“ШИЛДЭГ”. Энэ үг бүхний манлайд, бүгдийн түрүүнд гэсэн эрхэм утгыг өөртөө агуулдаг билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, авъяас чадвар, сурах хүсэл эрмэлзлээрээ үе тэнгийнхнийгээ манлайлсан 100 шилдэг оюутан “ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН” гэсэн хүндэт алдрыг хүртээд байна.
Голомт банк нь одоогоос 12 жилийн өмнө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУ-ын бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж “Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүр шилдэг 100 оюутан тодруулдаг уламжлалтай.
Энэ жил нийт 400 орчим оюутан 4 шатанд өрсөлдсөнөөс ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг хуульч, эдийн засагч, дуучин, тамирчин, инженер гээд бүхий л мэргэжлийн шилдэг 100 оюутан тодорч, бүтэн жилийн турш тэтгэлэг авах, тэтгэлэгт оюутнуудад зориулсан бүтэн жилийн хөтөлбөрт хамрагдах, Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажиллах гэх мэт томоохон боломжуудыг аваад байна.
Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусын хувьд өөрийгөө сорьсон өндөр нэр хүндтэй, үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийн нэг төдийгүй өнгөрсөн хугацаанд нийт 1200 орчим оюутанд тэтгэлэг олгож сайн сайхан ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийжээ.
2014.11.07-ны өдөр Монгол улсынхаа хөгжлийг дэлхийн тавцанд хөтлөх шилдэг 100 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авсан бол 2014.11.13-ны өдөр “Монгол хүний өрсөлдөх чадвар” сэдэвт форумд оролцож эх орныхоо хөгжлийн гарцыг хэрхэн тодорхойлох вэ? зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан залуустаа дахин баяр хүргэхийн ялдамд эрдэм мэдлэгийн далай нь үргэлж ундарч байх болтугай хэмээн Голомт банкны ах эгч нараас нь хүсэн ерөөж байна!