ОУ-ын гар зургийн уралдаанаас Гран при хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

ОУ-ын гар зургийн уралдаанаас Гран при хүртжээ

Олон Улсын гар зургийн уралдаанд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал хүртжээ

Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа.

Олон Улсын Эрүүл хотуудын холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ний өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд 3 ангиллаар гар зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд Хятад, Филиппин, Австрали, Тайвань, Малайз, Япон, Хон Конг, Монгол зэрэг орнуудаас 80 гаруй материал хүлээн авч, эрүүл хотын үзэл санааг өөрийн уран сэтгэмжээр илэрхийлсэн шилдэг зургуудыг шалгаруулсан  байна. Энэхүү гар зургийн уралдаанд манай улс идэвхитэй оролцож, мэргэжлийн зураачдын ангилалд Монгени сургуулийн багш Ц.Цэгмид 1 дүгээр байр, сургуулийн хүүхдийн ангилалд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал, тусгай байранд Монгени сургуулийн сурагч О.Бишрэлмаа, Д.Ариунаа, 60 дугаар сургуулийн сурагч Э.Сарнай нар шалгарч бүтээлүүд нь Эрүүл хотуудын холбооны 2015 оны хуанлид хэвлэгджээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Манай улсын мэргэжлийн зураачид болон зураач хүүхдүүд энэхүү уралдаанд байр эзэлж, амжилттай оролцсонд баяртай байна. Хүүхдүүд маань Улаанбаатар хотоо эрүүл болгох олон өвөрмөц санааг уран сэтгэмжээр илэрхийлж, ур чадвараараа олон улсад шалгарсан нь сайшаалтай юм. Цаашид өөрсдийн зурах авъяасаа улам хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд идэвхитэй оролцоорой” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж