Түүхэндээ АН-аас хамгийн удаан эрх барьсан Ерөнхий сайдаар Норовын Алтанхуяг тэмдэглэгдэн үлдэж байна. Уг нь бол түүнийг ийм чимэгтэй болгохыг аль аль нь хүсээгүй төдийгүй эртнээс түлхэж унагаах төлөвлөгөөтэй байсан ч асуудал сунжирж, дэнжигнэсээр “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар рекорд тогтоож дөнгөв.
МАН-ынхан түүнийг огцруулах санал гаргасан тэр мөчтэй зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн таамаг шаргал ордноор тэнүүчилж эхэлсэн. Бүр Засгийн газрын танхимынх нь гишүүдийн нэрстэй, зурагтай гээч. “Үйлдвэржилтийн”, “Мэргэжлийн”, “Мөрөөдлийн” гээд л янз бүрийн тодотголтой. Энэ бүхний ард том санаархал, олон нийтийг итгүүлэх гэсэн башир арга байсан нь гарцаагүй. Харин дөнгөж сая Р.Амаржаргалыг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд болохыг дэмжсэнээр “Авралын” Засгийн газрын үр хөврөл бүрдэж эхлэв бололтой. Гэвч энэ Засгийн газрыг урт наслахгүй гээд мөрийцсөн ч болж байна. Учир нь Р.Амаржаргал 1999 оны долдугаар сараас 2000 оны долдугаар сар хүртэл өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. АН-ынхан Засаг тогтоодоггүй зантай. Тэр л жаягаараа “Авралын” Засгийн газрыг бүрэлдэхээс нь өмнө ч унагааж мэдэхүйц “хор” ордон хавиар гүйж байгаа.
“Үр могойнууд”
Ардчилсан Нам. 2000 онд зургаан хүчнийг нэгтгэн байгуулсан энэ нам өнөөдөр ч нэгэн цул болж чадаагүйг урт намрын шаргал өдрүүдэд өрнөсөн үйл явдал нотоллоо.
Үзэл баримтлал гэхээсээ илүүтэй эрх ашиг, үнэт зүйлс гэхээсээ халаасны нэгдэл дээр суурилсан бүлэг, фракцууд хувиа хичээж, довоо борлуулсан аминчхан ашгаас болоод өнөөдөр намын дотор жижиг намууд “үр могой” шиг байсаар байна. Тэдний арай торниунаас нь хэлбэл “МҮДН”, “Шонхор”, “Алтангадас”, “Нэг ардчилал” гэдэг. Хамгийн хүчтэй буюу УИХ-д суудалтай нь шүү дээ. Тиймээс ч тэд Ерөнхий сайдын суудлын төлөө өөр зуураа өштөн мэт “дайтлаа”.
“МҮДН”-ээс Р.Амаржаргал, “Шонхор”-оос С.Эрдэнэ, Г.Баярсайхан, “Алтан гадас”-аас /МАН-тай хамтран Засгийн газар байгуулснаар “Алтангудас” гэж хочлуулах болсон/ Ч.Сайханбилэг, МоАХ-аас Д.Ганбат /Х.Баттулгын хүүхэлдэй болж нутагт нь нэр дэвшсэн ч сүүлийн үед “Шонхор”-той сүжрэх болсон/ гээд нам доторх “намууд”-ын ашиг сонирхол ил болов. Олон ургальч үзлээс илүү орлого, санхүүгээ нэмэгдүүлж, хэн нь юуг мэдэлдээ авах вэ гэсэн хуваарилалт дээрээ тохироонд хүрч чадахгүй чинийх ганц, минийх ганцхан гэж чаргууцалдсаар. Нэр дэвшигчдээ хэвлэлээр сурталчилж, олон нийтийг битүүхэн сэнхрүүлнэ. Яг л лангуун дээрх борлогддоггүй бараагаа “хямдрал” нэрээр шахдаг шиг. Горилогчдоос хасагдсан, шигшигдсэн зэргийг нь хараад байвал их сонин дүр зураг харагдана. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нар тунасан. Цоорхой шигшүүрийг шигшүүр гэх хэрэгтэй ч юм уу даа. Суудлаасаа буусан ч намын эрх мэдлээ хангалттай хадгалж үлдсэн Н.Алтанхуяг бол ганц л үг хэлээд байгаа. Тэр нь “Манай дүрмээр Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж ҮЗХ-нд оруулах ёстой. Шинэчлэлийн ЗГ-аа дэмжиж, АН-ын дүрэм, журмыг тууштай баримталж ирсэн УИХ-ын гишүүдээс би нэр дэвшүүлнэ. Намын даргын хувьд ЗГ-аа огцруулахад оролцсон гишүүдээс нэр дэвшүүлэхгүй” гэж. Энэ нь хамгийн хүчтэй өрсөлдөгч Р.Амаржаргалыг дэвшүүлэхгүй ээ л гэсэн санаа. Түүнд л зориулсан үг. Гэхдээ Р.Амаржаргалын хувьд, Ерөнхий сайдыг хийгээд явчих чадалтай нэгэн. Түүнийг дэвшүүлээд буй нь ч цаанаа учиртай. Энэ хүнийг дэвшүүлснээр “МҮДН”, “Шонхор”, “МоАХ”-ныхон ЗГ-ынхаа танхимыг хуваан авна гэсэн үг. Н.Алтанхуяг наашаа харж инээж, цаашаа харж уйлж суугаа биз. Харин Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болно гэдэгт иргэд бол ам сайтай байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд мэдлэг боловсрол, багаар ажиллах чадвар, үзэл баримтлалаас илүүтэй өөрсдийнх нь бизнес, эрх мэдлийг хэрхэн тэлэх боломжтой вэ гэсэн ганц л шалгуур тавьж буй энэ нөхцөлд дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Р.Амаржаргал байсан ч бялуугаа хэрхэн хуваахаас түүний Засгийн газар урт наслах эсэх нь тодорхой болох юм.
Ардчилсан намын жирийн гишүүд, орон нутгийнхан АН-ын фракцуудыг эв нэгдэлтэй, нэг үзэл бодол, нэг эрх ашигтай байх ёстой гэдгийг Удирдах ажилтны зөвлөгөөнд ирэхдээ аминчлаад явсан. АН бол хэдхэн фракцын нэгдэл биш. Энэ бол ард түмний итгэл, дэмжлэгийг өвөртлөн хөгжил өөд тэмүүлэн давхих “хүлэг”, 2012-2016 оны хооронд шүү дээ. Жирийн дэмжигчид, ҮЗХ-ны гишүүд нь аргаа барахдаа Ардчилсан намын таван туганд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт гардуулж байх вэ. АН өнөөдөр муухай харагдаж байна. Энэ намыг муухай харагдуулж байгаа нь үзэл баримтлалд бус эрх ашигт дөрөөлсөн фракцуудын шунал юм. Фракцуудын шунал, хуйвалдаанаас болж АН ямар ч боловсон хүчингүй, лидергүй мэт харагдаж байна. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг жишгээр Р.Амаржаргалыг дэмжлээ. Гэхдээ өнгөн дээрээ шүү дээ. Төрийг нам, намыг доторх фракцуудын шунал бузарлаж байна. Баабарын хэлсэнчлэн АН нас нөгчжээ. Б.Лхагвасүрэн зохиолчийн “Үр могойг” санагдуулам өлсгөлөн фракцууд АН-ыг тал талаас нь залгихаар гэтэж байна.
Л.НАРАНТӨГС