Маргаашийн төлөө бид юу хийж чадах вэ? Үр хүүхдийнхээ ирээдүй, улс орны тусгаар тогтнолоо яаж хамгаалах ёстой вэ. Эдгээр асуултад хэрхэн хариулахаас Монголын хөгжил хамаарах амаргүй бөгөөд хариуцлагатай сонголт хийх цаг үе ирээд байна. Энэ сонголттой АН нүүр тулгарчээ.
Дайснаа уучлах нь хамгийн том ялалт гэдэг. Цуурсан аяга шиг болчихоод байгаа АН-ынханд өнөөдөр уучлал өршөөл шиг, эв нэгдэл шиг хэрэгтэй юм алга. Тал, тал тийшээ тарж бутарсны бурууг хэн нэгэндээ чихэх бус, хэн нэгийгээ яллахаас илүү асуудал юунд байгааг ойлгох чухал байна. Ингэж чадвал маргаашийн улс төрд эрүүл агаар оруулах салхивчийг нээж чадах юм. Илүү сартай энэ намрын улс төрийн шоуны эцсийн дүгнэлт нь ийм л гаргалгаанд хүргэлээ.
Эв нэгдэл бол хөгжлийн эхлэл. Эвтэй байхдаа хүчтэй гэдгийг Н.Энхбаяр сайндаа олоод, оноод хэлчихсэн үг биш юм. “ Эвт шаазгай буга барина” гэсэн эртний үг ч байдаг. Энэ нь амьдралаас батлагдсан үнэн юм.
Тэгэхээр унасан нь, унагасан нь, урвасан шарвасан нь бүгдээрээ цээжин дотор нуугдаж байгаа амбиц, атаа хорслоо дарж байгаад ширээний ард сууцгаа.
Яагаад гэвэл ард түмэн та нарт итгэж саналаа өгсөн. Үүнийг бүү март. Өнөөдрийн үүсээд байгаа улстөрийн мухардалд хэн нь буруутай вэ гэхээсээ илүү ямар гарц байна вэ гэдгийг харахын тулд хоорондоо нэгд. АН-ынхан бүгдээрээ албан тушаалд дуртай, ар өврөөсөө хутга дүрээд явдаг “хулгай”-чууд л лав биш байх. Энд үзэл бодол, үнэлэмжээрээ нийлсэн хэсэг байх ёстой гэдэгт итгэж байна.
Та бүхэн эв нэгдэл, хамтын хүчээр бүтээсэн хөгжилтэй, хөрөнгөтэй Монгол Улсыг үр хүүхдэдээ өвлүүлж, нүүр бардам байхын тулд өнөөдрийн ял гэм, өс хонзонгоо мартаад нэгдэх, нэг ширээний ард суух хэрэгтэй байна. Үзэн ядалт, өс хонзон хэнд хэзээ ч сайн зүйл авчирч байгаагүй билээ. Энэ үүднээс улс төрийн бүх нам эвсэл өөрсдийн үзэн ядалт, өш хонзонгоо орхиод эвлэрцгээх шаардлагатай байгааг эдийн засаг, нийгэм өөрөө сануулж буй.
Маргаашийн төлөө тунхаг… Хагарал, тэмцлээс хямрал мухардал орчихоод байгаа Монголын улс төрд эрүүл үзэгдэл бий болгоё гэвэл энэ л хэрэгтэй байна. Хамтдаа хэлэлцдэг, хамтдаа хариуцдаг, бас хамтдаа зүтгэдэг улс төр.
Нам эвсэл, фракц, аймаг сумаараа талцаж хэрэлдсэн 24 жилд Монгол Улс юуг олж, юуг алдсан бэ. Боломжийг хулгайлсан улстөрчдийн увайгүй хэрүүл улс оронд ямар хөгжил авчрав. Бүгдээрээ бодоод үзье. Магадгүй хамтдаа хариулах гээд оролдьё. Хэн нэгнийгээ уучилья, бас өршөөе.
“Зэмлэл буруутгал, хагарал гомдол биш эвлэрэл уучлал, эв нэгдэл бол бидний зорилго. Бид юугаараа өөр юм гэдгээс илүүтэй, бид юугаараа нийтлэг юм гэдгээ эргэцүүлж нэг бодоцгооё! Эвдэх биш эвлүүлье. Нураах биш бүтээе. Ухрах биш урагшилъя” гэж Маргаашийн төлөө тунхагт дурджээ. Нам эвсэл, насаар биш үзэл бодлоороо нэгдэж, зөвшилцөл, ойлголцол улс оронд ямар чухал байгааг олж харсанд тэдэнд бас талархая.
Ардчилсан намд өнөөдөр үүссэн бэрхшээл, хуримтлагдсан асуудал нь эвлэрэл зөвшилцөлгүйгээр хол явж чадахгүйг харууллаа.
Эцэст нь маргаашийн төлөө монголчууд бидний хийж чадах хамгийн том зүйл бол эв нэгдэл. Эв нэгдлийг хүч, хөгжил байнга дагадаг нь амьдралын үнэн.
Ж.НЯМСҮРЭН