“Конкацу” Японд хэрэгтэй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

“Конкацу” Японд хэрэгтэй гэнэ

Японы хүн ам хөгширч байгаа нь засгийн газрынх нь хувьд асуудал болоод байгаа ч тэдний санааг зовоосон хүн амын цор ганц асуудал биш юм. Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлснээс хойш Японд гэрлэлтийн төвшин буураад байна. Хэдийгээр энэ цоо шинэ зүйл биш хэдий ч үүнийг өөрчлөхөөр зарим хүн оролдож байна. “Паразит синглүүд” буюу тусдаа амьдрах чадвартай хэдий ч оронд нь гэртээ байж, эцэг эхээрээ тэжээлгэж, тэднээсээ зүүгдэж буюу хамт амьдарч байгаа ганц бие хүмүүсийн тоо сүүлийн үед Японд олон болоод байгаа юм.

Үүнийг өөрчилж, тэднийг гэрлүүлэхийн тулд “конкацу” буюу гэрлүүлэхийн тулд танилцуулах гэсэн үйл ажиллагаа орчин үеийн Японд хэрэгтэй гэсэн хандлага газар авч байна. Чуо Их  сургуулийн Социологийн тэнхимийн профессор Масахиро Ямада “конкацу бол хүн амын дунд байгаа ганц бие хүмүүсийг хооронд нь холбогдуулж, гэрлүүлэхэд чиглэсэн компанит үйл ажиллагаа” гэж ярьж байна.

Энэ нэр томъёог зохиосон тэрбээр орчин үед ганц бие хүмүүс улам бүр гэрлэх дургүй хандлагатай болж байна. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн биш байгаа нь Япон эрчүүдийг өөр дээрээ нэмэлт санхүүгийн ачаалал үүрэхийг хүсэхгүй, зөвхөн өөрийгөө л болгож байхыг хүсэхэд хүргэж байна. “Эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүн нь санхүүгийн хариуцлагаа үүрэх ёстой гэсэн хүчтэй хандлага байдаг. Харин Япон эрэгтэйчүүд хариуцлага гэж ямар байх ёстойг сайн мэддэг тул нэмэлт хариуцлага үүрэхийг хүсэхгүй байна” гэж тэрээр Зүүн Өмнөд Азийн Орнуудын холбооны (АСЕАН) сэтгүүлчдийг Чуо Их Сургуулиар зочлох үеэр ярьсан.

1975 онд 30-34 настай эрчүүдийн дунд гэрлээгүй эрчүүдийн тоо 14.3 хувь байсан бол 2005 онд энэ хэмжээ 47.1 болж өссөн байна. Харин 30-34 насны эмэгтэйчүүд дунд гэрлээгүй эмэгтэйчүүдийн тоо 1975 онд 7.7 хувь байсан бол 2005 онд 32 хувь болж нэмэгдсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Японы нийгэм “конкацу” гэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний гол санаа нь эмэгтэйчүүдийг “Үнсгэлжингийн сэтгэлгээнээс”, харин эрчүүдийг “чи-битгий ажил хий, би ганцаараа хийнэ” гэсэн сэтгэхүйгээс салгах хэрэгтэй. Эмэгтэйчүүд гэрлэсэн ч ажил хийж болно гэсэн хандлагатай болох хэрэгтэй гэж тэрээр ярьж байна.

“Японы гэрлээгүй эмэгтэйчүүдийн олонх нь нэг л өдөр өндөр орлоготой залуу өөртэй нь таарч тэднийг шүүрч авах болно гэж бодоод зүгээр л хүлээгээд байдаг. Япон бүсгүйчүүдийн хувьд өндөр орлого гэдэг нь жилд 6 саяас дээш иений орлого байдаг” гэж Ямада профессор ярьсан. Түүнчлэн зарим эмэгтэйчүүд албан тушаал хөөхийн тулд гэрлэх бодолгүй байдаг. Гэсэн ч нэг хэвийн ажлаас залхсан эмэгтэйчүүд гэрлэлтийг амьдралдаа хийх том зорилго гэж үздэг гэнэ. Мөн ирээдүйн нөхөр нь орлого багатай байх нь гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилсон эмэгтэйчүүд гэрлэх гэж яарахгүй байгаа бололтой. 1997 оны санхүүгийн хямралын үеэр Япончууд гэрлэлтийг түр хойш нь тавьж байсныг статистик нь харуулдаг гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж