
Мэдээж бидэнд үнэгүй олдсон тариаг үг, хэл ам багатайхан хийлгэх гэсэн монгол сэтгэлгээ давж байсан биз ээ. Тиймээс тарилга хийсний дараа гарах хүндрэлийн талаар бодох ч сөхөө байгаагүй. Европ болон БНХАУ-аас арванхоёрдугаар сарын сүүлээр олон арван тун вакцин тээвэрлэгдэн ирж Эрүүл мэндийн сайд ч инээд алдан хайрцаг, хайрцгаар тэвэрч зогссон дүр зураг сонин хэвлэлээр бишгүй л нэг гарав. Үүний дараа улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүдэд вакцинжуулах ажиллагаа эхэлж, хормын төдийд 25000 мянган хүүхэд вакцинд хамрагдсан гэсэн тоо баримт байх юм. Тэрнээс хойш энэ талын мэдээлэл сураг тасарсан гэж хэлж болно. Гэтэл сүүлийн үед олон нийтийн дунд хүний томуугийн H1N1 ханиадны эсрэг тарилга хийлгэсэн хүүхдүүд унаж татдаг боллоо гэсэн мэдээлэл чих дэлсэх болов.
Энэ талаар манай сонинд Багануур дүүргийн харьяат 45 настай М хандан дараах яриаг өгсөн юм.
-Хүүхэд тань одоо хэдэн настай вэ, хэзээнээс унаж татдаг болсон бэ?
-Миний охин 15 настай. Эрүүл хүүхэд. Хамрын ханиад ч ховор тусдаг. Гэтэл өнгөрсөн өвөл Хүний томуугийн H1N1 вирусын ханиадны вакцин хийлгэснээс хойш ойр, ойрхон унадаг болоод байна. Сая хотод ирээд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн үзлэг хийдэг эмчээс эхлээд зөвлөх эмчээр нь хүртэл явлаа . Онош нь тогтоогдоогүй. Одоо охин маань уналтын эсрэг эм ууж байгаа.
-Вакцин хийлгэснээс хойш хэд хоногийн дараа татаж унасан бэ. Тухайн үед дүүргийнхээ эмнэлэгт хандсан уу?
-Эхний өдөр их халуурсан, “Толгой өвдөөд хөл, гар мэдрэлгүй юм шиг болоод байна” гэхээр нь урьдчилан сэргийлэх тарилга хийхээр хариу урвал өгч ийм шинж тэмдэг илэрч байгаа юм байх гээд нэг их тоогоогүй. Тэгээд гурав дахь хоног дээрээ сургууль дээрээ ухаан алдсан юм билээ. Ангийнхан нь гэрт хүргэж ирсэн гэсэн. Тэгээд л түүнээс хойш ойр, ойрхон унаж эхэлсэн дээ. Би хоёр сараас хойш байнга эмнэлгээр авч явж байна.
-Одоо хүүхдийн тань биеийн байдал ямар байна вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу, эмч нар тэгээд юу гэж байх юм?
-Эрүүл саруул байсан хүүхэд унаж татдаг болохоор ямар сайн байх вэ дээ, бүх насаараа уналтын эсрэг эм уух юм гэсэн шүү дээ. Эмч нар вакцин хийлгэснээс болоод унадаг болсон хүүхдүүд ирж байгаа гэж байна лээ. Нэг их хор нөлөө багатай гэсэн тайлбар өгч байсан. Эх нялхсын төвд өнгөрсөн өвөл ханиадны вакцин хийлгээд хүүхэд нь уналт өгдөг болсон гэсэн хүмүүс цөөнгүй ирдэг юм билээ. Ганцхан манай охин биш л дээ. Ер нь нэг, гуравдугаар эмнэлэг, Ачтан эмнэлэгт хүртэл хүүхдүүд хандах болсон гэсэн.
Дээрх эмэгтэйгээс авсан мэдээллийн дагуу бид Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн мэдрэлийн тасгийг зорилоо. Тус тасгийн амбульторийн үзлэгийн эмчээс дээрх асуудлын талаар тодруулахад “Тарилга хийлгэснээс унадаг боллоо гэсэн хүүхдүүд цөөнгүй ирж үзлэг хийлгэж байгаа, тасгийн эрхлэгчээс асуу” гэсэн юм. Ингээд тус төвийн мэдрэлийн тасгийн хүүхдийн мэдрэлийн их эмч Б.Болормаатай уулзлаа.
-Танай мэдрэлийн тасагт томуугаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгээд унаж татлаа гэсэн шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж эмчилгээ хийлгэж байна уу?
-Цөөнгүй ирж хэвтэн эмчлүүлж байна. Тухайн үед өрхийн эмнэлэг урьдчилан сэргийлэх тарилгын талаар ойлголт муутай байсан байх гэж бодож байна. Өрх дээр хүүхдийн эмч нар ажиллаж байгаа. Тэд яагаад хүүхдүүдээ тарилга даах чадвар бий эсэх, эрүүл статусыг нь тогтоож болохгүй гэж. Тарилга хийлгэснээс унаж татлаа гэсэн хүүхдүүд манай тасагт сард 10-15 ирдэг. Мэдээж тарилгаас болоод уналт өгсөн хүүхэд бүрт эмчилгээ хийх шаардлага байхгүй. Учир нь нэг удаагийн таталт өгөх тохиолдол гарч болно. Яагаад гэхээр вакцины дараа хариу урвал өгөх тохиолдол бий. Тэр урвал өгч байгаа үед нь хүүхдээ “вакцинаас болоод хүндэрчихлээ” гээд янз бүрийн харшлын эмээр эмчлэх гэж оролддог. Энэ нь хүндрэл өгөхөд нөлөөлж байгаа хэрэг.
-Олон нийтийн дунд хүүхдүүд нь тарилга хийлгэснээс хойш унаж татдаг боллоо гэсэн мэдээлэл цөөнгүй байна. Яг вакциныг ямар заавар журмаар хийх ёстой юм бол оо. Тухайлбал, мэдрэлийн гаралтай өвчинд нэрвэгдэж байсан хүүхэд тарилга хийлгэснээс ямар хүндрэл гарч болох вэ?
-Вакциныг хүний дархлааг сайжруулж, өвчин үүсгэгчийг эсэргүүцэх чадвартай болгох зорилготой хийдэг. Тарилга хийлгэснээр буруу зүйл уг нь байхгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн дархлааг сайжруулах зорилгоор хийдэг тариа шүү дээ. Өвчинг эсэргүүцэх чадвартай л болгож байна гэсэн үг. Суурь өвчтэй хүүхдүүд тарилга хийлгэснээс хүндрэл гарч болно. Яг тоо баримт хэлэх боломж алга. Энэ чиглэлээр ажилладаг эмч нар сайн мэдэх байх. Тархины эмгэгтэй хүүхдүүдэд хүндрэл гарахыг үгүйсгэхгүй.
-Тарилга хийлгээд уналт, таталт өгч хүндэрсэн хэдэн хүүхэд эмчлүүлсэн бэ?
-Манай мэдрэлийн тасагт ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгээд тархины идээт үрэвсэлтэй болсон хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Энэ талаар тодорхой нарийвчилсан тоо баримт алга даа.
Юутай ч хүүхдүүд унаж татдаг боллоо гэсэн мэдээлэлд мэргэжлийн эмч нар няцаалт өгөөгүй юм. Ингээд тус төвийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Сонгинохайрхан дүүргийн харьяат 14 настай Б-аас зарим зүйлийг тодрууллаа.
-Миний дүү ямар оноштой хэвтэж эмчлүүлж байгаа юм бэ?
-Би хааяа унаж татдаг болсон. Тэгээд энэ тасагт эмчлүүлэхээр хэвтээд хоёр хонож байна.
-Хэзээнээс унаж татдаг болсон юм бэ. Томуугаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн үү?
-Манай гэрийнхэн намайг таван настай байхад ухаан алдаж унадаг байсан гэсэн. Гэхдээ гурван жил болоод нэг уналт өгдөг байсан бол энэ жил ойр, ойрхон ухаан алдаад тэгээд эмнэлэгт хэвтсэн.
-Томуугийн тарилга хийх үед биед чинь ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Толгой өвдөөд, дотор муухай оргиод хоолондоо муу байсан. Дараа нь ухаан алдаж унаад дүүргийнхээ эмнэлэгт ирж үзүүлсэн чинь эм өгсөн. Манай ангийн ихэнх хүүхдэд ийм шинж тэмдэг илэрсэн гэж байна лээ. Нэг охин бүр долоо хоног халуурсан гэж ярьж байсан.
Мөн тус тасагт хүүхдээ эмчлүүлж буй сахиур Б “ Манай сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан 29 настай Т томуугаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсний дараа бие нь идээлээд мэс засалд орсон” гэсэн мэдээллийг нэмж өгсөн юм. Энэхүү тарилгын балаг орон нутгийг ч тойроогүй бололтой. Чухам хэдэн хүүхдэд тарилгын хожуу үеийн хүндрэл гарч насан туршийн унаж татдаг өвчтэй болсныг мэргэжлийн байгууллагынхан хэлэх биз ээ.
Н.ТҮВШИН