Энхийг сахиулагчдыг шагналаа | News.MN

Энхийг сахиулагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдыг шагналаа

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын талбайд өнөөдөр  Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгдүгээр ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оролцож цэрэг дайчдад шагнал гардуулан үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд улам бүр өргөсөөр байгаа ба зэвсэгт хүчний түүхийн хуудсыг баяжуулсаар байна.
Манай зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид анх удаа ажиллагааны районд умард секторыг бие даан хариуцаж, өөрийн хариуцлагын бүсэд байгаа дүрвэгсдийн хуаранд НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэснээрээ ихээхэн онцлогтой байна.
Тэрчлэн цэргийн баг анх удаагаа бие дааж хүнс, хүн эмнэлэг, ар талын хангалтыг чадварлаг зохион байгуулж чадсан нь цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагааны үр дүн болсон юм.
 НҮБ болон Монгол Улсын Төр, засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд асар их хариуцлагатай үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн шилдэг энхийг сахиулагчдынхаа алдар гавьяаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар гардуулан хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ билээ.
Монгол Төрийнхөө одон, медаль хүртсэн нийт офицер, ахлагч нартаа дахин баяр хүргэж, ажлын их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн суу билэг, цог золбоо, гавьяат үйл үеийн үед мандан бадрах болтугай хэмээн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон дайчид болон тэдний гэр бүлийнхэнд баяр хүргэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж