Хоёр хөрштэйгээ хоршин ажиллахаар боллоо гэж биднийг хөөрцөглөж суух зуур Австрали улс биднээс ихийг амжуулж байна, цаана чинь. Хаяа дэрлэн аж төрдөг хэр нь хятадууд Монголоос биш Австралиас нүүрсээ татаж байна. Саяхан бас 1000 үхэр Австралиас авах гэрээ хийчихэж. Австраличууд азтай, бид азгүйдээ ийм шийдвэр гараад байна уу гэдгийг ойлгохоо байлаа. Хойд хөршүүд ч ялгаагүй бодын мах л хэрэгтэй байна гэсэн мессежийг илүүтэй илгээдэг. Гэтэл Монголын маань 50 сая малын дийлэнх нь бог. Бодгүй айл өдий төдий байхад боггүй айл гэж нэгээхэн ч алга, хөдөөд.
Ийм л нэг гачлантай цаг үед бид аж төрж байна. Бог байлаа гээд малаа зуданд үхүүлээд байхгүй нь мэдээж. Засаг төр солигдож, холигдож, хот орон газрынхан замын түгжрээ, утаа угаартаа бухимдаж байх зуур хөдөөгийн малчид хэдийнээ өвөлжөөндөө тухалж амжжээ. Өвлийн бэлтгэлээ ч эрвийх, дэрвийхээрээ бэлтгэж. Энэ жил Монгол орны нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаан, урт намар болж байна. Гэвч цас орсонгүй. Говьд бүү хэл хангайд цас мөрөөдсөн хүмүүс болж хувирав. Цасгүй өвөлжих нь цастайгаасаа ч бэрх гэдгийг хөдөө өссөн хүн бол гадарлана. Хөгшид цасгүй өвөл харын зуд нүүрлэдэг хэмээн ихэд цээрлэдэгсэн. Цс цаг уурын хүрээлэнгээс гаргасан олон жилийн дунджийн тоймоос харахад арваннэгдүгээр сард баруун зүгийн нутгаар тэр дундаа Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7 мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас орчихсон байдгийг онцолжээ. Гэтэл энэ жил тэгсэнгүй. Одоохондоо ч яахав малчид худаг болон гол мөрний захалсан хэсгээс малынхаа хошууг норгоод байж дөнгөнө. Харин хүйтний эрч чангараад гол мөрөн битүүрээд ирмэгц мал усгүйдэх аюултай билээ.
Агаарын температурын хувьд олон жилийн дунджийн орчим болон олон жилийн дунджаас дулаан байх магадлалтайг цаг уурчид тогтоосон байна. Харин “Дайны хажуугаар дажин” үүсгээд байгаа зүйл бол үлийн цагаан оготно ажээ. Зарим нутагт үлийн цагаан оготно хэт олширч, малын бэлчээр сүйтгэх хэмжээнд хүрснийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан үгүйсгэхгүй байна. Монгол Улс 113 сая га бэлчээртэйгээс 40 сая га-д гайтай оготно үүрлэжээ. Энэ нь нийт бэлчээрийн 1/3 нь оготнын нүүдэлд өртчихөөд байна гэсэн үг юм. Үлийн цагаан оготно гэх бэлчээрийн дайсны тоо толгой 10-12 жилийн давтамжтайгаар өсдөгийг судлаачид тогтоожээ. Энэ жилийн хувьд тэрхүү давтамж таарч байгаа гэнэ. Энэ жилийн хувьд бэлчээрийн гол нутаг болох Дорнод, Хэнтий, Төв, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай, Завхан гээд тал хээрийн гол аймгуудад сүүлийн хоёр жил үлийн цагаан оготно эрс ихэсчээ. 21 аймгаас 17 нь үлийн цагаан оготнын тархалттай байгаа гэсэн судалгаа ч гарч.
Тиймээс мэргэжилтнүүд оготны тархалт, хөнөөлөөс болж бэлчээрийн ургамлын ургац муудсан бол өөр аймаг, сумдаас өвс, тэжээлээ шаардлагатай хэмжээнд бэлтгэх, отор нүүдлээ эртнээс зохицуулах хэрэгтэйг сануулж байна. Завхан, Говь-алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг бол үлийн цагаан оготны гол голомт. Эдгээр амгийн малчдын хувьд энэ жил өвөл цагийн хатуурхлаас гадна үлийн цагаан оготны тохуурхал аюул учруулж мэдэх нь.
Засгийн газраас жил бүр 1,8 тэрбум төгрөгийг үлийн цагаан оготнын тоо толгойг бууруулахад зориулдаг ч үр дүн одоогоор алга. Микробиологийн арга буюу гэдэсний хижиг өвчний нян агуулсан өгөөш тавих байдлаар оготныг олноор устгадаг ч үржил нь түүнээсээ хрэд дахин давдаг гэнэ. Уламжлалт арга буюу нүх үүр рүү нь ус цутгах, утах, хөеөг нь авах гэх мэтээр тэмцэж болно гэж яамны мэргэжилтэн зөвлөсөн нь инээд хүргэхээс цаашгүй. Үлийн цагаан оготноор хооллодог олон нэр төрлийн шувуунд зориулан шон босгох, суудал засах, үнэг, хярсны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг биологийн аргыг ч олон жил хэрэглэсэн. Ингэлээ гээд оготно цөөрсөнгүй. Тиймээс хур тунадас бага, агаарын температур дулаан ч өнтэй сайхан өвөлжих магадлал тун тааруу байна.
М.СУРА