УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн асуудлаар МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавиад 14 хонож байгаа ч хариу ирүүлээгүй байгаа аж. Тэрбээр өнөөдөр асуулгын нэгдүгээрт дурдсан, төрийн нууцын зэрэглэлд хамруулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланг нийтэд ил болгохоо мэдэгдсэний дагуу сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэхүү шалгалтын тайланг төрийн нууцын зэрэглэлд хамааруулах үндэслэлийг олж харсангүй, харин ч баялгаасаа ашиг хүртээгүй мөртлөө өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийг мэдэх эрхтэй. Үүнийг дэлгэж эхлэхийн өмнө энэхүү ажлын хэсгийн ажил бүрэн төгс болсон гэж үзэхгүй байгаагаа бас хэлэх хэрэгтэй. Гэвч эхний ээлжинд энэ төслийн үйл ажиллагаанд ноцтой алдаанууд байгааг илчилж, дахин нарийвчилж нягтлан шалгах шаардлагатай” гэсэн юм.
Баримт 1. “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаар
Төслийн менежментийн институтын / Project management institute буюу PMI/ 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг Оюутолгой ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судаллаа. Төслийн менежментийн институт /PMI/ нэртэй олон улсын байгууллага 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 /гучин мянган/ төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар “Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2,8 дахин их байна.
Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108,7 сая доллараар илүү байна.
Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71.606..0 төгрөгөөр тооцож олгосноос харахад зөрүү нь 25 дахин их байна.
Баримт 2. Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн хүүхдийн сургалтын төлбөр 400 тэрбум 928 сая төгрөгийг зээлээрээ төлдөг
Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани. Уг компанийн талаар дараагийн баримтад дурдах болно/ ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээ, Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд , Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн бэлэг, хандив, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд , Ванкуверт агуулахын түрээс, ажилтан элсүүлэх зардал, дайны эрсдлийн даатгал, Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ”
Баримт 3. Оюутолгой Петровист 3 тэрбум 400 сая төгрөг анхан шатны баримтгүй шилжүүлжээ
Петровис ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаниас нийлүүлж байгаа шатахууны үнэ нь бөөний бус жижиглэнгийн үнэ, түүнээс ч өндөр байхад шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гарч буй Петровис ХХК-ийн ажиллагсдын цалин, даатгал зэрэгт гарч буй 20.0-50.0 сая төгрөгий зардлыг сар бүр гаргаж хөрөнгийг үрэлгэн зарцуулж тэр хэмжээгээр зардлаа өсгөсөн байна. Петровис компани Оюутолгойд шатахуун нийлүүлэхдээ бөөний бус жижиглэнгийн үнээр, түүнээс ч өндөр үнээр нийлүүлдэг юм байна. Жижиглэнгийн үнэ бол уг бүтээгдэхүүнийг худалдан авсан анхны үнэ дээр нэмээд тээврийн зардал, төлсөн бүх төрлийн татвар хураамж, ажилчдын цалин хөлс гээд эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх өртөг зардал шингээд, бас ашиг нэмэгдсэн хамгийн эцсийн үнэ байдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэр хамгийн эцсийн үнийг төлсөн хирнээ дээрээс нь нэмээд тус компанийн ажиллагсдын цалин, даатгал, тус компанийн орон нутгийн агуулахын засвар зэрэгт нэмж мөнгө төлдөг байна. Петровис гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгын хувьд нэгэнт монголчууд анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэй зээлээр төлж байгаа учраас бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалт, үнэ өртөг, түүнтэй холбоотой зардлыг мэдэх учиртай гэдэг үндэслэлээр дээрх баримтуудыг ил гаргаж байгаагаа дуулгасан.
Мөн нягтлан бодох бүртгэлийн наад захын шаардлага хангаагүй буюу юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3,4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай гэсэн юм.
С.ОТГОНСҮРЭН