“Улбар шарууд” мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

“Улбар шарууд” мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо

“Улбар шарууд” мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо

Голландын шигшээ баг дэлхийн аваргын финалд шалгарлаа. Дэлхийн аваргын дэвжээнд нэг бус удаа азгүйтэж байсан тэд энэ жилийн “Алтан дагина”-ын төлөөх өрсөлдөөнд үнэхээр гайхалтай тоглолтыг гаргаж байна.

Уэсли Снейдер, Арьен Роббен нар хоёрдугаар хагаст гурван минутад хоёр гоол оруулснаар Голлландчууд Кейптаун хотноо Уругвайн шигшээг 3:2-оор буулган авч, 1978 оны финалд Аргентинд ялагдсанаас хойш анх удаагаа аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.

Өмнөд Африкийн ногоон зүлгэнд зургаан тоглолт хийж, бүгдэд нь ялалт байгуулсан “Улбар шарууд” ирэх ням гаригт Йоханнесбургийн алдарт Соккер сити цэнгэлдэхэд болох шийдвэрлэх тулаанд Испани болон Германы багийн ялагчтай тоглоно. Тэд өмнө нь 1974 онд мөн финалдаж байсан ч Баруун Германы багт ялагдсанаар мөнгөн медальтай нуцаг буцаж байсан билээ.

Аваргын төлөөх тоглолтод хүлээсэн энэ хоёр ялагдал хоёул Голландын хөлбөмбөгийн оргил үед тохиосноос гадна хоёр удаад хоёуланд нь өрсөлдөгч багийнхаа талбайд ялагдаж байлаа. Харин энэ удаад байдал өөр, учир нь “Улбар шарууд”-ын эсрэг өрсөлдөх Хар тивийн баг байхгүй.

Берт ван Марвикийн багийн эсрэг Өмнөд Америкчууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан ч “Улбар шарууд” илүү хүчтэй, бас одтой байснаар ялагдал хүлээгээгүй тоглолтын цувралаа 25 болгосон юм.

Жованни ван Бронкхорст энэ үдэш Голландын баатар байлаа. Тэрбээр тоглолтын 18 дахь минутад алсын зайнаас гайхалтай цохилт гүйцэтгэж, тооны харьцааг нээсэн юм. Улмаар тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Диего Форлан Голландын хаалгач Мартен Стекеленбургийн хаалганд тэнцээний бөмбөгийг оруулсан. Хаалгач уг цохилтыг хаах боломжтой байсан ч алдсанаар тооны харьцаа 1:1 болсон юм.

Гэхдээ тоглолт өндөрлөхөд 20 минут үлдээд байхад Уэсли Снейдерийн цохилт Муслерагийн хаалганы зүүн доод буланд орж, “Улбар шарууд” тоглолтыг манлайлж эхэлжээ. Гоолоос хойш ердөө гуравхан минутын дараа Арьен Роббен толгойгоороо мөргөж, баруун доод буланд ялалтын гоолыг оруулсан юм.

Тоглолтын нэмэлт цагийн эхний минутад Макси Перейра гоолдсон ч үлдсэн цөөн хэдэн минутад Голландчууд хамгаалан тоглосоор тоглолтын эцсийн шүгэл дуугарч, “Улбар шарууд” финалд өрсөлдөх эрхээ өвөртөллөө.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж