29 жилийн өмнөх кино зургийн талбай, түүхээр аялах шиг мэдрэмж төрсөн. Н.Бадралын цэл залуухан 20 нас энэ кинонд мөнхөрсөн юм.Түүний дурсамжаа ярих бүртээ хөөрч, сэтгэл нь догдолж байгаа нь нүднийх нь харцнаас мэдэрч болохоор. Харин Дэлгэрт тоглосон хөгжимчин Л.Эрдэнэбаяр агсныг дурсахдаа хоолойных нь өнгө чичирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан. “Би чамд хайртай” киног найруулагч Б.Балжинням 1985 онд бүтээсэн. Кино хүүхэд, залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлж, тэдэнд сургамж болох зорилготой. Гэвч тухайн үеийн үзэл сурталд нийцэхгүй, 10 жилийн сурагчдад буруу үлгэр дуурайлал өгнө гэж үзээд, яамны зүгээс гаргахгүй гэсэн шийдвэр гарсан удаатай. Харин Э.Оюун багш киног дэлгэцэнд гаргахад хүчтэй нөлөөлсөн ажээ. Харин Н.Бадрал тухайн үед Монгол телевизэд уурын зуухны галч байв. Нэг өдөр түүнийг ажлаас нь халах тушаал гарчихаж. Ямар ч буруу зүйл хийгээгүй тэрээр даргынхаа өрөөнд ороод “Би гэм хийгээгүй шүү дээ” гээд гэнэт уйлчихсан гэнэ. 1980-аад оны залууст ажлаасаа халагдана, ажилгүй сууна гэдэг байж болохгүй асуудал. Харин Жаргал дарга нь түүнийг Кино нэгтгэлийн жүжигчин болгохоор шилжүүлсэн нь энэ байжээ. Ийнхүү Н.Бадрал “Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрээр жүжигчин болох анхны гараагаа эхэлсэн түүхтэй. Түүний өвөө нь мөн л урлагийн хүн байсан. Хэдийгээр Н.Бадрал хөлд орох наснаасаа Монгол кино нэгтгэлийн байранд тоглож өссөн ч гол дүрийн жүжигчин болоод тэр босгыг алхахад бас өөр сэтгэгдэл төрж, “сүрддэг” юм билээ гэж дурсав.
БАЯРААГИЙН АНХНЫ ҮНСЭЛТ ҮРЛЭЭ
Баяраагийн дүрийг Н.Бадралд “амлачихсан” байсан гэж тэрээр ярьсан юм. Учир нь найруулагч эхнээсээ л дүрээ бодохдоо түүнийг төсөөлчихсөн. Тиймээс Н.Бадралтай хэдэн хүн дүрийн төлөө өрсөлдөж, ямар тэмцэл болсныг сайн мэдэхгүй гэсэн. Харин анхны проб нь өлгүүрийн хажууд Үрлээтэй үнсэлцдэг хэсэг гэнэ. Тухайн үеийн хүүхдүүд хайр сэтгэлийн асуудлаа нууцалдаг байсан учир охин үнсч, кино зураг авахуулна гэдэг амаргүй даваа байсан нь мэдээж. Хамаг биеийнх нь хөлс цутгаж, хөл нь чичрээд л. Энэ үед Б.Балжинням найруулагч түүнийг “Өдий том болчихоод охин үнсэж үзээгүй юмуу” гэж загнаж байсан гэнэ. Анх кино багийнхантайгаа танилцахад “Би Үрлээ байна” гэсээр цовоо дуутай бүсгүй орж ирсэн нь жүжигчин С.Пүрэвмаа. Харин үг дуу цөөтэй залуу хажууд нь сууж байсан нь Дэлгэрт тоглосон Л.Эрдэнэбаяр ажээ. Үе тэнгийн залуус нэг кинонд гол дүр бүтээх болж, зохиолтойгоо танилцсанаар киноны анхны мотор дуугарчээ. Н.Бадралын хамгийн хэцүү, сэтгэл догдлуулсан зураг авалт нь анхны проб өгсөн өнөөх үнсэлцдэг хэсэг байжээ. Ээжийнхээ хайранд эрхэлж, ээждээ л үнсүүлж явсан хүү ийнхүү анхны үнсэлтээ кино зураг авалтын үеэр Хүүхэлдэйн театрын хөөрхөн бүсгүй С.Пүрэвмаад алджээ. Зураг авалтын хугацаанд зөвхөн кинонд тоглохоос гадна гол дүрийн жүжигчдийн дунд үнэнч нөхөрлөл, бие биенээ шохоорхох нууцхан сэтгэлийн гал дүрэлзэж эхэлсэн байна. Энэ үеэс Баяраа, Дэлгэр хоёр дотно нөхөрлөжээ. Хамтдаа зохиолоо уншиж, киногоо хэрхэн гоё болгох, Үрлээг яаж нөхөрсөгөөр шоглох тухай хөгжилтэй төлөвлөгөө боловсруулдаг болсон гэнэ. Мөн зураг авалтын үед бие биедээ туслаж, санал бодлоо солилцоно. Кинонд зөвхөн гол дүрүүдээс гадна нэг ангийнхны тухай өгүүлдэг. Жүжигчин Н.Бадрал тэдгээр найзуудтайгаа одоо ч мэндийн зөрөөтэй явдаг гэнэ. Ангийн дарга Туяахүү нь Швейцарьт амьдардаг ажээ. Жүжигчин Н.Бадралын дурсамж бүрт Дэлгэр найз нь хамгийн том орон зайг эзлэх юм. Тэрээр “Кино дууссаны дараа би Дэлгэрээс найз нь Баяраа шиг муу хүн юм болов уу” гэж асуухад “Миний найз Баяраагаас тэс өөр, сайн хүн шүү дээ” гэж хэлж билээ. “Би тэр үгийг нь хэзээ ч мартдаггүй” гэж дурссан юм. Дэлгэр кинонд гардаг шигээ үг дуу цөөтэй, даруухан хөвгүүн байжээ. Харин Баяраатайгаа нийлэхээрээ хааяа дэггүйтддэг ч их ухаантай төлөв даруухан хүү байсан тухай тэрээр дурсав.
С.ПҮРЭВМААГИЙН ГАРААС АТГААД ЯВАХАД ХӨЛ НЬ ЧИЧИРЧ БАЙВ
Хайр сэтгэл хаанаас ч юм нисээд ирдэг. Хэн нэгнийг онцолж, ялгавар ханддаггүй. Харин тэр хайраа хүндэлж, дээдэлж явах ухааныг 1980-аад оны залуус илүү мэддэг байсан ч юм шиг . Үүнийг кинонд Дэлгэрийн дүр тодотгож өгдөг юм. Тэр Үрлээг хайрлаж, өмөөрч, түүний төлөө бүхнийг орхидог. Харин түүний эсрэг дүр нь Баяраа. Чинээлэг айлын, эрх хүү Баяраа гэнэн цайлган бүсгүйн сэтгэлээр тоглодог. Харин тухайн үеийн нийгэмд залуусын хайр сэтгэл харьцангуй нууц, хүүхдүүд бие биеээсээ ичдэг байсан тухай дугаарын зочин онцолсон юм. Одоогийн хүүхдүүдтэй адилхан гудамжинд, ахмад настны хажууд үнсэлцэх зориг, ухамсар бидэнд байсангүй гэж тэрээр ярьж байна лээ. Эмэгтэй хүүхдийн уруулд битгий хэл гарт нь гар шүргэхэд хамаг бие нь бадайрч, нүүр нь улайдаг байсан нийгэмд жүжигчин Н.Бадралын залуу нас өнгөрчээ. Анх С.Пүрэвмааг хөтлөөд явахад хөл нь чичирээд, сандарч байсан хөгжилтэй дурсамж түүнд бий. Харин зураг авалтгүй үед шоглочихдог хэрнээ хайр сэтгэлтэй хэсгийн зургийг авахаар биеэ бариад хэрэндээ ичдэг байж. Энэ зан нь тэдний хүмүүжлээс эхтэй гэнэ. Эцэг эх нь ахмад хүнээс үг сонс, бусдаас ичиж сур гэж захидаг байжээ. “Би чамд хайртай” киног Хорооллын эцэст байх ерөнхий боловсролын сургуульд зургийг нь авсан. Дэлгэрийн гүйдэг хэсэгт тэр хавийн дүр төрх тод харагддаг даа. Кинонд Баяраагийн мотоцикльтэй онхолддог хэсэг гардаг. Тухайн үед Н.Бадрал мотоцикль унаж чаддаггүй байсан учир түүнийг тусгай сургалтад суулгажээ. Харин эрхүүлж, үргэлж өмөөрдөг аавынх нь дүрд тоглосон З.Жарантав гуайг одоо ч тэрээр “Ааваа” гэж дууддаг гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Аав минь тэнгэрийн оронд байгаа ч би ааваа гэж дуудах хүнтэйдээ баярладаг. Хааяа аавтайгаа тааралдахаар эрхэлнэ, тоглоно. З.Жарантав гуай ч намайг өөрийн хүү шигээ хайрладаг юм” гэж дурслаа. Кино зураг дууссанаас хойш кино группийнхэн бүгдээрээ уулзсан удаа байхгүй гэнэ.
“БИ ЧАМД ХАЙРТАЙ-2”-Т ИЛҮҮ ТОГЛОХЫГ ХИЧЭЭСЭН
Одоогоос дөрвөн жилийн өмнө “Би чамд хайртай” киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болсон. Олон хүний сэтгэлд хүлээлт үүсгэж, магтаал, шүүмжлэлийг дагуулсан тэр бүтээл Үрлээ, Баяраа хоёрыг дахин уулзуулжээ. Н.Бадралын хувьд энэ үе амьдралынх нь нандин дурсамжийн нэг. Учир нь гэнэн томоогүй насандаа эргээд очсон юм шиг, багын найз С.Пүрэвмаатайгаа хуучны дурсамжаа ярилцаж, дахин хамтарч тоглох сайхан байсан гэнэ. Анх 1985 онд “Би чамд хайртай” кино үзэгчдийн хүртээл болоход Дэлгэр, Үрлээ хоёрт захиа их ирдэг байжээ. Харин Баяраад ганцхан захиа ирсэн нь анчин бүсгүйгээс иржээ. Түүнээс “Баяраа та хоёрт адилхан зүйл байсан уу” гэж асуухад “Би найзынхаа хэлснээр Баяраагаас тэс өөр хүн” гэсэн товчхон хариултыг өглөө. Кино зураг авалтын дараа Үрлээ, Баяраа хоёрыг хайр сэтгэлийн холбоотой гэсэн яриа дэгдэж байжээ. Энэ тухай түүнээс асуухад “Бид бага залуу байсан. Гэнэн шохоорхол байсан уу гэхээс хайр сэтгэл байгаагүй” гэж хариулсан юм.
ҮРЛЭЭ ТҮҮНТЭЙ ОЙРХОН АМЬДАРДАГ
Биднийг ийн ярилцах зуур жүжигчин Н.Бадрал байн байн цонхоороо харах нь найз С.Пүрэвмаа нь өөдөөс нь харсан байранд амьдардаг юм байна. Тэд үргэлж тааралддаг гэнэ. Хааяа цонхон дээр гараад зогсохоор С.Пүрэвмаа тагтан дээрээ гараад зогсчихсон байгаа нь харагддаг гээд тэрээр инээмсэглэсэн. Тэрээр манай сониноор дамжуулаад найзаасаа уучлалт гуйхыг хүссэн юм. Кино зураг авалтын үед тоймжиргүй хэлсэн үгийнхээ өмнөөс тэрээр гэнэн томоогүй, сурагчийн формтой Үрлээгээсээ уучлалт гуйсан. Магадгүй тэр ямар үг байсныг жүжигчин С.Пүрэвмаа л сайн мэдэх байх. Яагаад ч юм Н.Бадралаас “тэр нь ямар үг вэ” гэж асууж чадсангүй ээ. Учир нь киноны нандин дурсамж, нууц болоод үлдэг гэж бодсоных юм. Дэггүй зан хөдлөөд түүнээс “Та С.Пүрэвмаатай суучихгүй яасан юм бэ” гээд асуучихав. Дугаарын зочин маань хэсэг бодолхийлээд “Миний найз одоо сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болоод, жаргалтай амьдарч байгаа. Би түүнтэй Н.Бадралын хувиар биш Баяраагийнхаа хувиар л уулздаг юм” гэв.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин