Засгийн газрыг кабинетаар нь огцруулж үүрэг гүйцэтгэгч томилсноос хойш зарим яам, тамгын газрынхан цалингаа авч чадахгүй саатсан талаарх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тайлбар өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Яамдын бүтэц зохион байгуулат өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зарим яамны ажилтнууд цалингаа авч чадахгүй саатаж байгаа тухай мэдээлэл байна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам зэрэг байгууллагынхан ийн гомдоллосон. Зарим байгууллагаас санхүүжилт татсан нь ямар учиртай юм бол?
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нийлсэн яамдын үйл ажиллагааг жигдрүүлэх, үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу ажиллаж байгаа. Цалин мөнгөний санхүүжилт тасарсан зүйл байхгүй. Засгийн газрын хурлаас өмнөх яамдын төсвийн санхүүжилтийг шинээр байгуулагдсан яамны Төрийн нарийн. Бичгийн дарга нар т хариуцуулсан болохоор цалин олгоогүй, санхүүжилт татаагүй. Тухайлан асуугаад байгаа яамдын 10 дугаар сарын цалинг цагт нь өгсөн. Арваннэгдүгээр сарын тэтгэвэр, тэтгэмж, цалинг ч сааталгүй олгох боломжтой.
-Улсын төсөвт зарим байгууллага хийхээр зарласан байсан сургалтаа хойшлуулсан шүү дээ?
-УИХ-аас хоёр үүрэг болгосончлон шаардлагагүй зардлыг хойшлуулах, бүр шаардлагагүйг болиулсан байгаа. Ойрын хугацаанд шаардлагагүй гэж үзсэн сургалт, сурталчилгаа, зарим нэгэн гадаад, дотоод томилолт, бараа үйлчилгээний зардлыг хойшлуулсан. Чухал шаардлагатай зардлыг цаг хугацаанд нь өгч байгаа.
-Яг одоо УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Гэтэл танай яам сайдгүй байгаа. Урьд өмнө нь салбарын сайд нь томилогдоогүй байхад төсөв хэлэлцэж байсан тохиолдол үгүй болов уу. УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үед танай яамыг хэн төлөөлөх вэ?
-УИХ-ын тогтоол гарч, Сангийн сайдын үүргийг Шадар сайд Д.Тэрбишдагва хариуцаж байгаа.
-Ирэх оны төсвийн төслийг тун тааруу болжээ гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-Ирэх 2015 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа болохоор төсвийг сайжруулах, засч залруулах эрх нь УИХ-ын гишүүдэд өөрсдөд нь бий. Энэ сарын 15 гэхэд улсын төсөв батлагдана.
-Зарим зардлыг санхүүжүүлэхгүй байснаар хэдий хэрийн хэмнэлт гарах вэ?
-Одоогоор бид хэмнэлтийн талаар ярих болоогүй байна. Оны эцсээр хэдий хэрийн хэмнэлт гаргасан нь тодорхой болно.
-Ирэх оны төсвийн төслийн зардал хэт өндөр байгаа тул 150 тэрбум төгрөгийн зардлыг хасах шаардлагатайг УИХ дахь сөрөг хүчний зүгээс шаардаж байсан. Тэр хэмжээний зардлыг хаанаас, хэрхэн хасах вэ?
-150 тэрбум төгрөгийг хаанаас хэрхэн хасалт хийх вэ гэдэг тооцоо судалгааг хийж байна. Ер нь бол УИХ, Засгийн газрын шийдвэрээр л хасалт хийнэ шүү дээ. Зарим нэг тусгай сангуудаас хасалт хийх боломж бий эсэхийг судалж байгаа.
-Улсын төсвийн орлого бараг их наяд төгрөгөөр тасрах нь гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 778 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Оны эцэс гэхэд төсвийн орлогын тасалдал 850 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо гарсан.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хязгаарласан гэх юм. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлууд тасалдаж, барилга байгууламж дутуу баригдах, балгас болж орхигдох нь бий?
-Оны эхнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 60 орчим хувьтай байгаа. Нийт 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг өгчихөөд байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олгосон.
Д.ЦЭЭНЭ