УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуульд зааснаар ирэх оны төсвийн хуулийг УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах үүрэг хүлээдэг. Гэхдээ УИХ-ын төвшинд хэлэлцэгдэж байгаа 2015 оны төсвийн төсөл нь дөнгөж хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ирээд байгаа юм. Тодруулбал, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж байж батална гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, төсвийн төслийг батлах хугацаа УИХ-ын хувьд маш бага үлдсэн. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдахаар болсон ч намын бүлгүүдийн хуралтай цаг нь давхацсанаар хуралдаанаа хийж чадсангүй.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд ирэх оны төсвийн төслөөс илүүтэй Ерөнхий сайдыг цаг алдалгүй нэр дэвшүүлж, УИХ-д нэрийг нь өргөн мэдүүлж батлуулахад гол анхаарлаа хандуулснаар үндсэндээ төслийн хэлэлцүүлэг хүлээлтэд шилжээд байна.
Г.ДАРЬ