Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлаас гаргасан уриалга

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлаас гаргасан уриалга

Өнөөдөр төрийн ордонд хуралдсан Ардчилсан Хүчний холбооны анхдугаар Их хурлаас уриалга гаргалаа. Анхдугаар их хурлын хүрээнд Хөжлийн бүс, Шинэ Улаанбаатар, Нийгмийн салбарын шинэчлэл, Байгаль экологи, Шинэ хөдөө, Улс төр эрх зүйн шинэчлэл гэсэн тодорхой асуудлуудаар салбар хуралдаануудыг зохион байгуулж, салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дараах уриалгыг гаргажээ.

Уриалгад:

“Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчид бид Монгол сайхан эх орондоо:
·    ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлж,
·    дундаж анги нь дийлэнхи олонхи болсон чинээлэг нийгмийг цогцлоож,
·    төр засгийн үйл ажиллагааг иргэддээ нээлттэй, тунгалаг, хариуцлагатай болгон, авлига, хүнд суртлаас ангид байлгаж, иргэддээ үйлчилдэг сайн засаглалтай болгохын тулд Монголоо шинэчилье, хамтдаа хөгжье гэсэн сэтгэлийн дуудлагаар  хуран чууллаа.

Ардчилсан Хүчний Холбооны анхдугаар Их хурлын төлөөлөгчид бид Эдүгээ Монгол оронд үүсч бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг Монгол улсын иргэдийн олонхи нь хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрч чадахгүй байгаа, энэ нь улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг төлөөлж буй одоогийн олигархижсан төр засаг үүсч байгаа асуудлаар оновчтой, цаг алдахгүй, шийдвэртэй, цогц бодлогын арга хэмжээ авахгүй байгаагаас шалтгаалж эрчимтэй хөгжлийн замыг зөв тодорхойлж чадахгүй, улс орны хөгжлийн бодит түвшингээс хоцорч  байгаа гэж үзэж, хүний эрх, ардчилал, шударга ёс, нийгмийн бүхий л салбарт тулгамдаад байгаа дараахь асуудлыг шийдвэрлэхэд иргэн бүхэн санал санаачлагатай оролцож,  Монгол орноо хамтдаа шинэчлэхийг уриалж байна.

 Үүнд:

Байгаль орчинд нөлөөлөх хүний хүчин зүйлийг хязгаарлах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах урт удаан хугацааны хөтөлбөрүүдийг төрийн бодлогын хэмжээнд батлан хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн гол хөшүүргийг хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжүүлэх. Ус нь улс орны оршин тогтнох, хөгжин дэвших гол үндэс болохыг төрийн бодлогын төвшинд тодорхойлон тавьж, гүний усны нөөцийг стратегийн ордод бүртгэх, мөн Хөвсгөл далайг Монгол Улсын усны үндсэн нөөц гэж үзэж хамгаалалтанд авах
Уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, ашиг гэсэн дарааллыг баримтлан, байгаль орчны нөхөн сэргээлтийг дэлхийн стандартад нийцсэн агуулга хэлбэрээр нь монголын ашигт малтмалын салбарт шууд авч хэрэгжүүлэх.

Байгаль цаг уураас хамааралтай уламжлалт мал аж ахуй, дотоодын жижиг болон гадны ганц улсаас, хараат зах зээлээс хамаарсан түүхий эд, бүтээгдэхүүний үнэ, малчдын орлогын хэлбэлзэл уналтыг бууруулахын тулд сүү, мах, ноос хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мал аж ахуй эрхлэх арга технологио өөрчлөх, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх .

Өөрийн орны хязгаарлагдмал хүн хүчний нөөц, эдийн засаг, санхүүгийн бололцоогоо хөгжлийн бүсдээ төвлөрүүлж, хөгжлийн бүсийг дэд бүтэцжүүлэх замаар дэд бүтэц, түүний дотор төмөр зам, автозамын хөгжлийн хэтийн төлөвийг шинээр тогтоох.

Ашигт малтмалын геологийн бүс дээр суурилсан уул уурхайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох, түүнийг үндэслэн “Хөгжлийн бүс”-ийг бий болгох.

Сүүлийн 20 жилд эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, төлөвлөлтгүй хөгжиж байгаа нийслэлийн баялгийг эрх мэдэлтэн нь албан тушаалаараа дулдуйдан дур мэдэн хяналтгүй хуваарилж байгааг өөрчлөх, энэ зорилгоор хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангасан эрх зүйтэй, төлөвлөлттэй, сайн засаглалтай, шинэ Улаанбаатар болгох.

Хүрээлэн байгаа орчин нь бохирдож, утаандаа умбасан, түгжирсэн нийслэл хотыг хотын хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зай, орчин нөхцөлийг бүрдүүлэх,Улаанбаатар хот, томоохон төв суурин газарт ирж байгаа их нүүдлийг эдийн засаг, амьжиргаа, ажлын байр, нийгмийн үйлчилгээний сонголтод тулгуурласан ашиг сонирхол бүхий сайн дурын, зохистой шилжилт хөдөлгөөний тогтолцоонд шилжүүлэх.

Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын төвшинд хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог эрүүл мэндийн даатгалд суурилан шинэчлэн тогтоож, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний мэргэжил чадавхийг дээшлүүлж, техник технологийг шинэчлэх.

Монголын үр хүүхэд, оюутан залуучуудын хүмүүжил, төлөвшил, сурлагын амжилт, төгсөгчдийн чадавхийг олон улсын төвшинд хүргэхийн тулд боловсролын тогтолцоо, стандарт, сургалтын хөтөлбөрийг үндэсний онцлогт суурилан олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, эдгээрийг хэрэгжүүлэн боловсон хүчний нөөцийг бий болгох замаар энэ салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

Ашигт малтмалын орлогод суурилсан эдийн засаг, төсвийн орлогын өсөлт буюу “Холланд” өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд энэ орлогыг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, аж ахуй эрхлэгчдийн бүтээмж, өрсөлдөх чадвар иргэдийн амьжиргааг дэмжсэн эдийн засгийн зохистой өсөлтийг бий болгоход зориулах.

Ард иргэдийн итгэлийг алдаж, дампуурлын ирмэгт нэгэнт хүрчихсэн шүүх, хууль хяналтын тогтолцоог шинэчлэх, түүнийг удирдаж буй эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох нь их хурлын төлөөлөгчид бидний төдийгүй ард түмний хүсэн хүлээж буй шийдвэр болох бөгөөд энэхүү шинэчлэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргаж буй санаачилгыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурал, Засгийн Газарт анхааруулах.

Улс төрд бий болсон албан тушаал, эрх мэдэл, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтын төлөөх эрх баригч намуудын бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг өөрчлөн, үзэл баримтлал, улс орны хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлох, шударга ёсыг тогтоохын төлөөх өрсөлдөөн болгож шинэчилнэ.

Ардчилсан Хүчний Холбоо нь ард түмний язгуур эрх ашиг, улс үндэстний аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүрээд буй улс төр, эдийн засгийн олигархижсан бүлэглэлүүдийн хууль бус үйлдэл, хууль шүүхийн байгууллагын дампуурсан тогтолцооны эсрэг тууштай тэмцэх болно гэдгээ Монгол түмэндээ албан ёсоор сонордуулж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж