УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад түр завсарлаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Зоригтоос дараах тодруулгыг хийлээ.
-Бүлгийн хуралдаан эхлээд удсангүй завсарлачихлаа. Шалтгаан юу байв?
-Энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Монголд ирж байна, тиймээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болж, бүлгийн хуралдааныг түр завсарлууллаа.
-Гурван нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэсэн үг үү. Эсвэл нэг нэр дэвшигч дээр тогтчихоод зөвшилцөх гээд байна уу. Нэр дэвшүүлэхдээ ямар шалгуур тавьж байна вэ?
-Нэр дэвшүүлэлтийн тухайд, АН-ын бүлэг фракци бүрээс нэр дэвшүүлэх байдлаас татгалзаж, өнөөгийн улстөр, эдийн засгийн хямралт байдлаас хэн аваад гарчих вэ гэдэгт илүү ач холбогдол өгч харж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Тухайлбал, Ч.Сайханбилэг гишүүнийг Ерөнхий сайдад С.Баярцогт гишүүн нэр дэвшүүлсэн бол Д.Ганбат гишүүнийг Г.Баярсайхан гишүүн санал болгож нэр дэвшүүлэх жишээний.
-Одоо ямар байдлаар асуудал цааш хэлэлцэх вэ, процедурын хувьд?
-Бүлгийн хурал буцаж орохоор хямралт байдлаас хэн авч гарах вэ, хэнд тийм эр зориг байна, ямар хөтөлбөр байна вэ гэдэг асуудлаа нэр дэвшигчид тайлбарлана. Гэхдээ энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч ирж байгаа учраас ярилцах ёстой гэж үзлээ. Яагаад гэвэл Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Бүлгээр хэлэлцэж байгаа нэр дэвшигчтэй санал нийлэхгүй” гэж хэлээд гараад явсан учраас Ерөнхийлөгчтэй санал бодол солилцох нь зүйтэй гэж үзсэн.
-Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг яагаад дэмжихгүй байгаа юм бол?
-Намын дарга бол намын дүрмийн заалтаа барьж, тайлбар хэлж байгаа, бүлгийн гишүүдийн хувьд Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргасан шийдвэрийг баримталж байна
-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг оруулж ирэх эрх нь намын даргад байгаа гэж байсан?
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос шийдвэр гарсан. Тэрний дагуу Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасан. Цаг хугацаа заагаагүй боловч маш хурдан хугацаанд шийдэх ёстой гэж даалгавар өгсөн. Тэр хүрээндээ бүлэг асуудлыг шийдэхээр хуралдаж байна.
-Санал хураалтыг нууцаар хийх үү?
-Хувь хүнтэй холбоотой асуудал учраас нууцаар санал хураана.
-Өнөөдөртөө шийдэх үү?
-Өнөөдөртөө багтаан шийднэ.
Г.ДАРЬ