АНУ H1N1-ийн 40 сая тун вакцин устгахаар болов

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

АНУ H1N1-ийн 40 сая тун вакцин устгахаар болов

АНУ-д үйлдвэрлэсэн гахайн томууны вакцины бараг дөрөвний нэгийнх нь хугацаа дууссан тул 260 сая ам.долларын өртөг бүхий 40 сая дооз вакциныг устгах гэж байгаа талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. “Түүхэн үүднээс авч үзвэл энэ бол маш их тоо” гэж АНУ-ын Хүнс, эмийн захиргааны вакцины судалгааны зохицуулалт, хяналтыг хариуцдаг ажилтан Жерри Вейр ярьж байна. “Энэ лхагва гаригт хугацаа нь дууссан вакцинуудыг шатааж устгах болно. Устгах вакцины хэмжээ нь улирал тутамд үлддэг ханиадны эсрэг вакцины үлдэгдлээс дөрөв дахин их байгаа нь өмнө байгаагүй хэмжээ” гэнэ. Гэхдээ энэ бас бүх зүйл ч биш.
Үүн дээр нэмээд 30 сая дооз улирлын ханиадны вакцины хугацаа нь хэрэглэгдэхээсээ өмнө дуусч магадгүй гэнэ. Хэрвээ тэгэх юм бол АНУ-ын олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн вакцины нөөцийн 43 хувийнх нь хугацаа дуусч, их хэмжээний хөрөнгө дэмий үрэгдэнэ гэсэн үг юм. “Өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй вирусны халдвараас болгоомжилж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан тул ийнхүү их хэмжээний вакцин захиалан хийлгүүлж хадгалах шаардлагатай байсан юм” гэж АНУ-ын Засгийн газрын албаны хүмүүс ярьж байна. Эрүүл мэндийн шинжээчид гахайн томуугийн үхэлд хүргэх нөлөөний талаар өргөнөөр анхааруулж байсан ч сэрэмжлэн тооцоолж байснаас цөөн хүний аминд хүрсэн.
“Хэдийгээр хэт их вакцин илүү гарсан ч энэ нь онц аюултай вирусны халдвар дэгдэх үед вакцин хүрэлцэхгүй дутаж байснаас хамаагүй дээр сонголт”  гэж АНУ-ын Эрүүл Мэнд, хүний үйлчилгээний департаментын Билл Холл ярьсан. Үүнийг нь эрүүл мэндийн ихэнх шинжээч зөвшөөрч байгаа юм. “Сүүлийн 40 жил бид тулгараагүй эрсдэлтэйгээ тулгарсан. Тиймээс улс даяар хангалттай хүрэлцэх вакцины нөөцтэй байх шаардлагатай байсан юм” гэж тус вакцины туршилтанд оролцож байсан Эмори Их Сургуулийн судлаач доктор Марк Муллиган ярьж байна.
Жил бүр АНУ-д олон сая дооз ханиадны вакцин хэрэглэж амжихаас өмнө хугацаа нь дуусдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хэрэглэгдэхээс өмнө хугацаа нь дууссан вакцины хэмжээ ойролцоогоор нийт нөөцийн 10 хувь орчим болж байсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард H1N1 вирусээр үүсгэгддэг гахайн ханиад дэгдсэн бөгөөд бага насны хүүхдүүд, идэр насныханд илүү хурц туссан. Эхний үед тус вирус хэр үхэлд хүргэх эрсдэлтэйг нь эрүүл мэндийн салбарынхан сайн тооцоолж чадахгүй байсан. Түүнчлэн тус вакциныг ердөө таван үйлдвэрлэгч үйлдвэрлэж, захиалга ихтэй, үйлдвэрийн хүчин чадал хангалттай хүрэлцэхгүй байсан нь ийнхүү их хэмжээгээр вакцин захиалахад нөлөөлсөн байна. Өнгөрсөн жил АНУ-ын Засгийн газар 200 сая дооз вакцин захиалсан нь өмнөх жилүүдэд захиалж байсан вакцины хэмжээнээс хамаагүй их юм. 200 сая вакциныг захиалахдаа 162 саяыг нь АНУ-ын олон нийтэд, 36 саяыг нь цэргийн зориулалтаар болон бусад улсад зориулж захиалсан байна. Гэвч дараах шалтгаануудын улмаас их хэмжээний вакциныг хэрэглэх шаардлага гараагүй:
– Вакциныг цуврал байдлаар дараалан тарих шаардлагагүй. Ганц удаагийн дооз хүмүүсийг хамгаалахад хангалттай ил болсон.
– Вакцины ихэнх нь 2009 оны сүүл үе хүртэл бэлэн болоогүй. Харин тэр зуур гахайн ханиадны гол давалгаа нь дайраад өнгөрчихсөн
– Гахайн ханиад анх санагдаж байсан шигээ тийм ч үхлийн аюултай байгаагүй. Ойролцоогоор 12.000 орчим хүн үүнтэй холбоотойгоор нас барсан ч энэ нь улирлын ханиадны улмаас нас бардаг хүмүүсийн тооноос бараг гурав дахин бага хэмжээ гэнэ.
Тиймээс 2009 оны 10, 11 дүгээр сард хүмүүс гахайн ханиадны вакцин тариулах гэж олон цаг дараалан зогсч байсан бол нэгдүгээр сар гэхэд орон нутгийн эмнэлгүүд вакцинаа тарих хүнийг эмнэлэг рүүгээ чирж оруулах нь дөхсөн байв.
Ийм их нөөц илүү гараад байна гэдгийг АНУ-ын Засгийн газрын холбогдох түшмэд олон сарын өмнөөс мэдэж байсан байна. Европт мөн их хэмжээний вакцин илүү гараад байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим улстөрч Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагыг (ДЭМБ) энэ ханиадыг дэлхийн хэмжээний тахал гэж хэтрүүлж зарласан гэж шүүмжлээд байна. Түүнчлэн ДЭМБ-д зөвлөхөөр ажилласан зарим хүн эмийн үйлдвэрлэлийн салбартай холбоотой байсан юм биш биз гэж сэрдэж байна.
Зарим шүүмжлэгч зөвхөн гахайн ханиадны үеэр ч биш шувууны ханиад болон Азийн зарим улсад 2003 онд дэлгэрсэн “SARS” зэрэг ханиадны үеэр татварын мөнгийг үргүй зарцуулж, хий дэмий балмагдаж, зохион байгуулалттай арга хэмжээ авч чадаагүй гэж шүүмжилсэн.
Ханиадны вакцин хэрэглэгдэхгүй байна гэдэг нь нийтлэг асуудал гэж зарим албан тушаалтан ярьж байна. Гахайн ханиадтай холбоотойгоор өнгөрсөн жил улирлын ханиадны вакцины эрэлт сайн байсан бөгөөд АНУ өнгөрсөн жил 114 сая дооз улирлын ханиадны вакцин түгээсэн байна.. Энэ жил харин байдал өмнөхөөс өөр байна. Энэ жил Америкийн иргэн бүрийг тарьсан ч цаана нь улирлын ханиадны вакцины нөөц хангалттай үлдэнэ гэнэ. “Зарим дооз хэрэглэгдэхгүй илүү гарах нь ойлгомжтой. Ийм зүйл цаг ямагт тохиолддог” гэж Рочесторын Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын мэргэжилтэн Жон Треанор “Associated Press” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Холбоотой мэдээллийг эндээс уншина уу.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж