Буриад зоны дуучин хөвүүн Доржсүрэнгийн Нямдаваагийн “Миний буриад” шинэ цомог хэвлэгдэн гаржээ. Буриад зоны ам дамжин дуулагддаг сэтгэлд хоногшсон ардын дуунуудаас гадна орчин цагийн буриад дуунуудаас бүрдсэн энэ цомгийг сонсоход мухалаг тэрэг, дүнзэн байшин, сүхээ ирлэн суугаа өвгөн баавай, буриад ахуй тэр чигээрээ нүднээ тодрон япошик зөөхийний үнэр хамарт сэнгэнэх шиг.
Цаг төрийн үймээнд нэрвэгдэж цөөхүүлэхнээ үлдсэн ч ахуй соёлоо гээлгүй уламжлан хадгалж чадсан ажилсаг найрсаг зоны соёлын өвийг уламжлуулан өвлөж яваа дуучин хөвүүн Доржсүрэнгийн Нямдаваа 2009 онд СУИС-ийг төгсөж өдгөө хоёр дахь бие даасан цомгоо “Миний буриад ” нэртэйгээр түмэн олондоо өргөн бариж байгаа юм байна.
Т.АНУ