Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим мэдээлэл гарах болов. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын зөвлөх, хуульч, эдийн засагч З.Нарантуяа дараах тайлбарыг өглөө.
-Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 68 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хуульчийн хувьд тодруулга өгнө үү?
-Энэ тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн үндэслэл харагдахгүй байна. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлээр Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болохыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор түүний бүрэн эрх эхэлж, дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон.
Харин Үндсэн хуульд заасан энэ хугацаанаас өмнө Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотой харилцааг Үндсэн хуулиар биш Засгийн газрын тухай хуулиар зохицуулдаг. Иймд Засгийн газрын тухай хуулийн заалтыг зөв, буруу хэрэглэсэн тухай маргаан нь Үндсэн хуулийн маргаан биш.
-Таны бодлоор Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг баримталж уг тогтоолыг гаргасан нь процессын алдаа мөн үү?
-Засгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацааг Засгийн газрын тухай хуулийн зургадугаар зүйлээр зохицуулсан бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдлыг 21 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар тэдгээрийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох огцорсон, чөлөөлөгдсөн, нас барсан 3 тохиолдлыг хуульчилсан.
УИХ-ын 68 дугаар тогтоолоор Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь биш Ерөнхий сайдыг огцруулсан учраас энэ хуулийн 6 дугаар зүйлийг биш, 21 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь зөв. Ингэхдээ 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэснийг шууд буруутгах аргагүй юм.
Учир нь 1993 оны Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох огцрох, чөлөөлөгдөх, нас барах энэ 3 тохиолдолд гурвууланд нь түүний үүргийг Шадар сайд, эсхүл аль нэгэн сайдаар гүйцэтгүүлдэг байсан. Үүнийг 2001 онд УИХ-аас Засгийн газрын аль нэг гишүүнд хариуцуулж байхаар өөрчилж, улмаар 2005 оны 1 дүгээр сарын 27-нд дахин өөрчлөхдөө нэг тохиолдлыг нь буюу огцорсон тохиолдолд түүний үүргийг хэнээр гүйцэтгүүлэхийг зохицуулалгүй орхигдуулсан байна. Иймд УИХ-ын Тамгын газар хуулийг төсөөтэй байдлаар иш татаж, өмнөх жишгийг баримталж, тогтоолын төслөө боловсруулсан.
Цаашид Засгийн газрын тухай хуулийн 6 болон 21 дүгээр зүйлийн зохицуулалтын ялгааг гаргаж, илүү тодорхой, нарийвчлан зохицуулах шаардлага байгаа нь харагдаж байна.
-Тэгвэл одоо УИХ-ын 68 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, дахин хэлэлцэх боломж байгаа юу?
-УИХ-ын тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй тохиолдолд тухайн тогтоолын зөв, буруугийн хувьд УИХ дахин авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй. Харин тогтоолд өөрчлөлт оруулах асуудлаар төсөл санаачлах эрх гишүүдэд нээлттэй.
Эх сурвалж: www.open.parliament.mn