ХААН Банк ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын батламжийг Монголд анх удаа хүлээн авлаа
Монгол улсын хамгийн өргөн сүлжээ бүхий ХААН Банк хамтран ажиллагч албан байгууллага болон харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдал, үйл ажиллагааны цогц байдлыг найдвартай хангах үүднээс Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог /МАБУТ/ амжилттай нэвтрүүлж, ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын батламжийг Монголд анх удаа хүлээн авлаа.
ХААН Банк 100% онлайн сүлжээгээр санхүүгийн иж бүрэн үйлчилгээг харилцагчиддаа хүргэхдээ Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийг өргөнөөр ашигладаг. Тиймээс МАБУТ-г нэвтрүүлэх төслийг 2013 оны эхнээс эхлүүлэн төв банкин дээр хийгдэж буй бүхий л үйл ажиллагаа болон мэдээллийн хөрөнгийг хамааруулсан болно.
ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын шаардлагын дагуу МАБУТ-г бий болгосноор мэдээлэл болон мэдээллийн хөрөнгийг гадаад, дотоод, санаатай болон санамсаргүй үйлдэгдэх бүх төрлийн аюул заналаас хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын будлиан үүссэн үед түүнээс гарах үр дагаврыг бууруулах болон түүнээс урьдчилан сэргийлэх замаар бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах давуу талтай.
Энэхүү стандартын шаардлагыг хангасан эсэхийг Олон улсын итгэмжлэлийн байгууллага болох IRQS-аас ХААН Банкны Төв банкны үйл ажиллагаанд аудит хийж, тус стандартын шаардлагуудыг бүрэн хангасан байгууллага хэмээн дүгнэж, ISO/IEC27001:2013 олон улсын стандартын шинэ хувилбарыг Монгол улсад нэвтрүүлсэн анхны байгууллага хэмээн батламж олголоо.